Нэг хэсэг Засаг ноёд албан тушаалаа ашиглан улсын хөрөнгө мөнгийг үрсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонсон, хорих анги руу ачигдаж байсан бол зарим нэг нь УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн албан тушаалаа ахиулж, одтой яваагаа харуулсан нь ч бий. Тэдний нэг нь Завхан аймгийн Засаг дарга асан Я.Санжмятав юм. Хэдийгээр УИХ-ын 2008 оны сонгуульд Завханд нэр дэвшиж, өвдөг шороодсон ч орон нутгийн сонгуульд даагаа нэхсэн нь дөрвөн жилийн дараа эргэн УИХ-ын гишүүн болгосон төдийгүй Хөдөлмөрийн сайдын албыг давхар хашуулах гишгүүр нь болжээ. Түүнийг УИХ-ын гишүүн болонгуут хуучин албыг нь Завхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Дэмчигсүрэн залгуулж байсан ч төд удалгүй аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, Ерөнхий сайдад нэрийг нь уламжилснаар ёсчлогджээ. Ч.Дэмчигсүрэн нь Ардчилсан намын гишүүн бөгөөд өнгөрсөн хугацаанд Я.Санжмятав гишүүнтэй гар нийлэн ажиллаж чадсан нь хэн, хэнийгээ албан тушаал ахихад дэм болжээ. Үүнд 2008 оны орон нутгийн сонгуулийн ялалт ч нөлөөлсөн байна. Учир нь 2008 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам цөөн аймагт ялалт байгуулж, өөрсдийн хүнээ Засаг даргаар томилуулсны нэг нь Завхан. Эл сонгуулийн дүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх хэсэг Ардчилсан намаас бүрдэж чаджээ. Ирэх арваннэгдүгээр сард болох орон нутгийн сонгуулиар дөрвөн жилийн өмнөх ялалтаа баталгаажуулж чадвал Ч.Дэмчигсүрэн дөрвөн сараар тогтохгүй дөрвөн жил аймгаа удирдах эрх олж авах юм. Дашрамд сануулахад, энэхүү мэдээлэл Завхан аймгийн Засаг даргын албыг хэн хашиж байгаа бол оо гэх асуултад хариулт өгч байгаа болов уу гэж найдъя.
Засаг даргын сэнтийгээ УИХ-ын гишүүнийхээр сольсон хоёр дахь эрхэм бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. МАН-ын нүд чих болсон улстөрчид тооцогддог тэрбээр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын албыг давхар хашиж байна. Хэдийгээр УИХ дахь МАН-ын гишүүд бүлэггүй “цохиж яваа” ч цөөнхийн бүлэг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад хүнээ нэр дэвшүүлж, томилдог хууль зүйн хүрээнд энэ алба түүнд ногдсон. Харин түүний хуучин албыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч асан С.Бүрэнбат залгуулах болжээ. Сэлэнгэ аймгийн уугуул тэрбээр 2009 оны нэгдүгээр сараас эхлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчоор томилогдож байсан ч Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдан, нэрийг нь аймгийн Засаг даргад нэр дэвшүүлснээр Ерөнхий сайд батламжлан, шууд Засаг дарга болжээ. Түүнийг мөн л орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөх хүчтэй өрсөлдөгчийн нэгээр нэрлэж байна. Сануулахад, өмнөх Засаг дарга нь УИХ-ын гишүүн болсон ч Сэлэнгэ аймаг удирдлагагүй болоогүйг энэхүү томилгоо харуулах биз.
УИХ-ын 2012 оны сонгуульд намынхаа гишүүдийн итгэлийг өвөрлөн нэрээ дэвшүүлсэн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй унасан аймгийн Засаг дарга нар цөөнгүй бий. Тэдний нэг нь Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг юм. “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбатын хамтаар аймагтаа нэр дэвшсэн ч Ардчилсан намаас өрсөлдсөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Б.Болор нарт “бут цохиулсан”-аар тэрбээр аймгийнхаа Засаг даргаар үлдэв. Түүнийг тойрогтоо унахад нөлөөлсөн гол хар PR нь улсын өмч хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа гэх ташаа мэдээлэл болсон гэх нь бий. Аймгийн Засаг дарга нар дуу дуугаа аван Авлигатай тэмцэх газарт шалгуулж, зарим нэг нь шүүхээс ял сонсоод байсан үед ийм мэдээлэл цацагдсан нь олон нийтийн хувьд эргэлзээ төрүүлсэн нь лавтай. Гэхдээ тэр УИХ-ын сонгуульд годройтсон ч орон нутгийн сонгуульд өрсөлдөх сураг байна. Ё.Баатарбилэг өдгөө Архангай аймгийн Засаг даргын албыг үргэлжлүүлэн хашиж байна.
Ховд аймгийн Засаг дарга П.Нямдаваа МАН-ын буянаар олон жил ажилтай, орлоготой яваа нэгэн. Намынхан нь түүнд энэ удаагийн УИХ-ын сонгуулиар итгэл хүлээлгэн Ховдод нэр дэвших тийз өгсөн ч сонгогчид түүнд бус “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхийлөгч, МҮАН-ын гишүүн Д.Батцогтод итгэл хүлээлгэсэн юм. Уг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамтаар тус тойрогт өрсөлдсөн. Хэдийгээр тэрбээр УИХ-ын сонгуульд ялагдсан ч аймгийн Засаг даргын албаа хашсан хэвээр л байна.
УИХ-ын сонгуулийн буухиа эхлээгүй шахам байхад л сонгуульд өрсөлдөх нэр нь дуулдаж байсан эрхэм бол Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбат. Таван тэрбум төгрөгийн өртөгтэй цэнгэлдэх хүрээлэнг аймагтаа бариулсан нь шоронгийн хаалга татахад хүргэсэн юм. Шалтгааныг нь тоочвол хоёр тэрбум төгрөгөөр цэнгэлдэх хүрээлэн бариулж болох байсан ч таван тэрбум төгрөг зарцуулсан нь гурван тэрбум төгрөгийг хувьдаа завшчихсан юм биш үү гэх хар сэрийг төрүүлж, улмаар Баянзүрх дүүргийн шүүхээс хэргийг шалгаад, түүнд 2.6 жилийн хорих ял сонсгосон юм. Гэхдээ Д.Оюунбат дарга давж заалдан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн хэрэгсэхгүй болгосноор ялаас мултарсан. Гэхдээ энэ дуулианы улмаас тэрбээр УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй болж хоцорсон юм. Харин Орхон аймгийн Засаг даргын албыг одоо Д.Дэлгэрбаяр залгуулж байна. Түүнийг тус аймгийн Засаг даргаар томилуулах хүсэлтийг аймгийн ИТХ-аас гаргаж, Ерөнхий сайд асан С.Батболдод уламжилснаар улсын төсвийн голыг бүрдүүлдэг Орхон аймгийн Засаг даргаар батламжлагдсан юм. Орхон аймгийн Засаг дарга томилогдохоос өмнө олон хүний нэр яригдаж байсны дотор “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, мөн тус үйлдвэрийн Хөгжил эрхэлсэн захирал Ц.Бат-Энх нарын нэр байсан ч аймгийн ИТХ-аас гаргасан хүсэлтийг Ерөнхий сайд хүндэтгэн, дээрх шийдвэрийг гаргасан нь “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг хөдөлгөхгүй гэх зарчимтай нь нийцсэнийх болов уу. Харин Орхон аймгийн шинэ Засаг ноён Д.Дэлгэрбаяр орон нутгийн сонгуульд өрсөлдөх үү гэдэг одоогоор нууц байна.