“Тираннозавр” Монголд ирэх нь эргэлзээтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Тираннозавр” Монголд ирэх нь эргэлзээтэй байна

Нэг сая гаруй ам.долларын үнэтэй Тираннозавр батаарын олдворыг авахын тулд Монголын талын албаны хүмүүс, эртний олдворын худалдаачин, палентеологичид, эрдэмтэд болон Холбооны шүүхийн төлөөлөгчид өнгөрсөн тавдугаар сараас хойш тэмцэлдэж байгаа билээ. Гэвч 70 сая жилийн тэртээ амьдарч байсан энэ аварга үлэг гүрвэлийн гарал үүсэлтэй холбоотой маргаан улам ээдрээтэй болж байна. Тираннозавр батаарын араг ясыг өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркийн “Heritage Auctions”-д дуудлагаар худалдаалахад 75 хувь нь бүтнээрээ олдсон ховор олдвор гэж “рекламдаж” байсан. Гэвч энэ есдүгээр сарын эхээр болсон шүүх хурал дээр олдворыг буцааж авахыг хүсч буй эртний олдворын худалдаачны өмгөөлөгч Тираннозавр батаарын араг ясны 50 хувь нь нэг үлэг гүрвэлийнх бөгөөд үлдсэн хэсгийг өөр хэд хэдэн үлэг гүрвэлийн олдворуудаар орлуулсан хэмээн мэдэгдсэн нь хэргийг улам ээдрээтэй болгож орхисон юм. Гэвч олдворыг АНУ-ын хилээр оруулж ирсэн худалдаачин Эрик Прокопи гэгч бусад үлэг гүрвэлүүдийн араг ясыг хаанаас гаралтайг хэлэхээс татгалзсан тухай Smithsonian.com сайтад мэдээлсэн байна.

Олон улсын палентеологич эрдэмтэд Тираннозавр батаар шиг аварга үлэг гүрвэлийн араг яс зөвхөн Монголын говиос олдож байсныг баталдаг. Эрдэмтэд, палентеологичдын хамтарсан шинжилгээ, судалгаагаар Тираннозавр батаарын араг ясны өнгө, хадгалагдаж үлдсэн байдал зэрэг нь Монголоос өмнө олдсон үлэг гүрвэлүүдийнхтэй яг таарч байсан. Гэвч Монголын говиос гаралтай гэх аварга үлэг гүрвэлийн араг яс нэг биш, хэд хэдэн үлэг гүрвэлийн яснаас бүрдсэн бол Монголын Засгийн газар олдворыг эх оронд нь буцаах тухай нэхэмжлэлээ авч чадахгүйд хүрэх аж. Учир нь худалдаачин Эрик Прокопи гэгч үнэ хүрэх араг яс бүтээхийн тулд ямар гээч “Франкенштейний цуглуулга” хийснийг хэн ч таамаглаж чадахгүй байна.

Палентеологич эрдэмтэд Тираннозавр батаарын араг ясыг Монголын говиос гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаа ч АНУ-ын Холбооны шүүгч Кевин Кастел олдворыг Монголоос өөр газраас ч авчирсан байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Гэвч өмгөөлөгчдөд олдворыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотлох хангалттай баримт байхгүй нь хэргийг улам ээдрээтэй болгож байгаа юм. Энэ хэргийн дараагийн шатны шүүх хурал ирэх арванхоёрдугаар сард болох юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж