Хятад эдийн засгийн хэсэгхэн хугацааны хямралд “бүдрэхгүй”

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгийн хэсэгхэн хугацааны хямралд “бүдрэхгүй”

Э.Оджаргал

Хятад нь дан ганц хөдөө аж ахуй дээр тогтсон эдийн засагтай хэтэрхий ядуу улс байсан цаг саяхан. Нэг хүнд ногдох орлого нь дэлхийн хамгийн ядуу буурай бүс нутаг болох Африк улсынхаас ч доогуур байв. Харин 1979 онд эдийн засгийн шинэ системд шилжсэнээр хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн хурдацтай хөгжилд хүрсэн, дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болж чадсан юм. 5000 жил төр улсыг байгуулсан Хятадын  төрийн хар хайрцагны бодлого зөв байсных хэмээн олон улсын шинжээч, мэргэжилтнүүд тодорхойлдог.

Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд тус улсын эдийн засаг 20 дахин нэмэгдэж, нэг хүнд ногдох ашиг орлого 5000 ам.долларт хүрсэн юм. Энэ үзүүлэлтээрээ дундаж хөгжилтэй орнуудын дээд түвшинд хүрч, өдгөө олон улсын худалдааны хамгийн том, нээлттэй  зах зээл болж хувирав. 1979 онд эдийн засаг дахь гадаад худалдааны оролцоо нь ердөө 9.5 хувьтай байсан бол өнөөдөр 70 хувьд хүрчээ.

БНХАУ-ын төрийн эрхэнд Мао Зэдун гарч, эдийн засгийн стратегийн гол бодлогуудыг тодорхойлсон байдаг. Тэрээр асар богино хугацаанд барууны орнуудын хөгжлийг гүйцэхийг хүсч байв. 1953 онд тодорхой төлөвлөгөө гаргасан нь 10 жилийн дараа Их Британи, 15 жилийн дараа АНУ-ыг хөгжлөөрөө гүйцэж түрүүлэх тухай байсан юм. Үүний тулд Хятад улс нэн түрүүнд өндөр технологийн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байлаа. 

Гэсэн ч гол бэрхшээл нь барууны орнуудын технологиудыг эзэмших гэхэд тэдгээр нь патентаар хамгаалагдсанд байв. Нэг бол их мөнгө төлж авна, аль эсвэл шинээр зохион бүтээх шаардлагатай тулгарсан юм. Шинэ бүтээн байгуулалт их мөнгө шаарддаг учир  ядуу орны хувьд ийм хөрөнгийг төсвөөс гаргах нь асар хүндрэлтэй байх нь тодорхой. Тиймээс их хөрөнгө зарцуулалгүйгээр олон хүн амынхаа хүч хөдөлмөрийг ашиглах болсон юм. Хүн ам нь ч Хятад улсын хамгийн том давуу тал болж чадсан билээ.

Эдийн засгийн үсрэнгүй өсөлтөд хүргэсэн бас нэг алхам нь хувийн бизнес эрхлэгчдэд хаалттай зарим салбарт нэвтрэх боломжийг төрөөс олгосон явдал байлаа. Зөв бодлогоор давуу талаа ашиглан богино хугацаанд хурдацтай хөгжилд хүрсэн бодит жишээ энэ.

Олон улсын санхүү тогтворгүй байгаа, магад эдийн засгийн хоёр дахь хямрал гэж зарим нь таамаглаж буй энэ цаг үед Хятадын эдийн засаг тийм ч таатай биш байна. Ийм эгзэгтэй үед БНХАУ-ын төрийн удирдлага солигдоно. Гадаад ертөнцөд коммунист дэглэмтэй орныг харуулахыг хичээж байгаа ч ардчилал, хөрөнгөтний нөлөө оролцоо илүүтэй ажиглагдах болж байгаа энэ улсын хамгийн баян хүн, тэрбумтан Лян Вэньгэнь Намын төв хорооны    бүрэлдэхүүнд орох тухай шуугианаар хувийн өмчтөнийг төрийн албанд ажиллуулах квотын маргаан дахин хүчтэй өрнөөд байна. Үүнээс өмнө “Haier” компанийн Ерөнхий захирал болон нефть химийн корпорацийн ерөнхийлөгч зэрэг томоохон худалдаачид төрийн өндөр албан тушаал хашиж байв.

Ямартай ч ирэх аравдугаар сард Бүх Хятадын коммунист намын 18 дугаар их хурлаар ирэх арван жилийн шинэ удирдагчаа сонгох учиртай. Хэдийгээр Засгийн газрын бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь солигдох ч их гүрний том бодлого алсын хараатай, урт хугацааных байх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, үндсэн бодлого төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу. Ху Жинтао төрийн эрх барьж буй сүүлийн энэ сард эдийн засгийн томоохон хөтөлбөрийг боловсруулан баталлаа. Дотоодын зах зээл, тэр дундаа дэд бүтцийн салбараа хөгжүүлснээр дэлхийн санхүүгийн өнөөгийн тогтворгүй байдлаас эдийн засгаа аварч   чадна гэж үзжээ.

Үүний тулд 157 тэрбум ам.долларын санхүүжилтийг Засгийн газраас хөтөлбөрт зориулан гаргахаар болж, дэд бүтцийн салбарын 60 төслийг Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос батлаад байна. Төслийн хүрээнд 2000 км   авто болон төмөр зам, метроны шугам, нисэх онгоцны буудал,  далайн боомт, агуулах болон цэвэрлэх байгууламжууд барихаар төлөвлөжээ. Үүнээс төмөр замын 25 төсөлд 127 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулагдана. Метроны шугамыг 2020 он хүртэл дөрөв дахин буюу 7000 км хүртэл сунгах аж. Эдгээр ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Евро бүсийн өрийн хямрал дэлхийн санхүүд хүчтэй нөлөөлөх болсноос хойш жил гаруйн хугацаанд Хятад улс эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалахыг хичээж байлаа. Гэсэн ч энэ оны эхний хагаст тус улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай гарч, сүүлийн 13 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн юм. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох урд хөршийн гадаад худалдааны хамгийн том түншүүд Европ, Америкийн бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан нь Хятадын экспортын  зах зээлийн өсөлтийг хазаарлах болсон. Тиймээс тус улс нь дотоодын зах зээлдээ түлхүү анхаарч, экспортын урсгалаа Ази, Африк болон Латин Америкийн орнууд руу чиглүүлэхээр төлөвлөж байна. Хятад улс нь эдгээр орнуудтай гадаад худалдааны харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлснээр дараагийн санхүүгийн хямралаас эдийн засгаа  аврах тухай 2008 оны хямралын үед боловсруулсан нөөц төлөвлөгөөг нь энэ.

Дэлхийн газрын ховор элементийн зах зээлийн 95 хувийг дангаар нийлүүлэх тус улс энэхүү эрдсийн бүтээгдэхүүнээ өөрсдийн давуу тал болгон ашиглаж, улс төр, эдийн засгийн бас нэгэн шинэ хүчирхэг хэрэгсэл болгоод буй. Хоёр жилийн өмнөөс газрын ховор элементийн экспортоо хумих шийдвэр гаргаж, өнгөрсөн оны сүүлчээр ховор элементийн экспортдоо квот тогтоосон юм. Тус улсын зүгээс үүнийгээ газрын ховор элемент боловсруулах үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх хор уршгаас хамгаалах бодлого хэмээн тайлбарладаг. Гэсэн ч сансар судлал, батлан хамгаалах зэрэг өндөр технологийн салбаруудаа эрчимтэй хөгжүүлэх болсонтой нь шууд холбоотой гэдгийг таахад тийм ч бэрх биш юм. Тун удахгүй газрын ховор элементийн зах зээл дэх өөрсдийн худалдааны дүрэм, үнийг тогтоох эрх бүхий олон улсын бирж байгуулахаар зэхэж буй. Энэ бүхнээс үзэхэд дэлхийн бөмбөрцөг, цаашлаад сансар огторгуйг “эзэгнэх” эрмэлзэлтэй энэ улс эдийн засгийн хэсэгхэн хугацааны хямралд “бүдрэхгүй” нь лавтай.

Хятадын мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар эдийн засгийн жилийн өсөлт нь 7-8 хувиас доош буурахгүйгээр 20 жил тогтвортой үргэлжлэх ажээ. Дэлхийн банкны зүгээс ч ийм таамаглалтай санал нэгдэж буй. Өнөөдөр Хятад дэлхийн эдийн засгийн механизмын цорын ганц хүчирхэг хөдөлгүүр хэвээр байна.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж