
Олон улсын палентеологич эрдэмтэд Тираннозавр батаар шиг аварга үлэг гүрвэлийн араг яс зөвхөн Монголын говиос олдож байсныг баталдаг. Эрдэмтэд, палентеологичдын хамтарсан шинжилгээ, судалгаагаар Тираннозавр батаарын араг ясны өнгө, хадгалагдаж үлдсэн байдал зэрэг нь Монголоос өмнө олдсон үлэг гүрвэлүүдийнхтэй яг таарч байсан. Гэвч Монголын говиос гаралтай гэх аварга үлэг гүрвэлийн араг яс нэг биш, хэд хэдэн үлэг гүрвэлийн яснаас бүрдсэн бол Монголын Засгийн газар олдворыг эх оронд нь буцаах тухай нэхэмжлэлээ авч чадахгүйд хүрэх аж. Учир нь худалдаачин Эрик Прокопи гэгч үнэ хүрэх араг яс бүтээхийн тулд ямар гээч “Франкенштейний цуглуулга” хийснийг хэн ч таамаглаж чадахгүй байна.
Палентеологич эрдэмтэд Тираннозавр батаарын араг ясыг Монголын говиос гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаа ч АНУ-ын Холбооны шүүгч Кевин Кастел олдворыг Монголоос өөр газраас ч авчирсан байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Гэвч өмгөөлөгчдөд олдворыг Монголын хилээр хууль бусаар гаргасныг нотлох хангалттай баримт байхгүй нь хэргийг улам ээдрээтэй болгож байгаа юм. Энэ хэргийн дараагийн шатны шүүх хурал ирэх арванхоёрдугаар сард болох юм байна.