
Гаалийн улсын байцаагч Н нь иргэн З, Б нарын хууль бусаар импортолсон таван тонн хар тугалганы ислийг гаалийн хяналт шалгалтад зохих журмын дагуу хамруулалгүй бусдын гуйлтаар хил нэвтрүүлсэн юм байна. Онцгой хортой химийн бодист тооцогддог хар тугалганы ислийг улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх иргэдээс бусдаар дамжуулан хээл хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт хангалтгүй байгаа нь дээрх гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн хэмээн Авлигатай тэмцэх газар үзсэн байна. Гаалийн улсын байцаагч нарын ёс зүйг дээшлүүлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулж, дахин ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй байхад анхаарч ажиллах тухай Мөрдөн байцаагчийн мэдэгдлийн мөрөөр Замын-Үүд дэх Гаалийн газраас тодорхой арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа Авлигатай тэмцэх газарт хариу албан бичиг ирүүлжээ. Тухайлбал, гадна талбай хариуцсан гаалийн улсын байцаагчийг өдөр бүр томилон, тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтад бүрэн хамрагдсан эсэхэд хяналт тавиулж, хяналтын хэсгийн ахлах байцаагч нь “113 бүртгэв” тэмдэг дээр хувийн тэмдгээ дарж, баталгаажуулдаг болжээ.