Уул уурхайн корпорациудын цус ойртолт

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Уул уурхайн корпорациудын цус ойртолт

Өмнөх дугааруудад бид Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн БНСУ-ын компаниудыг танилцуулсан билээ. Стратегийн чухал ач холбогдол бүхий энэхүү ордод ОХУ, Бразиль, БНХАУ, Энэтхэг, Япон, Швейцарь зэрэг орны зарим компани хөрөнгө оруулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Энэ удаагийн дугаартаа дараах хоёр корпорацийн талаар танилцуулж байна.

БРАЗИЛИЙН “VALE” КОРПОРАЦИ

Өмнө нь төрийн өмчит “Vale Do Rio Doce” нэртэйгээр 1942 онд Бразильд үүсгэн байгуулагдаж байв. Харин 2007 оноос “Vale” нэртэй болсон. Дэлхийн төмрийн хүдэр экспортлогч томоохон компани. Төмрийн зах зээлд 18.5 хувийг нийлүүлдэг. Жаран найман жилийн турш АНУ дахь олборлолтын хамгийн том компаниар тодорсон төдийгүй 2008 онд хэмжээгээрээ дэлхийд хоёрт орсон байдаг. Бразилийн 14 муж, дэлхийн таван тивд үйл ажиллагаагаа явуулж байна. Хувьдаа есөн мянга гаруй км төмөр замтай, арван боомттой.

Тус компанийн эзэмшдэг ордуудын нийт нөөц нь 41.2 тэрбум тонн хэмээн үнэлэгддэг. Ордуудын 90 хувийг ил аргаар олборлох боломжтой гэж үздэг. Төмрийн хүдрээс гадна зэс, марганц, хөнгөн цагааны хүдэр олборлодог. Мөн Латин Америк дахь алтны хамгийн том үйлдвэрлэгчид тооцогддог байна. 2012 он гэхэд төмрийн хүдрийн үйлдвэрлэлээ 1.5 дахин өсгөж 450 сая тоннд хүргэх төлөвлөгөөтэй аж.

“Vale” корпораци бидний сайн мэдэх дэлхийн томоохон корпорациудтай хамтран ажилладаг. Тухайлбал, “Рио-Тинто” корпорацитай тэгш хувийн зарчмаар хамтарсан “Mineracao Corumbeanse Reunida” үйлдвэрийг байгуулж Бразиль, Боливийн хилийн зааг дээр оршдог Урукун хэмээх ордыг эзэмшдэг байв. Гэхдээ “Рио-Тинто” өнгөрсөн жил дээрх ордынхоо эзэмшлийн хувийг “Vale”-д 750 сая ам.доллараар зарсан байдаг. Түүнчлэн “Vale” Японы хэд, хэдэн корпорацитай хамтран Бразилийн Минас Жерайс мужид орших Капанема хэмээх төмрийн уурхайд олборлолт явуулдаг. Эдгээр корпорацийн дотор “Itochu” корпораци бий. Японы “Itochu” корпораци бас манай Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн буй. “Vale” корпораци мөн Өмнөд Солонгосын “РОSСО” корпорацитай хамтарсан “Kobrasco” хэмээх компанитай. Түүнчлэн “BHP Billiton” корпорацитай тэгш хувийн зарчмаар “Samarco” хэмээх компани эзмшдэг.
Энэ сарын эхээр “BHP Billiton”, “Рио-Тинто” болон “Vale” корпорациуд хуйвалдан төмрийн үнийг өсгөсөн тул БНХАУ-ын ган болон төмөр үйлдвэрлэгчдийн холбооноос  дээрх гурван компаниудаас түүхий эд худалдан авахыг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ хориг хоёр сарын хугацаанд үйлчлэх аж. Үнийн хуйвалдаанд мөн БНСУ-ын “POSCO” корпораци оролцсон гэх ч бий.

ШВЕЙЦАРИЙН “XSTRATA PLC” КОРПОРАЦИ

Уул, уурхайн олборлолтын корпораци. Энэхүү корпорацийн 22 хувийг “Credit Suisse Europe” хэмээх хөрөнгө оруулалтын банк, 14 хувийг нь “Glencore International” хэмээх компани эзэмшдэг байна. Корпорацийн гүйцэтгэх захирлаар Мик Дэйвис ажилладаг. “Xstrata” цайр, зэс үйлдвэрлэж Австрали, Аргентин, Колумби, Герман, Перу, ӨАБНУ, Испани, Их Британи зэрэг оронд нүүрс олборлодог. Мөн алт, мөнгөний ордуудад боловсруулалт явуулдаг. Түүнчлэн Канадын “Falconbridge” хэмээх уул, уурхайн олборлолтын компанийн 19.8 хувийг эзэмшдэг гэх мэдээлэл бий. Хоёр жилийн өмнө “Бразилийн “Vale” корпораци “Xstrata”-ийн хувьцааг худалдан авах гэж байна” хэмээн шуугисан ч энэ нь цуурхал байв. Гэхдээ уг цуурхалын ачаар Лондонгийн бирж дээр “Xstrata”-ийн хувьцааны үнэ эрс өссөн юм. Сүүлийн үеийн мэдээллээр “Xstrata” Перу улс дахь “Las Bambas” болон “Antapaccay” төслүүдэд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн аж. “Las Bambas” төсөлд 4.2 тэрбум ам.доллар, харин “Antapaccay” төсөлд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж буй талаар мэдээлж байна. Перугийн зэсийн энэ хоёр орд дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.
Тус корпорацийн зүгээс зэсийн үйлдвэрлэлээ өсгөх зорилгоор долоон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй аж. Учир нь 2012 он гэхэд Ази тивд зэсийн эрэлт 6-10, Хятадад ойролцоогоор арван хувиар өснө хэмээн тооцоолж буй.
Энэ мэтчилэн дэлхийн томоохон корпорациуд аль орных гэдгээсээ хамааралгүй бие, биетэйгээ хамтарч ажилладаг. Үүнийг уул, уурхай дахь цус ойртолт гэж нэрлэж ч болох. Тиймээс аливаа орны ашигт малтмалын томоохон ордод нэг нь л лиценз эсвэл эзэмших эрх авсан байхад бусад нь хүссэн ч хүсээгүй ч дагаж орж ирэх жамтай.

Б.Уянга.

“Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж