Н.Энхбаяр нарын хэргийн зарим заалтыг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр нарын хэргийн зарим заалтыг өөрчилжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн шүүхэд 12 цагийн турш үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Нийслэлийн шүүхээс Н.Энхбаяр нарын гомдлын дагуу хэлэлцээд анхан шатны шүүхээс Н.Энхбаяр нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн бөгөөд анхан шатны шүүхийн зарим нэг заалтыг өөрчилсөн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн шүүхээс мэдээлэл хийж, нийтэд танилцуулсан юм.

Тодруулбал, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарын үйлдсэн гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон. Хэргийн талаарх  шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв ашигласан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үнэн зөв гарсан хэмээн шийдвэрлэжээ. Харин ТВ-9 телевизийн хууль бусаар олсон орлогыг улсын хөрөнгө болгоно гэж ерөнхийлөн заасныг 119 сая 534 мянга 302 төгрөгийг хураасугай гэж өөрчилсөн байна. Мөн “Өргөө” зочид буудлын асуудлаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял төлөвлөсөн боловч уг хуультай холбоотой НИТХ-ын  тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийг  хүчингүй болгоогүй нь буруу байна гэж үзэж, 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тогтоол, нийслэлийн Засаг даргын 2007 оны  арваннэгдүгээр сарын 7-ны  555 тоот захирамжийг  тус бүр хүчингүй болгохыг нэмж оруулсан аж.
Сануулахад, Н.Энхбаяр нарыг шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон.

 Тус шүүх хурлаас Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар  Н.Энхбаярыг төрийн албан тушаалаа урвуулан ашиглаж,  аж ахуйн нэгж байгууллагаас онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр нийт 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, дөрвөн жилийн хорих ял, До.Чулуунбаатарыг бусадтай бүлэглэн, аж ахуйн нэгжээс онц их хэмжээний хөрөнгө  завшсан хэргээр хоёр жилийн ял оноож, 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн. Мөн  Ж.Мягмаржаргалыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшсан мөн давтан үйлдлээр мөрийтэй тоглоом тоглосон нь нотлогдсон тул 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3.6 жилийн хорих ялаар тус тус шийтгэсэн. Харин Д.Дуламсүрэнг бусадтай бүлэглэн, онц их хэмжээний хөрөнгө завшсан хэргээр ял оногдуулсан ч 2009 оны Өршөөлийн тухай хуульд зааснаар түүнд оногдуулсан үндсэн болон нэмэлт ялыг  бүхэлд нь өршөөлд хамруулсан юм. Мөн Н.Энхбаяраас Иргэний хуульд зааснаар  54 сая төгрөгийг  гаргуулан Гандантэгчинлэн хийдэд олгох, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох ялыг хэвээр үлдээсэн. Харин  ТВ-9 телевизийн хууль бусаар олж авсан техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж