Ерөнхийлөгч “Боловсрол эхэнд нь” хуралдаанд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Боловсрол эхэнд нь” хуралдаанд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Боловсролын асуудлаарх дэлхийн санаачилгын “Боловсрол эхэнд нь” хуралдаанд оролцлоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцож буй улс орнуудын төр засгийн тэргүүн нарын хамтаар “Боловсрол эхэнд нь” уриан дор өрнөж буй боловсролыг дэмжих НҮБ-н өнөөдөр хуралдаанд оролцлоо.

Тус хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ “Бидний хамтын зорилго бол маш тодорхой. Бид хүүхэд залуусыг сургуульд суралцан илүү сайн боловсрол эзэмшиж амьдралаа гэрэл гэгээлэг болгоход нь туслах ёстой” хэмээгээд “Боловсрол эхэнд нь” хөтөлбөрийн хүрээнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай байгааг хэлэв.
 
Тэрээр Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд хийгдэх тус төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд 2015 он гэхэд шаардагдах хөрөнгийг босгосон байхаар зорьж буйгаа илэрхийлжээ. Австрали, Бангладеш, Өмнөд Африк, Дани зэрэг улс дээрх төслийг дэмжиж байгаагаа хамгийн түрүүнд мэдэгдсэн байна. Мөн төслийг улс орнуудын Засгийн газрууд дэмжихээс гадна олон улсын хэмжээний бизнесийн байгууллагууд санхүүжүүлэхээ мэдэгдэж эхлээд байгаа юм.
 
Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хүүхэд бүрт сургуульд суралцах бололцоог бүрдүүлэх, сургалтын чанар, орчныг сайжруулах хийгээд дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх гэсэн гурван зорилтыг дэвшүүлж буй аж.
 
Хуралдааныг Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Элиассон, Мьянмарын парламентын гишүүн Дав Аун Сан Сүй Куй нар даргалсан бөгөөд НҮБ-ын боловсрол хариуцсан тусгай элчээр томилогдсон Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун болон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова нар үг хэлсэн юм.
Дэлхий дахинд 61 сая хүүхэд сургууль завсардаад буйн 42 хувь нь хямрал нүүрэлсэн ядуу буурай орнуудынх. Мөн сургуулийн насны 250 сая хүүхэд уншиж бичиж чадахгүй байгаан дээр бичиг үсэгт тайлагдаагүй 775 сая насанд хүрэгчдийн 500 сая орчим нь эмэгтэйчүүд гэнэ. Дээрх бэрхшээлүүдийг 2015 он гэхэд шийдвэрлэхийн тулд дэлхий нийтийн хэмжээнд 2 сая багш, сурган хүмүүжүүлэгч, 4 сая орчим шинэ анги танхим хэрэгтэйг НҮБ-аас тооцон гаргажээ. Судлаачдын тооцоогоор боловсролын нэг ам.долларын хөрөнгө оруулалт 10 ам.долларын эдийн засгийн өсөлт авчрах боловсролыг буй болгодог ажээ.
 
НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод багтсан боловсролыг дэмжих, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих дээрх санаачилгын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ хуралдааны үеэр илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж