Ургац алдсаны улмаас үр тариа хангалтгүй нөөцөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Ургац алдсаны улмаас үр тариа хангалтгүй нөөцөлжээ

Эх оронд маань хаврын улирал айлчлан ирж, газар тариалангийн ажил эхлэх цаг хэдийнэ болжээ. Манай улсад газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болоод хувийн компаниуд үр тариагаа тавдугаар сарын эхэн үеэр хөрсөнд суулгадаг билээ. Харин одоо үүнээс өмнөх бэлтгэл ажлыг хийж байгаа юм. Холбогдох албаны хүмүүсээс хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг тодрууллаа.

Монгол Улс хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг бусад улс орноос импортолдог. Сүүлийн жилүүдээс л зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болсон. Үүний нэг нь улаанбуудай юм. Энэ онд “Улсын хэмжээнд нийт 276 мянга 505 га талбайд буудай,  13 мянга 956 га-д төмс, 7457 га-д хүнсний ногоо, 12 мянга 660 га-д малын тэжээлийн ургамал тарихаар төлөвлөсөн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээлэв. Ямартай ч үр тариа тарих талбай хийгээд түүнээс хураан авах ургацыг өмнөх оныхоос нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 276.4 мянган га-д уринш бэлтгэсэн бөгөөд энэ талбайд нийт 45 гаруй мянган тонн үр тариалах шаардлагатай юм байна. Газар тариалангийн аж ахуй эрхэлдэг аймаг, аж ахуйн нэгжүүдээс авсан судалгаагаар тэдэнд шаардлагатай үр, тарианаас  36.8 мянган тонн нь л бий. Газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагаанд байгалийн давагдашгүй хүчин зүйл ямагт нөлөөлж байдгийн нэг жишээ нь энэ. Учир нь өнгөрсөн оны ургац хураалтын үеэр тохиосон гэнэтийн хүйтрэл, бороо, цаснаас болж үр тариа хангалттай нөөцөлж авах боломжоо алджээ. Үр тариаг талбайд тариалахын өмнө стандартад тэнцүүлэх зорилгоор цэвэрлэгээ, ангилан ялгалт хийдэг. Тиймээс энэ тоо тодорхой хувиар буурах магадлал ч бий. Гэхдээ үр тариа их хэмжээгээр дутна гэж санаа зовох хэрэггүй бололтой.  Аж ахуйн нэгжүүдийн нөөцөлж чадаагүйг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн нөөцөнд байгаа 8.6 мянган тонн үр тариагаар нөхөх гэнэ.  Мэдээж тус сангаас шаардлагатай үр тариаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой үнээр нь өгнө. Ингэхдээ ургац алдсан компаниудад 30 хувийн урьдчилгаатайгаар үр тариа худалдахаар төлөвлөжээ. Ургац алдсан компаниуд байгаагийн зэрэгцээ уринш бэлтгэсэн талбайдаа тариалалт хийж чадаагүй нь ч байгаа аж. Тэдгээр газруудад ч гэсэн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”- аас хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа олгоно хэмээн тус сангийн мэргэжилтнүүд хэллээ. Албаны хүмүүс шаардлагатай буюу 45 мянган тонн үр тариаг тариалалт эхлэхээс өмнө бүгдийг бэлэн болгоно гэж баттай хэлж чадахгүй байлаа.

Хаврын тариалалт, ургац хураалтын үеэр үр тарианы нөөцөөс хамгийн чухал зүйл нь техник, технологи, шатахууныг асуудлыг  хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал юм. Засгийн газраас “Атар-3” аяныг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд техникийн асуудлаа тодорхой хэмжээгээр шийдсэн. Гэхдээ одоо техникийн хүрэлцээ төдийлөн хангалттай бус байгаа гэдгийг энд онцолъё. Энэ онд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас аж ахуйн нэгжүүдэд үрлүүр, сийрүүлүүр, үр цэвэрлэх машин зэргийг мөн л хөнгөлөлттэй нөхцөлөөр өгөх юм байна. Засгийн газраас жижиг, дунд  үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байгаатай холбоотойгоор өрхийн аж ахуйд зориулсан бага оврын техник хэрэгслийг ч гэсэн өгөхөөр төлөвлөжээ. Харин шатахууны асуудлыг шийдэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ямар нэгэн төлөвлөсөн зүйл байхгүй гэнэ. Ямартай ч аж ахуйн нэгж байгууллагуудад тус яамныхан “Шатахуун импортолдог компаниудтай гэрээ хий. Ургац хураалтаас олсон орлогоороо тухайн компанийн орлогыг нь нөхөн бүрдүүл” гэсэн зөвлөгөө өгөхөөр төлөвлөж буй бололтой. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өсч  байгаа. Манай улсын шатахууны хэрэгцээг хангадаг ОХУ-ын “Роснефть”-ээс энэ сард үнийг тодорхой хэмжээгээр нэмэх санал ирүүлсэн. Улмаар Манай Засгийн газраас шатахууны гаалийн онцгой албан татварын хэмжээг бууруулах замаар арга хэмжээ авсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас шатахууны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгааг өгч чадахгүй байгаа. Дашрамд дурьдахад, энэ сарын 9-нд Дархан-Уул аймагт “Тариаланчдын нэгдсэн зөвлөлгөөн” болох юм. Энэ үеэр тариалалтын үеэр мөрдөх зөвлөмжийг 500 гаруй аж ахуйн нэгжид  тараах аж.

Манай улсын ургацын дийлэнх хэсгийг тариалдаг Сэлэнгэ аймаг энэ жил 140 гаруй мянган га талбайд тариалалт хийх юм байна. Улмаар 193 мянган тонн улаанбуудай, 45 мянга гаруй тонн төмс, 30 мянган тонн хүнсний ногоо, 4500 тонн малын тэжээл хураан авахаар төлөвлөж байгаа аж. Булган аймгийн хэмжээнд энэ онд 43 мянга гаруй га-д тариалалт хийх  бөгөөд 42 мянган тонн улаан буудай, 10 мянган тонн төмс, 3960 тонн хүнсний ногоо хураан авахаар тооцоолж байна хэмээн мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Бодлого, зохицуулалтын албаны дарга Ж.Хүдэрбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын бэлтгэл ажил хэр урагштай  байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд энэ онд 831 трактор, 930 гаруй үрлэх техникийг хаврын тариалалтад ашиглана. Техник, технологийн бэлтгэл хангах ажил одоогийн байдлаар сумд, аж ахуйн нэгжүүдэд 40-60 хувьтай байна. Нийт талбайд 22 мянган тонн үр тариална гэсэн судалгааг хийсэн. Одоогийн байдлаар үүнээс 196 мянга 20 тонн нь л байгаа. Үлдсэн найман мянга гаруй тонн үр тариаг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-аас авна хэмээн тооцоолж байгаа.

-“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д ердөө 8600 тонн үр тарианы нөөц байгаа гэсэн. Бүгдийг нь Сэлэнгэ аймагт өгөх боломжгүй байх?

-Ер нь бол бид үүнээс илүү хэмжээний үр дутах байх гэж тооцоолж байгаа. Учир нь үрийг цэвэрлэх явцад тодорхой хэмжээгээр багасна. Аймгийн зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дотор үр тариа нөөцөлсөн газар байгаа. Тиймээс  2000-3000 мянган тонныг нь  аймаг дотроосоо бүрдүүлэх боломжтой.

-Шатахууныхаа асуудлыг шийдсэн үү?

-Хаврын тариалтын үеэр нийт 3780 тонн дизель түлш зарцуулна гэсэн тооцоо бий. Газрын тосны хэрэг эрхлэх газарт тооцоо, судалгаа хийж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр холбогдох газраас зээлээр шатахуун авах боломжийг хайж байна.

Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат:

-Манай аймаг газар тариалангийн бүс нутагт хамаардаг. Тиймээс бэлтгэл ажлыг зөв бөгөөд харьцангуй сайн хийдэг туршлагатай. Энэ онд нийт 50 гаруй мянган га талбайд уринш бэлтгэсэн. Энэ талбайдаа үр тариагаа суулгана. Бидний тооцоолж буйгаар үүнээс илүү талбайд тариалалт хийх бололтой. Саяхан  хойд талын 14 суманд тариалалтын бэлтгэл ажил ямар байгаатай танилцаж, заавар, зөвлөгөө өгөөд ирлээ. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд газар тариалангийн техник, технологийг боломжийн хэмжээнд шинэчилсэн. Шалгалт хийсэн сумдад ч ялгаагүй.  Үр, тариаг ч гэсэн төлөвлөсөн хэмжээнд бэлтгэсэн байгаа. Газар тариалангийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ гурилын үйлдвэр зэрэг бусад газруудыг ч гэсэн дэмжих нь чухал байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж