Улаанбаатар хотын хамгийн их хүн ам төвлөрсөн ройан гэж хэлж болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жуковын автобусны буудлын ойр орчмын замын хашлагыг хуулж хаяад хэдэн сарын нүүр үзэж байгаа нь тэр хавиар явдаг иргэдэд хүнд тусч байгаа. Дээрх автобусны буудлаас бараг Офицер орох замын турш хашлагыг ухан авчихаад түүнийгээ зам дагуулан овоолоод орхижээ. Дайнд нэрвэгдэж, хар салхи боссоны дараах адил замбараагүй байх нь үнэн залхмаар. Явган хүний зам дээр хуулсан хавтан, сэндийчсэн хөрс шороо овоолоостой байх нь хүн бүү хэл машин явахад хүндрэлтэй. Үүнийхээ хажуугаар бас шинээр хашлага хийх гэж буй бололтой том чулуунуудыг зам дагуу зүгээр л эгнүүүлэн өрөөд орхижээ. Өвөл хаяанд ирчихсэн, хэзээ мөдгүй цасаар шуурах гэж байхад замын ажлын явц ийнхүү салан задгай байна. Энэ байдлаа хэзээ цэгцэлж дуусгах вэ гэдгийг Нийслэлийн авто замын газраас тодруулахад “Эхлээд замынхаа ажлыг дуусгана, дараагаар нь хашлагаа хийнэ” гэх ухааны бүдэг бадаг мэдээлэл өгч байх юм. Харин тэр хавиар явж буй иргэд “Замаа засч, хашлагаа шинэчилж байгаа нь зөв ч гэлээ явган хүний зам дээр хог хаягдлаа овоолоод байх юм. Шаардлагатай болоод л засдаг биз” гэж эвлэрэх нэгэн байхад “Жил бүр ингэж байгаа нь арай дэндүү юм. Тэгтлээ муудаж сүйд болсон юм байхгүй байхад л засаад байдаг” гэж аргаа барж байна билээ.
Энэ үгийг Баянзүрх дүүргийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Содонбаатар хэлсэн. Иргэдийг зутрааж байгаа зам засварын ажил, түүнээс улбаатай хашлагын “асуудлын” ажлаа хэзээ дуусгахыг асуухад “Хашлага гэж юу яриад байгаа юм, Муудсан юм чинь засаад л явна” гэж ундуйцсан. Түүний арай ядан хэлсэн хэдэн үгээр бол тус дүүрэг жил бүр зам засах төлөвлөгөөгөө Авто замын газарт хүргүүлдэг аж. Замын хашлагын асуудал зам тавьж байгаа газарт хамаатай. Хашлагад зориулсан мөнгө гэж байхгүй замын өртгөнд нь хамтдаа явдаг тухай тэр арайхийн хэдэн үг хэллээ. Зам засах тендерийг Авто замын газар зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулдаг гэнэ лээ. Замын хашлага гэж юу болохыг “мэдэхгүй” дарга байхад зам засварын ажил яахан хурдан дуусах билээ. Учир иймээс иргэд маань нэг хэсэгтээ л энхэл донхол замаар замын хашлага гэх чулуунууд дундуур таваргах болж дээ. Замын ажлыг дорвитойхон донгодож хийлгээд, бас дээр нь хяналт тавьж ажиллахыг холбогдох газрууд анхааралдаа авна биз ээ.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин