Хятад, Оросын сонирхол АНУ-ыг ”Унагаах” уу

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын сонирхол АНУ-ыг ”Унагаах” уу

Орос, Хятад хоёр бол их гүрэн. Энэ ч утгаараа, тэдэнд адил төстэй асуудал олон бий. Чечень, Тайванийн тусгаар тогтнол, Иран, Ирак дахь ашиг сонирхол, Төв Ази дахь АНУ-ын нөлөөг бууруулах гэсэн хүсэл гээд алийг тоочиж барах вэ. Түүнчлэн хөрш зэргэлдээ орнууд гэдэг утгаараа хилийн маргаан ч гардаг. Тэр ч бүү хэл, Оросын хүн ам багатай зүүн, өмнөд нутаг руу цагаачлан ирж амьдарч байгаа хятад иргэдийн тоо хэрхэн богино хугацаанд өсч, энэ бүс нутгийн эдийн засаг бүхэлдээ өмнөд хөршөөсөө хамааралтай болж байгааг олон улсын шинжээчид онцлох болж. Статусын хувьд ОХУ-д харъяалагдаж байгаа ч бодит байдал дээр Хятадын мэдэлд орсон энэ хэсэг газар нь Кремлийн удир­дагчдад нэгийг бодох ёстойг сануулж байна хэмээн шинжээчид шан­таажилна.

Тэртээх 1950-аад онд Мао Зэ Дун, Сталин нар гар барьж, коммунизмд үндэслэн хоёр гүрний нэгдсэн ашиг сонирхлыг хамгаалахын төлөө дуугарч байсан нь бий. Гэвч энэ оролдлого бүтэмжтэй болоогүй гэдгийг түүх харуулдаг. ЗХУ задран унасан 1990-ээд оны эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Борис Ельцин Гадаад хэргийн сайдаа дагуулаад Бээжинг зорьж байв. Гэвч мөн л амжилт олсонгүй. Харин Нью-Йоркийн ихэр хоёр цамхаг террорист халдлагад өртсөний дараа америкчууд орос ах нартай түншлэх болж. В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байх хугацаандаа энэ үйл явдалд нэлээд ач холбогдол өгч, үүгээр дамжуулан хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьсон юм. Түүний энэ санаа эхэндээ үнэхээр бүтэмжтэй болж байв. Үүнээс хамаарч Орос, Хятад хоёрын бодлого огтлолцох эсэх нь тодорхойгүй болсон. Гэвч Афганистаны нөхцөл байдал тогтворгүй болж, төв Азийн орнууд, тэр дундаа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Гүрж, Украйн, Киргизэд болсон өнгө, өнгийн хувьсгалуудыг АНУ-ын эрх баригчид санхүүжүүлсэн нь оросуудын дургүйг хүргэжээ. Тэд эх газрын баялаг, геополитикийн ашигтай байрлал бүхий улс орнуудыг Америкид зүгээр нэг бэлэглэхийг хүсээгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ үеэс Оросын ашиг сонирхол зүүн Ази, тэр дундаа Хятад руу хэлбийжээ. Тэд АНУ-ын эсрэг тоглох тоглоомондоо Хятадыг өөрсдийн хөзөр болгон ашиглах боллоо. Энэ үеэс хоёр орны харилцаанд ахиц гарч эхэлжээ. Хэдийгээр орос, хятад иргэдтэй холбоотой асуудалд эрх баригчид нь зөрчилддөг боловч энэ нь эдийн засгийн асар том сонирхол, АНУ-ын дээр гарах гэсэн хамтын хүслийн дэргэд бол өчүүхэн зүйл юм.

