
Н.Алтанхуягт С.Баярыг байтугай намаа аврах хүч байхгүй. Түүнд нэр ч үгүй, сүр ч үгүй “Ардчилсан нам” гэсэн хаягтай оромж л бий. Цагтаа ардчиллаар гоёж, баруун төвийн үзэл баримтлалтайгаараа бардамнаж явсан Ардчилсан намын цайз нурж, балгас л үлдсэн. Тиймээс одоо Ардчилсан намыг байранд нь аваачдаг цаг. Н.Алтанхуягийн “өндөг” хагардаг үе. Түүнээс нь тус намынхныг эв нэгдэлд уриалж, сөрөг хүчнийх нь сүр хүчийг сэргээх салхич шувууны дэгдээхий гараасай. Гишүүд нь “Ардчилсан нам үхчихсэн шүү дээ” гэж толгой гудайдаг биш, “Ардчилсан нам бол сөрөг хүчний хамгийн хүчтэй дуу хоолой” хэмээн ам бардам хэлэх мөч улам ойртоосой.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяраас сахил хүртэж, дагаар орсноос хойш гурван жилийг ардаа орхив. Гэвч энэ нь сульдаж хоцорсон Ардчилсан намынханд өвлийн шөнө адил урт хугацаа байв. Тэд даарч байна. Даарсандаа бухимдацгааж, эе эвдрэлцэх болжээ. Харин бусдын халуун “хөнжил”-д шургасан Н.Алтанхуяг үүнийг мэдрэхгүй байна. Өөрийн биш, бусдын хүчээр олж авсан эрх мэдэлдээ тэр мансуурчээ. Чухам ийм л учраас Монголын улс төрийн хамгийн том сөрөг хүчин байх учиртай Ардчилсан намынхан түүнийг даган нойрсч байна.
Ардчилсан нам бол хамтарч, хаширч, хөөгдөж ч үзсэн нам. Басхүү “өндөг”-өө хагалуулж явсан улс төрийн хүчин. УИХ-ын 2004 оны сонгуулийн дараахан “Эх орон-Ардчилал эвсэл” МАХН-тай хамтран их эвслийн Засгийн газар байгуулж байв. Түүнийг нь тус намын лидер Ц.Элбэгдорж тэргүүлэв. Харин албан тушаал, эрх мэдлийн сургаар хүний, өөрийнхнийг ялгалгүй хоолойг нь бооход бэлэн байдаг зарим гишүүн нь МАХН-ынхантай хүч хавсран Ц.Элбэгдоржийн алган дахь “өндөг”-ийг хагалж байсан удаатай.
Хэрэв Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчин хэвээр байсан бол улс төрийн ямар тоглолт хийж чадах байв. МАХН Ардын нам болж, Н.Энхбаяр тэдний дайсан болсон энэ цагт Ардчилсан нам сөрөг хүчин байсан бол жинхэнэ nice байх байлаа. Гэвч тэгсэнгүй. Тиймээс Ардчилсан намынхан төдийгүй ард олон Н.Алтанхуягийн “өндөг” хагарч, түүн дотроос нь адтай “дэгдээхий” гарч ирэхийг хүлээж сууна.
Нийгэмд нэг иймэрхүү адгуу хүлээлт хэдийнэ үүсчээ. Ардчилсан намынхан ардчилсан Ерөнхийлөгчийнхөө хэрэгжүүлж эхэлсэн шүүхийн шинэтгэл, авлигатай тэмцэх алхамд нэгдэхийг харах гэж хүмүүс тийнхүү яарч байна. Ардчилсан нам Ардчилсан нам шиг байж, сөрөг хүчин шиг сөрөг хүчин байсан сан бол Ардын намынхан болон Н.Энхбаяр, С.Баяр нарын амыг асуух байлаа. Тэд эхний ээлжинд Н.Энхбаярыг буланд шахах байв. Түүнээс “2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн будилаанаас үүдэлтэй үймээн болсон” гэж та мэдэгдлээ. Энхбаяр та МАХН-ын даргаар ажиллаж байхдаа намаа ямагт ялуулдаг байсан. Үүний ид шид нь юунд оршиж байв. Та “С.Баяр надад шахалт үзүүлсээр байгаад тэр өдөр онц байдал зарлуулсан” гэлээ. Тэгвэл онц байдал зарлах эрх та хоёрын хэнд нь байсан болж таарав. Монгол Улсын Ерөнхийлөгчид үү, аль эсвэл Ерөнхий сайдад уу” гэж асуух байлаа. Тэр ч атугай журмын анд С.Зоригийн амийг егүүтгэсэн гэмтнийг Ерөнхийлөгч байхдаа илрүүлэх сонирхолгүй байсных нь учрыг авлигын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгдсэнийх нь шалтгаантай хамт асуух нүүртэй явах байв. Бас С.Баярыг “байцаана”. Н.Энхбаяртай “нүүрэлдүүлнэ”. Харин дараа нь Ардын намыг барьц алдуулж болох л байсан. Эрх баригч хүчнийг сульдааж болдгийн жишээг яруу тод харуулах байлаа. Гэвч Н.Алтанхуягийн алган дахь “өндөг” тэднийг ийм алхам хийхэд тээр болж байна. Тиймээс тэр “өндөг” хурдан хагараасай. “Өндөг” хагарчихсан байхад Ардчилсан нам Н.Алтанхуяг гэдэг даргатай байсан ч яалаа, үгүй ч яалаа. Тэдэнд сөрөг хүчний имиж, улс төрийн сүр хүч нь л чухал. Энэ л нам хэмээгч буйран дээр оршин тогтносных нь утга учир.
Гэвч “өндөг” хагарахгүй бол яах вэ. С.Баяр тэргүүтэй Ардын намынхан хамтарсан Засгийн газрыг байгуулсан гэрээгээрээ Ардчилсан намынхныг Н.Алтанхуягтай нь хамт ховсдсоор байх уу. Аль эсвэл Ардчилсан намынхан тэрхүү “өндөг”-ийг хүчээр хагалах уу. Ер нь хэн ч хагалсан яах вэ. Ардчилсан намын амин сүнсийг зайлуулж бүрэлдчихээд хагарахгүй байгаа тэр “өндөг”-ийг хүний, өөрийн гараар хагалах цаг болсон. Учир нь Ардчилсан намд амь орох хугацаа тун бага үлдлээ. Н.Алтанхуяг тэргүүтэй сүнс нь зайлсан сөрөг хүчнийхэн Ардын намынхны өмнө “гөлөг” болж дуусах нь. “Өндөг” хагарахгүй удах тусам Ардын намд төлөх өр нь улам нэмэгдэнэ. С.Баярын барьц ч бүр лавширна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин