Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Хүлээлт бас хүсэлт

Асар хурдтай давхиж байсан Хятадын эдийн засгийн уналт Азийн орнуудад доргилт өгч эхлээд байна. Олон улсын шинжээчид Азийн хямралын хоёр дахь давалгаа Хятадаас эхэллээ хэмээн бичиж байгаа юм. Хятадын эдийн засгийн удаашрал Монголын уул уурхайн салбарт  тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсон.  БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл багасч, нүүрсний импорт нь 82.8 хувиар буурсан нь тус улсын  үндэсний бодлого болоод олон улсын зах зээлийн үнэлгээнээс  хамаарсан хэмээн олон улсын шинжээчид дүгнэж байна.

Ямарч байсан Хятадын гангийн үйлдвэрлэл буурсан нь Монголын коксжих нүүрс болоод төмрийн хүдрийн экспорт тодорхой хэмжээгээр буурах шалтгаан болсон нь үнэн. Өнгөрсөн оны сүүлчээр 17 хувийн эдийн засгийн өсөлттэй хэмээж экспортын орлогоосоо иргэн бүртээ сар бүхэн мөнгө тарааж баярхаж байсан Монголын эдийн засаг жил ч хүрэхгүйн хугацаанд  эрс доройтов. Төрийн данс улайсан, гадаад өр нэмэгдсэн, инфляци өссөн, барилгын салбарынхан мөнгөний гачаалд орсон, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт буурсан гэх таагүй мэдээллүүд ар араасаа цуварсаар. Жилийн өмнөхөн л  25 сая тонн нүүрс олборлож, үүнийхээ 21 сая тонныг нь өмнөд хөрш рүүгээ экспортолсон Монгол Улс энэ онд доод тал нь 25 сая тонн нүүрс Хятад руу экспортолно гэсэн тооцоотой байсан юм.  Гэтэл нүүрсний экспортын ганц  зах зээл нь болох БНХАУ-ын ган гийн үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор Монгол Улсын нүүрсний экспорт төлөвлөснөөс  хамаагүй доогуур уналттай байна. Энэ жилийн долдугаар сарын байдлаар гэхэд Монголын нүүрсний экспорт 2011 оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар, өмнөх сартай нь харьцуулахад 69 хувиар буурсан гэдэг мэдээллийг “Монгол нүүрс ассоциаци”-аас өгч буй. Харин  Үндэсний статистикийн хорооны сайтад есдүгээр сарын 15-ны байдлаар  Монголын экспортын хэмжээ 260 сая ам.доллараар буурсан талаар мэдээлжээ.

Улсын төсвийнхөө 40-өөд хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг Монгол Улсын хувьд шинэ Засгийн газар нь тоглоомын дүрмээ болгохыг хөрөнгө оруулагчид болоод эдийн засагчид шаардаж байгаа юм.  Монголд парламентын сонгууль явагдахаас л хөрөнгө оруулагчид хүлээлтийн горимд шилжиж, өдгөө Н.Алтанхуягийн Засгийн газар уул уурхайн салбарт ямар бодлого хэрэгжүүлэхийг харзнаж байна. Түүнчлэн өнгөрсөн хавар  УИХ-аас Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталсан нь хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалд шилжих бас нэг том шалтгаан болсон юм. Уг хуулийг даган хэрэгжих журам нь өнөө хүртэл гараагүй байгаа нь эдийн засгийн хямралтай үед сайн ч үр дүн авчрахгүй гэж ”Уул уурхайн ассоциаци”-аас тайлбарлаж буй. Дэлхий нийтээр хямралтай байгаа энэ үед, ялангуяа Хятадын эдийн засаг удаашралтай байгаа тохиолдолд ингэж цаг алдаж, хөрөнгө оруулагчдыг уяж болохгүй гэдэг анхааруулгыг шидлэх болсон. Хөрөнгө оруулагчид хүлээлттэй, эдийн засаг хямралтай, төсөв хов хоосон байгаа энэ үед хүссэн хүсээгүй уул уурхайн салбараа түшиглэхээс өөр арга зам байхгүй байгааг ч эдийн засагчид шинэ Засгийн газрын сайд нарт учирлаж буй. 

Энэ оны эхэнд 120 ам.доллар байсан нүүрсний үнэ талдаа болтол буурч, өдгөө 60 ам.доллараар зарагдах болсон ч бас нэг эерэг мэдээ нь хавар, зуны турш уналттай байсан зэсийн үнэ эргээд сэргэсэн, алтны ханш нэмэгдсээр байгаа нь Монголд давуу тал болох нь тодорхой. Монгол Улс нийт экспортын 80 хувийг зэс, нүүрс, төмрийн хүдрээс бүрдүүлж буй гэдэг шүү дээ.

Эдийн засагт мөнгө маш их хэрэгтэй байгаа энэ үед Оюутолгойн гэрээг буцаах шаардлагыг зарим УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад тавьсан нь хөрөнгө оруулагчдад бас нэгэн айдас төрүүлж байна. Хэрэв Оюутолгойн гэрээг буцаавал Монголд хөрөнгө оруулах хүн олдохгүй гэдгийг ч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал нэгэнтээ онцолсон.  Өмнө нь Ардчилсан намын гишүүн Оюутолгойн гэрээг буцаах шаардлага тавьдаг байсан бол энэ удаад МАН-ын гишүүд голлох үүрэг гүйцэтгэлээ. Эндээс харахад сөрөг улс төрийн тоглолтын бамбай нь  Оюутолгойн гэрээ болчихоод байна уу гэсэн  хардлага ч төрж байгаа юм. Харин эдийн засагчид нэгэнтээ хөдөлсөн галт тэргийг зогсоож болохгүй гэлцэж байна. Засгийн газрын зүгээс Оюутолгойн гэрээг буцаах шаардлагагүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ шинэ Засгийн газар уул уурхайн салбарт ямар дүрмээр тоглохоо одоо болтол зарлаагүй хэвээр л байгаа юм. Харин хөрөнгө оруулагчид тогтвортой, ойлгомжтой хуулийг л хүсч байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж