Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хаан, гуйлгачин хоёр


Өнөөдөр инээдмийн баярын өдөр. Өрнөдөд бол тэнэгүүдийн өдөр. Бие биеэ хуурч, инээж хөгжилддөг өдөр. Энэхүү баярт зориулаад зохиолч Уинтроф Паркустын “Хаан, гуйлгачин хоёр” хэмээх нэг үзэгдэлт инээдмийн жүжгийг орчуулан хүргэж байна. Хэдийгээр 1921 онд бичигдсэн ч гайхамшигтай жүжиг өнөө хэр шив шинэхнээрээ. Танд чимх инээд бэлэглэхийн хамтаар өнөөгийн бидний нийгмийн  ялзарч буй сэтгэлгээний тухай нэгийг бодогдуулах биз ээ. Инээдмийн өдрийн мэнд хүргэе.


Гадаа гудамж руу харсан цонх бүхий ордны нэг өрөө. Зуны дунд сар. Цонхнууд дэлгээтэй, хоол гуйн хашгирах гуйлгачны дуу алсаас сонсогдоно.


Хаан алтан сандал дээрээ тухлан суужээ. Алтан титэм толгой дээр нь тавиастай. Гартаа алтан бөмбөрцөг эргэлдүүлнэ. Хажууд нь зогсох зарц тогосны өдөөр хийсэн чамин дэвүүрээр түүнийг сэрүүцүүлнэ.


ГУЙЛГАЧИН: |гадаа| Талх, талх. Надад жаахан талх өгөөч.


ХААН: |залхуутайгаар| Хэн гудамжинд орилоод байна аа?


ЗАРЦ: |дэвүүрдсэн хэвээр| Хаантан минь, гуйлгачин.


ХААН: Яагаад талх нэхээд байгаа юм?


ЗАРЦ: Хаантан минь, өлсгөлөн ходоодоо дүүргэх гэж л.


ХААН: Түүний энэ дууны өнгө таалагдахгүй байна. Надад тээртэй байна. Түүнийг зайлуул.


ЗАРЦ: |мэхийн| Түүнийг холдуулсаан, эзэнтээн.


ХААН: Тэгсэн юм бол яагаад надад энэ яршигтай дуу нь сонсогдоод байгаа билээ?


ЗАРЦ: Үнэндээ, хаантаан түүнийг нэг биш нэлээд хэдэн удаа эндээс явуулсан. Гэвч тэр дороо л эргэж ирээд урьдынхаасаа улам чанга орилоод байх юм.


ХААН: Ийм сайхан дулаахан өдөр миний тавыг алдагдуулж зүрхэлдэг ухаан муутай амьтан байна. Үүнийхээ төлөө шийтгэгдвэл зохилтой. Ташуурд.


ЗАРЦ: Хэдийнэ ташуурдчихсан шүү, эзэнтээн.


ХААН: Тэгвэл сэлмээр гэсгээ.


ЗАРЦ: Харуулууд хэд хэдэн удаа цусанд будагдтал нь сэлмээр жадалж ордны хаалганаас холдуулсан л даа. Гэвч бас л нэмэргүй байна.


ХААН: Тэгвэл барьж хүлээд аманд нь алчуур чих. Болохгүй бол хэлийг нь огтол. Энэ муу амьтны дууны өнгө огт таалагдахгүй байна. Бүүр эгдүү хүрчихлээ.


ЗАРЦ: Өчигдөр тэгж үзсээн, хаантаан.


ХААН: |бачимдан| Үгүй ээ, Тийм юм гэж юу байсан юм. Хэлээ тасдуулсан гуйлгачин хэнгэрэг цоолчихмоор чанга хашгирч яаж чаддаг юм?


ЗАРЦ: Чадаад байгаа юм аа, эзэнтээн. Та өөрөө хар л даа. Таслангуут ахиад л шинээр ургаад байгаа юм.


ХААН: Юу? Хүн амьдралдаа нэг л хэлтэй байх ёстой. Нэгээс илүү хэлтэй байх чинь тэрслүү хэрэг.


ЗАРЦ: Хэрэв нэгээс илүү хэлтэй байх нь гэмт хэрэг юм бол энэ гуйлгачин яах аргагүй шийтгэгдэх ялтай.


ХААН: |додигор байдлаар| Тэрслүү хэргийн шийтгэл нь цаазаар авах. Тэгэхээр азгүй гуйлгачныг алахаас. Олигтойхон сэвээч дээ, бүтэж үхэх гээд байна.


ЗАРЦ: |хурдан хурдан дэвүүрдэнэ| Агуу их хаантан минь, энэ тушаалыг өчигдөр биелүүлсэн шүү дээ. Бүр хэд хэдэн удаа.


ХААН: Яалаа гэнэ ээ? Хаан эзнээрээ тоглоом хийх санаатай юу?


ЗАРЦ: Миний хэлж байгаа бүхэн тоглоом наргиан юм бол туйлын үнэн тэр тоглоомд чинь байна, эзэнтээн. Энэ орилоод байгаа гуйлгачныг өчигдөр цэргүүд сэлмээр тас цавчиж алсан гэсэн.


ХААН: Тэгээд сүнс талх идэх гээд орилоод байгаа хэрэг үү? Сэлмээр цавчуулж үхсэн хүн гудамжаар орилоод талх нэхээд явж байх уу?


ЗАРЦ: Явдаг юм байна аа, явдаг юм байна, эзэн хаантаан.


ХААН: Тэр чинь хүн шүү дээ. Хүн нэг л амьтай.


ЗАРЦ: Өчигдөр юу болсныг сонс доо, хаантаан.


ХААН: За сонсоё.


ЗАРЦ: Чанга хашгирлаа гээд цэргүүд түүнийг ташуурдтал, гуврууттал ороолгосон ором ул мөргүй алга болоод байсан гэсэн. Тэд түүний хэлийг нь огтолтол, тэр дороо шинэ хэл ургаад байсан гэсэн. Тэгсэн цавчаад алтал үхэхгүй байгаа юм гэнэ.


ХААН: Ёстой юу ч ойлгохгүй байна.


ЗАРЦ: Харин тийм ээ.


ХААН: Юу болоод байгааг, цэргүүд юу гэж яриад байгааг ч ойлгохгүй байна.


ЗАРЦ: Таны зөв өө.


ХААН: Одоо ч хүмүүсийн ярианд итгэхэд хэцүү болсон цаг даа. Бүр толгой эргүүлж орхидог юм.


Гуйлгачны дуу гэнэт чангарна.


ГУЙЛГАЧИН: |гадаа| Талх, талх. Надад жаахан талх өгөөч.


ХААН: Аая.Дахиад л орилоод эхэллээ. Урьдынхаасаа ч чанга болчихож.


ЗАРЦ: Өлсгөлөн байх уушгинд тэжээл л гэсэн үг, хаантаан.


ХААН: Тэр уушгийг нь дуртайяа тэжээе л дээ, тэгвэл. Ха ха.


ЗАРЦ: Гэвч, эзэнтээн. Түүний гэдэс тэсэхүйеэ бэрх өлсөж байгаа байх.


ХААН: Тэр надад ямар хамаатай юм.


ЗАРЦ: Талхны ганц зах цонхоор шидсэн нь дээргүй юү?


ХААН: Үгүй шүү. Гуйлгачныг тэжээнэ гэдэг хамгийн тэнэг хэрэг. Гуйлгачинд өгч байгаа талхны үртэс болгон дараагийн гуйлгачдыг төрүүлэх нүгэлт үр.


ГУЙЛГАЧИН: |гадаа| Талх, талх. Надад жаахан талх өгөөч.


ЗАРЦ: Тэр үнэхээр их өлссөн байна шүү дээ, хаантаан.


ХААН: Энд би эзэн нь.


ЗАРЦ: Хэрвээ та түүнд талхны булан шидээд өгчихвөл өргүй болж, чих тань амрах ч юм бил үү.


ХААН: Хаан хэзээ ч, хэнд ч өргүй. Хаан өр төлөх ёсгүй.


ЗАРЦ: Тэр ч үнэн л дээ. Гэхдээ энэ дуу танд төвөгтэй байгаа биз дээ?


ХААН: Тийм ээ.


ЗАРЦ: Ганц булан талх өгчихөд л тэр тайвшраад яваад өгнө дөө.


ХААН: Тэгээд цадчихаад дараа нь хаан болж амар сайхандаа жаргахыг хүснэ биз, аан?


ЗАРЦ: Битгий тэгж ярь аа, хаантаан. Хаан хүн ухаантай, мэргэн байдаг. Харин энэ муу өрөвдөлтэй амьтан аймшигтай өлссөн төдий л. Намайг ганц зах шидэхийг зөвшөөрөхгүй юм уу, эзэнтээн?


ХААН: Би тушаалаа аль хэдийнэ өгчихсөн. Гуйлгачныг зайлуул.


ЗАРЦ: Тэнгэр минь, хаантаан. Зайлуулсан ч тэр эргээд л ирнэ. Яг урьдынх шигээ.


ХААН: Тэгвэл ал. Би энэ муухай дууг нь сонсоод байж чадахгүй.


ЗАРЦ: Ээ, агуу гэгээн хаан минь. Алсан ч тэр эргээд амилна, өмнө нь бас тэгсэн шүү дээ.


ХААН: Аа, нээрээ тэгсэн бил үү. Гэхдээ энэ дуу ямар чихэнд чийртэй юм бэ. Сонсмооргүй байна.


ЗАРЦ: Уушги нь өлсгөлөнгөөр тэжээгдээд байгаа юм чинь аргагүй ээ. Их хүчтэй байна.


ХААН: Тэгвэл тэр уушгийг нь сульдаах ямар нэг арга бодож ол.


ЗАРЦ: Арга аа? |дэвүүрдэхээ болино|


ХААН: Тийм ээ, юу сонссоныг чинь хэллээ. Дэвүүрдэхээ яагаад больчихов оо, бүтэж үхлээ.


ЗАРЦ: |хурдан хурдан дэвүүрдэнэ| Цонхоор талхны ганц булан шидчихвэл л асуудал шийдэгддчих юм биш үү, эзэнтээн?


ХААН: |ууртайгаар| Би тэр муу гуйлгачинд талхны үртэс ч өгөхгүй гэж хэлсэн биз дээ. Хэрвээ өнөөдөр талх өгчихвөл өлсөхөөрөө маргааш бас дахиад л ирнэ. Миний зовлон улам л томрохоос хөнгөрөхгүй.


ЗАРЦ: Тэр ч үнэн шүү. Ухаан муутай болохоор богино боджээ, би.


ХААН: Өөр ямар нэг арга байж л таарна.


ЗАРЦ: Хаантан минь таны үг түүнийг аргалж болох байх. Үгийн хүч гэдэг махан хуурга шиг л шидтэй.


ХААН: Яаж гэдгийг бодож олцгооё. Тэр гуйлгачин өвдөлтийг огт мэдэрдэггүй гэж чи хэлсэн шүү дээ.


ЗАРЦ: Тийм ээ, түүнийг тамлаж, зовоох боломжгүй гэсэн үг.


ХААН: Бас тэр хэзээ ч үхэхгүй.


ЗАРЦ: Алаад нэмэргүй гэсэн үг.


ХААН: Ямар нэг арга олдох л ёстой.


ЗАРЦ: Ганц зүсэм талх…


ХААН: Аанхаа, бодож олсон. Олсон шүү. Би өөрөө түүнд дуугүй байхыг тушаая.


ЗАРЦ: |эмээсэн байдлаар| Хаантаан.


ХААН: Гуйлгачныг энд авчир.


ЗАРЦ: Хаантаан.


ХААН: Хаан өөрөө тушааж байхад тэр муу дуугүй болохгүй хаачдаг юм. Ха ха ха.


ЗАРЦ: Эзэнтэн минь, ядуу гуйлгачныг хааны ордонд оруулж болохгүй.


ХААН: |өөрийнхөө бодож олсон санаанд тун додигор шинжтэй| Оруулна аа. Гарч очоод тэр гуйлгачинд хаан уулзахыг хүсэж байна гээд хэл.


ЗАРЦ: Агуу тэнгэрлэг хаан эзэн минь, та ийм зүйл хийж болохгүй. Адгийн гуйлгачныг харан хаан хүний ариун мэлмийг гутаах гэж үү? Удвал цэцгийн дэлбээ мэт уруул юугаа гудамжны гуйлгачинтай ярьж бузарлаж болно гэж үү?


ХААН: Миний чих аль хэдийнэ түүний муухай дуугаар хангалттай бузарлагдчихаад байна. Тийм болхоор яваад тэр гуйлгачныг аваад ир.


ЗАРЦ: Ингэж болохгүй шүү дээ, хаантаан.


ХААН: |муухай хашгирна| Яв. Би тушаасан биз дээ. |Зарц цочин ухасхийн гарна| Намайг тушаахаар тэр амаа хамхих болно. Хараарай, та нар. Хаан уулзъя гэж хэлэхээр тэр үхтлээ айна даа. Хөөрхий муу боол. Ха ха ха.


ЗАРЦ: |буцаж ирнэ| Гуйлгачин ирлээ.


Ноорхой муу хувцастай, эцэнхий гуйлгачин зарцыг даган орж ирнэ.


ХААН: Өөөрөө гудамжинд орилоод амар заяа үзүүлэхгүй байгаа нөгөө гуйлгачин мөн үү?


ГУЙЛГАЧИН: |хулчгардуу дуугаар| Өөрөө нөгөө хаан мөн үү?


ХААН: Би хаан байна.


ЗАРЦ: |гуйлгачинд| Гуйлгачин хүн эзэн хаанд асуулт тавих нь зхоимжгүй. Асуусан асуултад л хариул.


ХААН: |зарцад| За яахав дээ, тэгж л байг. |гуйлгачинд| Нэг хөгийн асуудлаар ярилцах гэж чамайг дуудуулсан юм. Чи өдөржин хоол нэхэн гудамжинд хашгирах юм. Энэ чинь надад асар төвөгтэй байна. Тийм болохоор гуйлга гуйхаа боль.


ГУЙЛГАЧИН: |зоригтой биш боловч| Ойлгосонгүй.


ХААН: Гуйлга гуйхаа боль гэж би хэллээ.


ГУЙЛГАЧИН: Ойлгосонгүй.


ЗАРЦ: |гуйлгачинд| Хаантан чамайг гуйлгачлахаа боль хэмээн тушааж байна. Чиний хашгирах дуу түүний чихийг дөжрөөж, амгалан тайван байдлыг нь алдагдуулаад байна.


ГУЙЛГАЧИН: Ойлгосонгүй.


ХААН: |тэсвэр алдан хоёр гараа сарвагануулан хашгична| Гуйлга гуйхаа боль.


ГУЙЛГАЧИН: Ойлгосонгүй.


ХААН: Ээ чааваас. Энэ амьтан чинь чулуун хананаас ч дүлий хог байна.


ЗАРЦ: Хаантаан, энэ дүлий байх учиргүй. Гудамжинд түүнтэй ярихад намайг ямар ч зовлонгүй сонсож, ойлгож байсан.


ХААН: |гуйлгачинд| Чи дүлий юм уу? Миний хэлж байгааг сонсож байна уу?


ГУЙЛГАЧИН: Үг бүрийг чинь тов тодорхой сонсож байна.


ХААН: Эх захгүй эргүү амьтан. Үүнийх нь төлөө хэлийг нь тас огтолбол таарна.


ЗАРЦ: Тэгээд нэмэргүй л дээ, эзэнтээн. Дахиад л ургачихна.


ХААН: Хамаагүй ээ. Дахиад ургавал дахиад л огтолно. |гуйлгачинд| Дахиад битгий гудамжинд гуйлга гуйж орилоод бай гэж би чамд тушааж байна. Харин үүнийг ойлгохгүй гэдэг чинь ямар учиртай юм?


ГУЙЛГАЧИН: Амнаас чинь гарч байгаа үгнүүдийг ч сайн сонсож байна л даа. Харин чихэнд зүгээр л нэг утга учиргүй дүнгэнээн шиг сонсогдоод байх юм аа.


ХААН: Эрээ цээргүй бурдаг наад амаа татаж явахгүй бол чихний дүнгэнээн чинь ташуурын амтаар солигдох байлгүй. Би, эзэн хаан чамд гуйлга гуйхаа боль гэж тушааж байна. Хааны зарлигийг хүндэтгэн биелүүлэхээ мэдэгдэн үтэр түргэн сөгдөж, духаараа газарт гурван удаа хүрэн мөргө.


ГУЙЛГАЧИН: Тэгэх боломжгүй.


ЗАРЦ: |гуйлгачинд| Бушуул. Хааны тэвчээрийг ингэж барах нь сайны ёр биш. Үнэндээ эзэнтний өршөөнгүй сэтгэл агуу бөгөөд асар тэвчээртэй. Гэвч тэр тэвчээрээ огцом алддаг юм шүү.


ХААН: За алив, духаараа гурван удаа шаланд мөргө гэж би тушаасан байх аа.


ЗАРЦ: Хурдлаач ээ.


ГУЙЛГАЧИН: Яалаа гэж би шаланд мөргөх ёстой билээ?


ХААН: Хааны зарлигийг хүлээж авч буйгаа илтгэж байгаа юм.


ГУЙЛГАЧИН: Гэхдээ би ямар нэг зүйлийг гүйцэлдүүлнэ гэж амлаагүй шүү дээ.


ХААН: Өө за. Тэр юу ч амлаагүй гэнэ ээ. Ха ха ха. Чиний дуу чинь надад таалагдахгүй, чихэнд минь чийртэй байгаа болохоор чамайг гуйлга гуйхыг хориглож байна. Тиймээс одоохон мөргө. Тэгвэл энэ ордноос ямар нэг ял зэмгүй гарч явж болно. Тушаалыг эс биелүүлбэл өөртөө л гомдож дээ.


ГУЙЛГАЧИН: Энэ хорвоод гуйлгачин болж төрнө гэдэг хаан болж төрөхөөс хавьгүй гунигтай зүйл шүү.


ХААН: Дуугаа татаад, бушуухан мөргө. Тэгээд дахин гуйлга гуйхгүй гэж ам өчгөө өгөөд далд ор. Хурдлаач.


ЗАРЦ: Хаантны хэлснийг биелүүлсэн дээр шүү. Түүний тэвчээр одоохон барагдах нь байна.


ХААН: Шал бохирдуулчихна гэж айгаад хэрэггүй ээ. Чамайг зэмлэхгүй.


Гуйлгачин хөдлөхгүй зогссоор.


ЗАРЦ: Хэлснээр нь хий гэж хэлсэн шүү. Тэр нь өлзийтэй.


Гуйлгачин мөн л хөдлөхгүй.


ХААН: За… За… |хашгирна| Хурдлаач.


ГУЙЛГАЧИН: Миний дуу танд таалагдахгүй байгаа учраас та намайг гуйлга гуйхаа боль гэж тушаалаа. Тэгвэл би танд нэг тушаал өгье. Та титмээ толгойноосоо аваад цонхоор шидчих. Тэгвэл би гуйлга гуйхгүй гэдгээ амалъя.


ХААН: Чи надад тушаана гэнэ ээ. Гудамжнаас орж ирсэн нэг муу ноорхой гуйлгачин надад тушаах юм гэж үү. Чиний тушаалаар би титмээ цонхоор шидэх болж байна уу?


ГУЙЛГАЧИН: Тэгж л би хэллээ.


ХААН:Хэлсэн үгний чинь төлөө чамайг цаазаар авч чадна гэдгийг чи мэдэж байна уу?


ГУЙЛГАЧИН: Та намайг алж чадахгүй. Танай цэргүүдийн сэлэм шүдний чигчлүүр шиг л надад санагддаг.


ХААН: Өө за. Тэгвэл харъя л даа.


ЗАРЦ: Үүний хэлж байгаа нь үнээн, эзэнтээн. Цэргүүд тэгж хэлсэн.


ГУЙЛГАЧИН: Би таныг титмээ тайлаад шид гэсэн. Тэгэх л юм бол таны чих миний дууг хэзээ ч дахин сонсохгүй. Татгалзах юм бол дараа нь харамсах болно. Толгой дээр минь титэм хэзээ ч байхгүй байсан болоосой гэж бодтолоо харамсана даа. Өдөр шөнө ялгаагүй амьдрал чинь аймшиг болон хувирч, амьдын хар тамыг биеэрээ мэдрэх болно.


ХААН: Яагаад? Шал утгагүй сонсогдож байна. Ингэж ярих чинь тэрслүү хэрэг.


ГУЙЛГАЧИН: Та тэгээд титмээ шидэх үү, үгүй юү?


ХААН: Энэ чинь хаанд тэрсэлсэн уучилшгүй гэмт хэрэг.


ЗАРЦ: Түүний хэлснийг зүгээр л биелүүлсэн нь дээр ч юм уу, хаантаан. Түүний санааг амраагад өгөх гэж л. Таныг шидчихээр би гүйж гараад л аваад ирье.


ГУЙЛГАЧИН: За алив ээ, яасан бэ? |цонх руу заана|


ХААН: Үгүй шүү. Би титмээ энэ цонхоор хэзээ ч шидэхгүй. Өөр цонхоор ч шидэхгүй. Яалаа яалаа гэнэ ээ? Нэг муу гуйлгачны тушаалыг биелүүлэх гэж үү? Хэзээ ч үгүй.


ГУЙЛГАЧИН: |явахаар завдана| Хаантан та толгойноосоо илүү дээр нь байгаа энэ тэнэг алтан цагаригаа хайрлаад байгаа юм биз дээ. Зөв өө. Та бол хаан. Үүнээсээ өөр та юуг ч боддоггүй. Үүнээс өөр үнэтэй зүйл танд байхгүй.


Гуйлгачин үүд рүү аажуухан алхана.


ХААН: |зарцад| Түүнийг зогсоо. Бариад ав. Ингээд зүгээр л яваад өгнө гэж бодоо юү?


ГУЙЛГАЧИН: |хөгжүүнээр| Танай зарц нарын хэн нь ч намайг зогсоож чадахгүй. Арван мянгуулаа нийлээд ч намайг дийлэхгүй. Би уулнаас ч хүчтэй. Би далайгаас ч чадалтай.


ХААН: Мөөн. Харъя л даа. |зарцдаа| Бариад ав. Тушааж байна шүү. Харуулуудыг дууд. Наадахаа дөнгөл.


ГУЙЛГАЧИН: Миний эр зориг уулнаас том. Миний үг хуй салхинаас аюултай. Зарц нар чинь надад хүрч зүрхлэхгүй. Ганц үлээхэд энэ ордон чинь газрын хөрснөөс арчигдана.


ХААН: Үүний юу гэж солиорохыг сонсоо биз? Яагаад наадахаа барихгүй байгаа юм бэ?Яачихаад байгаа юм? Яагаад харуулуудыг дуудахгүй байгаа юм?


ГУЙЛГАЧИН: Би чамайг өнөөдөртөө яах ч үгүй. Өлөн ходоодоо дүүргэхиййн тулд би илүү чанга хашгиран гуйлга гуйна. Гэхдээ нэг л өдөр би муухай аашилна. Тэр цагт ам минь хуй салхиар дүүрч, хоёр гар минь ган төмрөөр хийсэн жад шиг болно. Ордныг чинь ганц үлээн нурааж хаячихаад араг ясыг чинь хэдэн хуруугаараа хэмхчиж хаяна даа. Толгойгоор чинь бөмбөр хийж тоглоно. Харин өнөөдөртөө би зүгээр орхиё. Нэг л өдөр хэлснээ хийнэ гэдгийг сана. Чихэнд чинь чийр болтол орилон гуйлга гуйна. Айж яв, хаан минь.


Гуйлгачин гарч явна. Зарц мэлрэн араас нь харна. Хаан суудалдаа өөрийн мэдрэлгүй балмагдан сууна.


ХААН: |гэнэт сэхээ авч| Хойноос нь яв. Зугтаалгаж болохгүй.


ЗАРЦ: Би хөдөлж чадахгүй нь ээ, эзэнтээн.


ХААН: Хурдлаач, харуулуудыг дуудаач. Түүнийг барьж, гав гинжээр гинжлэх ёстой.


ЗАРЦ: Дуудаж чадахгүй нь ээ.


ХААН: Яагаад? Хэл чинь татчихаа юү?


Гуйлгачны дуу гадаа сонсогдоно.


ГУЙЛГАЧИН: Талх, талх. Надад жаахан талх өгөөч.


ХААН: |Цонхон дээр очин, айсан байдалтай, өөрийн мэдэлгүй хоёр гар нь титэм рүү явж, шидэхийг завдана. Гэвч титмээ буцаан тавина| Яаж байна аа? Нэг муу гуйлгачнаас айгаад байхдаа яахав дээ.


ГУЙЛГАЧИН: Талх, талх. Надад жаахан талх өгөөч.


ХААН: |галзууртлаа уурлана| Цонхоо хаа.


Зарц хөдлөх ч үгүй зогсох бөгөөд гадаа гуйлгачны хашгирах дуу улам чангарна.


Хөшиг хаана.


Орчуулсан Б.Цацрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж