“Шинэчлэлээс айхаа больсон хүмүүс”

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

“Шинэчлэлээс айхаа больсон хүмүүс”

Олон зуун жилийн түүхтэй ОХУ-ын Москвагийн Их сургуулийн сэтгүүл зүйн факультетийг дүүргэн сэтгүүлчийн диплом өвөртлөн, Монголын сэтгүүл зүйн салбарын хаалгыг бэргэн бэргэн татан орсоноос хойш 23 дахь намраа үдэх гэж байна. Энэ 23 жилийн сүүлийн найман жил нь өдөр тутмын “Ардын эрх” сонинтой холбоотой.

“Ардын эрх” хэмээх сүрлэг нэртэй, түүхэн намтартай сонины Хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллан өдөр тутмын сонины гал тогоонд чанагдах хувь 2004 оны намар тохиосон юм. 2004 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр туршилтын дугаараа №001 гэж огноолон гаргаснаас хойш өнөөдөр “Ардын эрх” сонин 2000 дахь дугаараа уншигчдадаа өргөн барьж байна.

“Ардын эрх” сонин маань тун чиг сонин намтар түүхтэй. Анхны дугаар нь 1924 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр гарсан бөгөөд нийтдээ 50 дугаар гарсан байдаг. Анхны эрхлэгчээр нь Ц.Дамбадорж хэмээх зохиолч ажиллаж, редакцид нь С.Буяннэмэх, Жамсрангийн Цэвээн нарын Монголын соёлын нэрт төлөөлөгчид ажиллаж байжээ. Найман нүүрээр гардаг байсан сонины хоёр нүүрийг уншигчдын захидал, санаа бодолд зориулдаг байсан нь “Ардын эрх” нэрэндээ тохирсон ардчилсан, чөлөөт хэвлэлийн бодлого байлаа. Тавин дугаар гарсны дараа буюу 1924 оны гуравдугаар сард “Ардын эрх” сониныг татан буулгаж, МАХН-ын “Үнэн” сонин болгон өөрчилсөн юм.

Монголын ардчилсан хувьсгалын эхний жил буюу 1990 онд намын бус төрийн хэвлэлийг үүсгэн байгуулах шийдвэр гарч “Ардын эрх” сонин “Төрийн” гэсэн тодотголтойгоор хэвлэгдэж эхэлсэн. 1990 оны долдугаар сарын 1-нээс дахин гарч эхэлсэн “Ардын эрх” сонины эрхлэгч нь Монголын хэвлэлийн ноён оргилуудын нэг Б.Лигдэн байлаа. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин нь Монголын ардчилсан төр төлөвших, ардчиллын үйл явцыг монголчуудын амьдралын хэв маяг болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж, 100.000 хувь хэвлэгдэж байсныг дурдахад таатай байна. Монголын ардчиллын үйл явц гүнзгийрэх хэрээр ардчиллын үндсэн зарчмуудын нэг хэвлэл мэдээллийг төрөөс хараат бус болгох нь нийгмийн шаардлага байсан бөгөөд энэ дагуу 1998 онд УИХ Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг баталлаа. Энэ хуулиар хэвлэл мэдээллийг төрөөс санхүүжүүлэхийг хориглосны дагуу “Ардын эрх” сонины үйл ажиллагаа 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд хаагдсан билээ. УИХ-ын энэхүү хуулийг дагалдан гарсан тогтоолын дагуу “Ардын эрх” сонины нэрийг таван жил хэрэглэхийг хориглосон. Ийнхүү “Ардын эрх” сонин түүхэндээ хоёр дахь удаагаа татан буугдсан.

Харин 2004 оны арванхоёрдугаар сарын 1-нээс эдүгээ хүртэл 2000 дугаараар уншигчтайгаа уулзаж буй өнөөгийн “Ардын эрх” сонин маань “Төрийн биш түмний хэвлэл” гэсэн тодотголтойгоор гарч эхэлсэн юм. Тэгвэл 2013 оны нэгдүгээр сараас дахин шинэчлэгдэн, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц цоо шинэ мэдээллийн хэрэгслийг уншигчдадаа барихаар бэлтгэл ажилдаа ороод байна.

Найман жилийн хугацаанд бид юу хийж чадав?

Юун түрүүн өнгөрсөн найман жилийн хугацаанд “Ардын эрх”-ийн сэтгүүлч, уран бүтээлчид бид сэтгүүл зүйн салбарын тэргүүн эгнээнд явж, мэдээллийн технологийн шинэ зууны хөгжлийг Монголын хөрсөндөө буулгаж чаджээ. Энэ бол манай сэтгүүлчдийн өөрсдийн оюун ухаанаар бүтээн бий болгож, брэнд болж чадсан www.news.mn сайт юм. 2007 оны арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдсэн www.news.mn сайт бол цэвэр монгол брэнд юм. “Ардын эрх”-ийн сэтгүүлчид маань сонин, сайтыг зэрэг бүтээж, дэлхийд байхгүй “тэргүүн туршлага” хийсэн бөгөөд энэ зам маань тийм амар шулуун байгаагүй ч бид хамтын хүчээр зөв шийдлийг олж чадсан. Тиймээс ч манай редакцийнхан маань өөрсдийгөө “шинэчлэлээс айхаа больсон хүмүүс” гэж нэрлэдэг юм.    

Бас нэг бахархан хэлж чадах зүйл маань худалдагдсан, бохирдсон гэж амтай болгон хэлэх болсон Монголын сэтгүүл зүйн салбарт ёс зүйдээ үнэнч үлдэж чадсан явдал. Энэ бол өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл редакцийн өрөөндөө бужигнаж, төрснөөс өөрцгүй ижил дасал болсон хэдэн сэтгүүлч, техникийн ажилтнуудын маань найман жилийн хөдөлмөрийн үр шим юм. Та нартаа баярлаж байгаагаа илэрхийлэн гүнээ хүндэтгэн мэхийе.

Бид цаашаа юу хийж чадах вэ?

Бид энэ асуултад аль хэдийнэ хариулсан. Энэ бол манай уран бүтээлчдийн удахгүй өргөн барих News Production юм. News Production бол News агентлагаас эрхлэн гаргах цоо шинэ уран бүтээл бөгөөд энэхүү бүтээл маань www.news.mn болон Eagle News TV-ийн дэлгэцээр олонд хүрэх юм. Өдөр тутмын “Ардын эрх” сонин, www.news.mn сайттай бид “хос морьтой” хэмээн ярьж байсан бид ирээдүйгээ харсан дараагийн алхмаа News Production-аар дамжуулан хийх юм.

Сүүлийн найман жилийн сэтгүүлчийн амьдралаа эргэн харахад ямагт урагш тэмүүлж, шинэчлэлээс айхгүй явж иржээ. Биднийг аз ивээх болтугай.

“Ардын эрх” сонин, www.news.mn сайтын Ерөнхий редактор Дангаасүрэнгийн НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж