
Гэмтэлд гол гол тоглогчдоо алдаад байсан “СанАнтонио Сперс” өнөөдөр талбай дээрээ хүчирхэг “Бостон Селтикс”-ийг хүлээн авсан учраас дасгалжуулагч Попович бүхий л шилдгүүдээ талбайд гаргажээ. Бэртэл аваад байсан Тим Данкан, Ману Жинобили болон Антонио Макдайс, мөн өмнөх тоглолтыг өнжсөн Тони Паркер гээд бүх шилдгүүд нь ногоон өмсгөлтнүүдийн эсрэг талбайд гарч тоглосон. Гэвч Ражон Рондогийн 22 оноо, 14 оновчтой дамжуулалт, Пол Пийрсийн 21 оноо, “Сперс”-ийг талбай дээр 107:97 харьцаатай буулган авахад хангалттай байлаа. Ингэснээр NBA-ын хамгийн бага хожигдолтой “Сперс” тав дараалсан ялагдал хүлээлээ. Ингэснээр тэд бүсийн тэргүүн байраа “Лейкерс”-т алдах аюулд ороод байна. Одоо тэдний хоорондын зөрүү ердөө хоёрхон хожигдлоор хэмжигдэж байгаа юм. Өнөөдрийн тоглолтод “Сперс”-ийн бүрэлдэхүүнээс Паркер 23 оноо, Тим Данкан 20 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийсэн байна.
“Бостон” өөрсдийн төвийн тоглогч Жермейн О’Нилийг удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн баярыг хожлоор тэмдэглэж чадлаа. О’Нил талбайд 11 минут тоглож, таван оноо авчирсан. “Түүний эргэн ирэлт бидэнд их хэрэгтэй байлаа” гэж дасгалжуулагч Док Риверс тоглолтын дараа хэлжээ. Шилдэг зургаа дахь тоглогчийн шагналд нэр дэвшигч Глен Дэвис 16 оноогоор сэлгээний тоглогчдоо манлайлжээ. Ингэснээр Бүх оддын тоглолтоос хойш “Сперс” нийт есөн хожигдол хүлээгээд байна. “Бостон” энэ улиралд ямартай ч ийнхүү “Сперс”-ийг хоёр удаа буулгаж авснаар тэдэнд хожигдоогүй цорын ганц баг болон үлдэж чадлаа.
Score studio