Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөжээ. Тус яам юуны түрүүнд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс иргэдийн өргөдөл гомдол хүлээн авах байрыг шинээр засч тохижуулсан байна. Ингэснээр иргэд ажлын өдрүүдэд тулгамдаж байгаа асуудлаараа мэргэжлийн хүнээс хууль зүйн зөвлөгөө авах бүрэн боломжтой болж байгаа юм. Мөн иргэдийн хүлээлгийн танхимыг шинэчлэн засч, тохижуулсан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг нэг асуудал бол зориулалтын зам байдаг. Харин Хууль зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Монгол Улсын төрийн байгууллагуудаас анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам засч, төрийн үйлчилгээг тэдэнд ойртуулах анхны алхмыг хийв. Мөн тус яамаар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан машины ил зогсоолыг ч бий болгожээ.
Б.МАРАЛ