Энэ бол аравхан настай Бархас хүүгийн мөрөөдөл. Дандаа ярьдаг байсан хүсэл нь. Бархас нийслэлийн 23 дугаар сургуулийн 4Г ангид сурдаг байсан юм. Хүү машин унадаг мундаг жолооч болно гэж боддог байснаас машинд мөргүүлж, хорвоогоос буцна гэж хэзээ ч айж байгаагүй нь мэдээж. Түүнийг сургууль руугаа очиж явахад нь өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтож, хөлчүү бүсгүйчүүдтэй наргиж явсан нэгэн дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. Хүүхдүүдийг, мянга мянга аав, ээж нарыг айдаст автуулсан энэ хэргийн буруутныг Ш.Алтанхуяг гэдэг. Хар мөрт хэргээрээ “овоглуулж”, хэвлэлийн хуудаснаас олонд зүслэгдэх болсон энэ хүн “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийг удирддаг, бийлэгжүү эр.
2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гарсан энэ хэргийг эргэн сөхвөл, Ш.Алтанхуяг гэгч гэгээн цагаан өдөр гарцаар гарч явсан хүүг дайрч, 15 метр орчим газар чирсэн байдаг. Хэрэг гарсны дараа түүнийг шүүх хурал болтол Ганц худаг буюу Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байсан юм. Хэрэгтэн хоригдож байх хугацаандаа бие өвдлөө, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэнэ гэсээр 100 гаруй хоногийг хорих ангийн эмнэлэгт голдуу өнгөрүүлжээ. Ялтан Ш.Алтанхуягийн хэргийн талаар холбогдох байгууллагуудаас тодруулахаар “Мөрдөн байцаалтын шатандаа яваа” гэсэн хариултыг өнөөдрийг хүртэл өгч ирсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ бол Ш.Алтанхуягийг шүүх хурал энэ сарын эхээр буюу есдүгээр сарын 5-нд болж, хүний аминд хүрсэн түүнд дэндүү хөнгөхөн ял оноожээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан энэ хэргийн шүүх хурал мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлаас хол өнгөрснийг бодоход ихэд нууцалсан бололтой.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Баянгол дүүргийн шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нь тогтоожээ. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Алтанхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасч, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 3.6 жилийн ял эдлүүлэхээр болсон байна. Хоёр дахь удаагаа хүүхдийн аминд хүрээд байгаа түүнд ямар учраас 3.6 жилийн ял оноосныг албаны эх сурвалжаас тодруулахад, “Угаасаа түүнийг шүүсэн хуулийн заалтад “Таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг. Гэхдээ Ш.Алтанхуягийг зөвхөн хорих ялаар шийтгээд өнгөрсөн юм биш. Хэрэгтэн өөрөө талийгаач хүүгийн ар гэрт 56 сая төгрөгийн тусламж өгсөн зэрэг нь тодорхой хэмжээгээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх” гэсэн тайлбар өглөө. Хоёр дахиа хүүхдийн аминд хүрсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн гээд олон зүйл анги түүний гэм буруутай үйлдэлд нэмэгдэх байсан ч Ш.Алтанхуягийн хувьд 3,6-хан жилийн ял авлаа. Арван настай хүүгийн амь дэндүү хямдхан үнэлэгджээ.
Нэмж сануулахад, Ш.Алтанхуяг өмнө нь төрсөн эгчийнхээ хүүхдийг хөнөөсөн нь тогтоогдож, 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Гэхдээ тэрбээр эдлэх ялынхаа тал хугацааны дараа Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан юм.