
Засгийн газар нэгэнт байгуулагдсан тул гэрээг үзэглэхэд ердөө нэг хоёр сар үлдсэн бөгөөд хэлэлцээ эцсийн шатандаа орсон гэж “Ньюком” группийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан ярьсан байна. Улаанбаатар хотын иргэдийн эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг нийлүүлэх хүчин чадалтай цахилгаан станцыг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.
Монгол Улс байгалийн асар их баялгийнхаа ачаар эдийн засаг нь хамгийн хурдацтай өссөн орон болсон ч дэд бүтэц нь эдийн засгийн өсөлтөөс хол хаягдсан билээ. Шинэ цахилгаан станц барьснаар Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний доголдол арилж, ОХУ-аас импортолдог эрчим хүчний нийлүүлэлтийг бууруулах аж. Японы “Sojitz”, БНСУ-ын “Posco Energy”, Францын “GDF Suez” зэрэг компанийн хамтарсан консорциум төсөлд нийт 30 хувийн хөрөнгө оруулах бол “Ньюком” групп 10 хувийн хөрөнгө оруулах юм байна.
10 тэрбум ам.долларын эдийн засагтай, далайд гарцгүй Монгол Улсад сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт үерлэх болсноор эдийн засаг нь огцом өссөн юм. Гэвч хөрөнгө оруулалтын дийлэнх хувь уул уурхайн салбарт ноогдож байгаа юм.