
Их аварга Хакухо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сард ёкозуна цолд хүрснээс хойш ийнхүү таван жил гаруй хугацааны дараа сумогийн дэвжээнээ ёкозуна цолтон төрж байгаа юм. Харумафүжи Д.Бямбадорж есдүгээр сарын аки башёд 15-0 гэсэн амжилтаар түрүүлснээр ёкозуна цолны болзол хангасан билээ. Тэрбээр ийнхүү арлын орны сумо бөхийн түүхэнд гадны сумоч дээд цолд хүрч буй тав дахь тохиолын эзэн болж буй. Гэхдээ тэдний гурав нь монгол, тэр тусмаа сүүлийн гурван аварга Монгол нутгаас төрсөн нь бидний бас нэгэн бахархал болж байна. Өмнө нь Хавай арлын сумоч Акебоно, Самаогийн Мусашимару тэгээд Монголын их аваргууд болох Асашёорюү, Хакухо нарын ёкозуна нар сумогийн түүхийг баяжуулж байлаа.