Энэ удаад оросуудын хувьд Хятадыг сонгож байгаа нь мөн л шалтгаантай. Сүүлийн жилүүдэд АНУ, Европын орнууд коммунист засаглалтай энэ улсын талаарх хандлагаа өөрчилж, олон улсын эдийн засгийн харилцаан дахь чухал тоглогч гэж үзэх болсон. Хятадын Засгийн газар санхүүгийн хямралын жилүүдэд юаниа ам.доллараас уяж, экспортлогчдынхоо өрсөлдөх чадварыг сайжруулсан. Өөрөөр хэлбэл, барууны орнууд, цаашлаад Америкийн зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах болсон. Чухам үүний ачаар Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч, эдийн засгийн хүчирхэг тогтолцоог бий болгосон юм. Дэлхийн бэлэн мөнгө, алтны ихэнх хувийг өөр дээрээ төвлөрүүлсэн Хятад улс одоо нэг газраас хэт хамааралтай байхаас залхаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шинэ зах зээл хайх боллоо. Энэ тохиолдолд, хөрш зэргэлдээ Орос гүрэн тэдний хувьд сайхан боломж мөн. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев улс орныхоо эдийн засгийг шинэчлэхээр томоохон кампанит ажил өрнүүлж байгаа. Австрали, Норвеги хоёр улс мөн л Оростой адил замналаар явж, Д.Медведевийн дүрсэлж байгаа шиг тийм шинэчлэлийг хийж чадсан юм. Гэхдээ тэдгээр орны хувьд ОХУ-аас ялгаатай зүйлс олон. Тухайлбал, жинхэнэ утгаараа ардчилсан тогтолцоотой, хөрөнгийн зах зээлийн арвин туршлагатай гэх мэт. Харин Орос бол бизнесийн таатай орчин бүрэлдээгүй, харьцангуй хаалттай улс. Чухам энэ үед Кремлийн эрх баригчдад Хятадын зах зээл, хөрөнгө оруулагчид томоохон боломж олгож байгаа юм. Өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий Хятад улс одоо инфляци, үнийн хөөрөгдлийг бууруулж, эдийн засгийн хөөс үүсэхээс сэргийлэхийн тулд дотоод эрэлтээ нэмэгдүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Хятадын 1.3 тэрбум хүн өдөр тутмын хэрэглээгээ өсгөнө гэсэн үг. Энэ нь газар зүйн байрлалын хувьд зэрэгцэн оршдог Орос улсад ашигтай болжээ.

Түүхий эдийн эрэлтээр дэлхийд тэргүүлж буй Хятад, түүхий эдийн асар их нөөцтэй Орос улс. Энд хоёр гүрний ашиг, сонирхол мөн л давхцаж байна. Хятадын Засгийн газар хаана түүхий эдийн нөөц байна, тэнд хөрөнгө оруулах сонирхолтой. Өөрөөр хэлбэл, Африк, Ойрхи Дорнод, Канад-Австрали, Төв Азийн орнууд гэх зэрэг баялагтай бүх газарт Хятадын гар хэдийнэ хүрчихээд байгаа. Дэлхийд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Оросын хувьд зүүн Сибир, Алс Дорнод нь эдийн засгийн гол тулгуур бүс нутаг болж байна. Ерөнхийдөө түүхий эдийн салбар дахь оросуудын сонирхол маш энгийн. Тэд олон улсын эрчим хүчний системийг Оросоос бүрэн хамааралтай болгож, Европын зах зээлээс хэт хараат байгаагаа арилгаж, Ази, Номхон далай, тэр дундаа Хятад, Өмнөд Солонгостой урт хугацаанд харилцахыг илүүд үзэж байна.

Европ, Хойд Америкийн үйлдвэр­жилтийн загварыг хуулбарласан боловч тэдний хөгжлөөс 25-35 жилээр хоцрон алхаж байгаа Хятадын хувьд ойрын хугацаанд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохыг хичээж эхэлсэн. Өмнө нь 2009 онд Хятадад 3.1 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж байсан бол энэ нь богино хугацаанд хурдацтай өсч байгаа. Үүнтэй зэрэгцээд газрын тосны эрэлт нь нэмэгджээ. Ирэх 2020 он гэхэд Хятад улс 560-600 сая тонн газрын тос хэрэглэж, 380-420 сая тонныг импортолно гэх тооцоо бий. Түүнчлэн байгалийн хийн эрэлт ч өссөн юм. Тиймээс хоёр орон харилцан ашигтай гэрээ байгуулах замаар Алтайн байгалийн хийн хоолойг байгуулж эхэлжээ. Зүүн Сибириэс Хятадын томоохон хотууд хүртэлх урт замд түүхий эд тээвэрлэх ажлыг хөнгөвчлөх ажил ид өрнөж байна. Үүгээр далимдуулж, төв Ази дахь АНУ-ын нөлөөг арилгаж, өөрсдийн өндөрлөгийг бий болгох давхар санаа ч бий. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Дэлхийн хүчний тэнцвэрийг өөрсөд рүүгээ эргүүлэхийг зорьж байгаа Хятад, Оросын хамтын ажиллагаа магадгүй АНУ-ын “хаалга” хүртэл үргэлжлэх биз.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж