Төрийн бядыг шүүх харууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Төрийн бядыг шүүх харууллаа

“Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дөрвөн жилийн хорих ялыг хэвээр баталлаа”. Ийм шийдвэрийг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд болсон давж заалдах шатны шүүх хурлаас гаргав. Есдүгээр сарын 26-ны шөнийн 01.40 цагт дууссан шүүх хуралдаан нийслэлийн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хэвээр баталсан нь энэ.

МАХН-ын идэвхтэн, зүтгэлтнүүд даргынхаа буруугүй гэдгийг батлахаар жагсаал цуглаан үйлдэж, гарын үсэг цуглуулж, Монголын толгой хуульч, академич С.Нарангэрэл  “Даргад зохиомол хэргээр ял тулгасан” хэмээн мэдэгдэж, прокурорынх нь нэрээр “Сагсайдах” гэсэн нэр томъёог гаргаж, ном хэвлүүлж, теле нэвтрүүлэг хийсэн ч давж заалдах шатны шүүх ном журмаа барьж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Экс Ерөнхийлөгчийн талынхны хараагаад байсан Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Соёмбо-Эрдэнэ анхан шатны шүүх хуралдааныг сайн даргалсан гэдгийг дараагийн шатны шүүх харуулав.

УИХ-ын эрхэм гишүүн, байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ жагсагчдыг манлайлан  Сүхбаатар дүүргийн шүүхийг буруу шийдвэр гаргав хэмээн “булшилж”, эмгэнэлийн цэцэг өргөх гээд багшид барьдаг хүндэтгэлийн шар цэцэг цацаж орхисон нь ч нэмэр болсонгүй. Монгол Улс шударга шүүхтэй, засаглалтай шүү гэдгээ харуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх баталгаажуулав. Уг шийдвэр Монголын шүүх засаглалд өдрөөс өдөрт шинэчлэлийн гэгээ нэвтэрсээр байгаагийн гэрч боллоо.

Энэ удаа шүүлгэсэн этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан байгаа нь олны анхаарлыг ихэд татаж, басхүү шүүхийн шинэчлэлт хэр байгааг харуулах жишээ болсон гэж хэлж болно. Экс Ерөнхийлөгч ч, эгэл иргэн ч шүүхийн дэнсний өмнө ижил байх ёстой гэсэн хуулийн хуурай заалтыг МАХН-ын даргыг шүүх хурал амьдрал дээр буулгаж ирснээрээ Монголд ардчилсан шүүх засаглал төлөвшиж эхэлж байна гэсэн итгэл үнэмшлийг иргэдэд төрүүлэх сэжим болов.

Монголд өмнө нь өндөр тушаалын албаны хүнийг авлига авч хөрөнгө завшсан хэргээр ийнхүү яллаж байсан удаагүй. Албан тушаалтан идэж ууж болдог, гагцхүү цэвэр, бохир идэхээрээ л ялгардаг. Тэглээ гээд гэм зэм хүлээдэггүй гэсэн “теором” нийгэмд тогтчихоод байсныг экс Ерөнхийлөгчийг шүүх ажиллагаа “үргээж” өглөө. Шүүгдэгч нь МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байна уу, өндөр тушаалын өөр эрхэм байна уу гэдэг хамаагүй. Өндөрлөгт байснаараа дархлагдаж, тэр хэрээрээ идэж завшиж болдог, түүнийгээ албан тушаалын халдашгүй бүрэн эрх гэдгээр хаацайлаад өнгөрч болдог гэсэн Монголын нийгэмд хэвшиж тогтсон үзэгдэлд салхи оруулснаараа МАХН-ын дарга, түүний хамсаатнуудыг шүүх хурал  шүүхийн шинэтгэлийн практикт нээлт хийж өглөө.

Цаана нь хяналтын шатны шүүх бий. Түүнд МАХН-ынхан ихээхэн итгэл найдвар тавьж буй нь тодорхой. Тэндээс ч шударга шийдвэр гарвал Монголын шүүх засаглалд ардчиллын салхи нэвтэрчээ гэж хэлж болохоор байна. Гадаад орнуудад экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын гишүүдээ яллажээ гэсэн мэдээг бид олонтаа сонссон. Египетчүүд Ерөнхийлөгч асан Хосни Мубракийг дамнуурган дээр хэвтүүлэн авчирч ялын тогтоол уншихыг өрөвч монголчууд хараад элэг эмтэрч байсан. Жирийн иргэд дотор Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруугүй гэдэгт эцсээ хүртэл итгэхийг хүсэгчид зөндөө байгаа. Гэмтэй байсан ч гэмгүй байгаасай гэж эерүүлэн боддог нь хүн буруудаж цөхрөөд, хазайгаад ирэхээр өрөө өвтгөдөг монгол хүний төрөлхийн араншин.

Гэвч төр төмөр нүүртэй гэж айхавтар үг бий. Төрийн өмнө бурууг үйлдсэн хэнд ч хууль, шүүхийн зангаргыг харуулах ёстой гэсэн том агуулга үүний цаана оршиж буй. Энэ утгаар экс Ерөнхийлөгчийн анхан болоод давж заалдах шатны шүүхийн хурал болж өнгөрлөө. Шүүхийн шийдвэрийг номоор нь гаргаж төрийн бярыг харууллаа гэж хүлээж авах зам л үлдлээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж