Цахим үнэмлэхэд 10.1 тэрбум төгрөг төсөвлөсөн

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Цахим үнэмлэхэд 10.1 тэрбум төгрөг төсөвлөсөн

Л.Мөнхбаатар: Цахим үнэмлэх нэвтрүүлэхээр улсын төсөвт 10.1 тэрбум төгрөг төсөвлөсөн


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлч­лалын үеэр гадаадад амьдарч байгаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд хам­руулах ажлыг эхлүүллээ. Харин дотоодын иргэдийн шинэчилсэн бүртгэл хэдэн хувьтай байна вэ?

-Бид шинэчилсэн бүрт­гэлийн үйл ажиллагааг үнд­сэн хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эх­ний үе шатыг нийслэл, 21 аймагт зохион байгуулсан. Шинэчилсэн бүртгэлд одоо­гийн байдлаар насанд хүрсэн иргэдийн 95 хувь нь хамрагдаад байна. Үндсэндээ нэг сая 798 мянга 103 ир­гэн бүртгэлд хам­рагдсан. Иймээс бид дотоодод байгаа иргэдийн бүртгэл амжилттай боллоо гэж үзэж бай­гаа. Ха­рин хоёрдугаар шат буюу гадаадад амьдарч бай­гаа ир­гэдээ бүртгэх ажлыг эх­лүүллээ.

Энэ нь төр засаг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ анхаарал тавьж байгаагийн нэг илрэл гэж үзэж болох юм.

-Бүх улс оронд шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлсэн гэж ойлгож болох уу. Хилийн чинадад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байна?

-Монгол Улсын иргэн олноор амьдарч байгаа гэдэг утгаар нь БНСУ-д шинэчилсэн бүртгэлийн ажлыг эхлүүлсэн. Харин бусад улсад бүртгэлийн ажлыг эхлүүлэх хуваарийг Гадаад харилцааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг гаргах юм. Энэ сард багтаан бүгдийг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн хилийн чинадад нийт 134 мянган иргэн амьдарч байгаа гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. 

-Гадаадад амьдарч байгаа иргэдээ хэрхэн бүртгэж байгаа вэ. Хэрэв төрсний гэрчилгээ нь байхгүй тохиолдолд яаж бүртгэх юм бол?

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэл хэд, хэдэн онцлогтой. Бид хилийн чинадад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудаар дамжуулж ажиллана. Шинэчилсэн бүртгэлийг консулын ажилтан хөтлөх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн сурч, ажиллаж, амьдарч байгаа улсад бүртгэлээ хийнэ гэсэн үг. Эдгээр иргэдээ бүртгэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг шаардахгүй. Харин иргэдийн гадаад паспортыг үндэслэн бүртгэнэ. Гадаад паспорт иргэний үнэмлэхийг үндэс болгодог баримт шүү дээ. Тэгэхээр ингэж бүртгэсний дараа Монголд гадаад паспортын мэдээллийг нь төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн мэдээллийн сантай тулгаж, шалгана. Хуучин бүгдийг нь шалгасны дараа бүртгэдэг байсан бол гадаадад байгаа гэдэг утгаараа илүү онцлогтой, өөр байгаа юм.

-Хэрэв гадаад паспортгүй иргэд байвал яах вэ?

-Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар руу хүсэлтээ ирүүлэн цахим лавлагаа авна. Бид лавлагааг нь гаргаад иргэнд өөрт нь бус дипломат төлөөлөгчийн газарт өгсний дагуу төрсний гэрчилгээ, холбогдох баримт бичгийг үндэслэн шинэчилсэн бүртгэлд бүртгэх боломжийг бүрдүүлсэн.

 -Шинэчилсэн бүртгэлийг Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар дамжуулан хийх юм байна. Харин манай улсын дипломат төлөөлөгчийн, консулын газар байхгүй улсад амьдарч байгаа иргэдийг хэрхэн бүртгэх үү?

-Манай улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар нийт 40 улсад бий. Консулын газар байхгүй улсын тухайд улсын онцлог, тухайн улсад байгаа иргэдийн төвлөрлийг харгалзан мэдээллийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр явуулаар бүртгэхээр төлөвлөж байна.

-Тухайн улсдаа визний зөрчилтэй иргэдийг бүртгэлд хэрхэн хамруулах юм. Бүртгэлд хамрагдахдаа өгсөн мэдээллийг нь тухайн амьдарч байгаа улсад нь өгөхгүй гэсэн баталгаа бий юү?

-Эдгээр иргэдийн Монголд оршин суугаа хаягийг бүртгэнэ. Харин тухайн улсад оршин суугаа хаягийг нь нарийвчлан бүртгэхгүй. Зөвхөн оршин суугаа улс, хот, дүүргийг нь тэмдэглэх болно. Манай улсын иргэдийг бүртгэсэн мэдээлэл хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн нууцад хамаардаг. Тэгэхээр санаа зовох зүйлгүй иргэний бүртгэлдээ хамрагдаарай гэж хэлмээр байна.

-Гадаадад байгаа иргэдээ хэдий хэр хугацаанд бүртгэж дуусах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Энэ оны аравдугаар сард бүртгэж дуусахаар төлөвлөсөн.

-Иргэний шинэчилсэн бүрт­гэлдээ хамрагдана гэдэг маань нөгөө талаар эх орны хишиг, удахгүй олгох хувьцаагаа авах боломж бүрдэх давуу талууд бий болно гэсэн үг биз дээ?

-Бүртгэлд хамрагдсанаар баялгийн хуваарилалт, ашигт малтмал, уул уурхайн орлогоос хишиг, хувь хүртэх боломж бүрдэнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа иргэд бүртгэлдээ хамрагдвал Монголд өөрийн биеэр ирэхгүйгээр хувьцаагаа авах бүрэн боломжтой юм.

-Иргэний цахим үнэмлэхтэй болгох ажлыг эхлүүлэх гэж байгаа. Чухам ямар үнэмлэх байх юм бэ?

-Иргэний бүртгэлийн ажлын түүхийг харж байхад дунджаар 10 жилийн мөчлөгтэйгээр томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн байдаг. Тухайлбал, 1981 онд иргэддээ улаан паспорт олгосон, 1988 онд регистрийн дугаартай болсон, 1999 онд иргэний үнэмлэхийг шинэчилсэн, 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн гэх мэт. Бидний одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэх техник, технологийн шаардлага хангахгүй байгаа. Учир нь хэн дуртай нь гэртэй компьютер, принтер ашиглаад иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх боломжтой болчихсон. Тиймээс иргэний үнэмлэхийг олон улсын чиг хандлагад нийцсэн, хурууны хээ болон бусад мэдээллийг агуулсан, өндөр нууцлал бүхий цахим иргэний үнэмлэхээр солих шаардлагатай болоод байна.

-Цахим үнэмлэхт иргэдийн ямар мэдээлэл багтах вэ?

-Яг ямар мэдээлэл багтах юм, нууцлал нь ямар байх вэ гэдгийг бусад улсын туршлага, олон улсын нийтлэг чиг хандлагыг судалсны дараа гаргана. Урьдчилсан байдлаар ургийн овог, эцгийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, хурууны хээ зэргийг оруулна гэж тооцож байна. Эдгээр мэдээлэл цахим үнэмлэх дээр бичигдээд зогсохгүй ижил мэдээллийг цахим хэлбэрээр хадгалах чиптэй байх юм. Мөн бусад шаардлагатай мэдээлэл буюу цэргийн бүртгэл, ял эдэлж байсан эсэх, татвар, даатгал, халамж гээд олон мэдээллийг цахим хэлбэрээр оруулж болно. 
 
-Чипийн багтаамж нь хэр байх юм бол?

-Улс орнуудын жишгээс харахад дунджаар 16-72 кв хэмжээтэй байдаг юм билээ. Хэдий хэмжээний мэдээлэл агуулах вэ гэдгээс хамаарч хэмжээгээ тогтооно.

-Хэмжээгээрээ одоогийн ир­гэний үнэмлэхтэй төстэй байх уу. Эдэлгээ даах “чадвар” нь ямар байх вэ?

-Хэмжээ нь одоогийн үнэмлэхтэй төстэй байх юм. Цахим үнэмлэхийг поликарбонат материалаар хийдэг тул эдэлгээ урттай гэсэн үг. Олон улсын жишгээс үзэхэд энэ төрлийн материалаар хийсэн үнэмлэхийн баталгаат хугацаа нь 10 жил байдаг.

-Цахим үнэмлэхийг хэдэн улсад ашиглаж байна?

-Энэхүү системийг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн улс орон олон бий. Тухайлбал Герман, Бельги, Финланд, Португаль, Эстони, Хонконг, Хятад, Малайз зэрэг Ази, Европын олон орнууд цахим үнэмлэхийг хэрэглээндээ нэвтрүүлж байна. Харин эрүүл мэнд, нийтийн тээврийн ч гэдэг юм уу хязгаарлагдмал хүрээнд бол өндөр хөгжилтэй орнууд бүгд ашиглаж байгаа.

-Цахим үнэмлэхжүүлэх ажлыг хэдий хэр хугацаанд хийх вэ?

-Бид энэ ондоо багтаан иргэдэд олгож эхэлнэ. Бэлтгэл ажлаа хангахад зургаа, долоон сар болох байх. 

-Иргэний цахим үнэмлэхийн тухайд энэ ондоо багтаан хэрэгжүүлнэ гэлээ. Улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан бэ?

-Цахим үнэмлэхийг хэрэг­жүүлэхэд улсын төсөвт 10.1 тэрбум төгрөг төсөвлөсөн. Иргэний цахим үнэмлэхийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу энэ ажлаа зохион байгуулж байна.

 -Үнэмлэх солиход иргэдээс ямар нэгэн төлбөр авах уу?

-Иргэний үнэмлэх одоо яаж авдаг вэ түүнтэй ижил л байна байх. Гэхдээ одоохондоо тодорхойгүй байгаа. Учир нь ямар үнэт цаасаар хийх вэ, чип, нууцлал зэрэг нь ямар байх вэ гэдгээс хамаарах юм. Одоогоор судалгаа хийгээд ажиллаж байна. Судалгаа хийсний дараа л үнэ нь тодорхой болно.

-Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдахын тулд лавлагаа авах гэж урт дараалал үүсч байсан. Харин цахим үнэмлэх авахад иргэдэд чирэгдэл учрахгүй биз дээ?

-Цахим үнэмлэх олгох ажил эхлээд мэдээллээ цуглуулах ёстой байдаг. Үүний дараа хэвлээд хэрэглээнд гаргана. Өнгөрсөн жил мэдээллээ шинэчлээд, дижитал зураг болон хурууны хээг нь авчихсан. Тийм болохоор дараалал үүсгэж, иргэдийг бухимдуулах зүйл байхгүй гэсэн үг. Цахим үнэмлэхийн загвар, хэлбэр, өнгө ямар байх талаар бид иргэдийн дунд хэлэлцүүлье гэж бодож байгаа. Одоогийн хэрэглэж байгаа үнэмлэхийг анх гарахад иргэд нэлээд шүүмжилж байсан. Тэгэхээр хүмүүсийн санал бодлыг авсны дараа цахим үнэмлэхээ гаргах нь зүйтэй болов уу.
-Ярилцсанд баярлалаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж