Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Тэнэмэл хүн

Монголд пивоны нэртэй нэг л хамт­лаг байдаг. Мэдээж тэр нь “Шар айраг” хамтлаг. Байгуулагдаад олон жилийг үдэж буй хамтлагийн ах­лагч нь Г.Ганхүү. “Хан брой” ХХК-ийн захирал, “Шар  айраг” хамтлагийн ахлагч, Иргэ­ний зориг-Ногоон намын Ерөнхий на­рийн бичгийн дарга, уулын спор­тын мастер гээд энэ хүнд олон цол гун­шин бий. Орчин үед түүн шиг гун­шинтай хүн олон биш байх. Нэг сонсоход үүргэвчээ үүрээд хилийн чинадаар аялчихсан явж байдаг, Нэг бол ууланд авирч, заримдаа хөтлөгч хий­чихсэн зогсдог энэ хүн яахын аргагүй орчин үеийн “тэнэмэл” хүн. Гэхдээ буруу биш зөв “тэнэмэл” гэж хэлэх хэрэгтэй байх. 2008 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүр­гээс нэр дэвшээд ялагдал хү­лээсэн ч  түүнийг багаар үнэлж боломгүй. Учир нь эзэмшсэн боловсролын хувьд зарим нэг УИХ-ын гишүүдээс ч дээр гэдэг нь харагддаг. Олон улсаар аялж, их зүйлийг үзснийг нь харвал тэр яахын аргагүй Монголын Христофер Колумб. Гэхдээ манай хүн Х.Колумбаас нэг л зүйлээрээ дутуу. Тэр нь АНУ-руу хэзээ ч очих боломжгүй. Дээр үед хүнд тусалж байгаад АНУ явах эрхээ хаалгачихсан юм гэнэ лээ. Хэрэв Г.Ганхүү УИХ-ын гишүүн болчихвол АНУ-руу айлчлалд явах эрхгүй гэсэн үг. Монголд ховорхон байдаг BMW-Z4 унадаг, төрөл бүрийн хэлбэр дүрстэй бөгж цуглуулдаг. Англи хэлэнд ус цас түүнийг энд тэнд зохиогдож буй арга хэмжээнд хөтлөгчөөр урих явдал цөөнгүй. Тэрбээр Битлз хамтлагийг бодож, болгоож, дэмжиж явдаг. УИХ-ын гишүүд дотор ч Битлзийн фэн цөөнгүй. Тиймээс ирэх сонгуульд сайн лобби хийж чадвал Битлз судлаач гишүүдийн нэг болох магадлал байгаа ч юм билүү. Ямартай ч энэ удаад “Иргэний зориг шинэчлэгдэнэ” гэдэгт итгэл найдвар түүний томилгооноос үүдэж олон хүнд төрсөн байж болох юм.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж