Гишүүний тэрбум төгрөг “Цахим Баянхонгор”-т зарцуулагджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Гишүүний тэрбум төгрөг “Цахим Баянхонгор”-т зарцуулагджээ

Хөдөө орон нутаг, нийслэлийн  алслагдмал дүүрэг,  гэр хороололд өнөө хүртэл цахим ертөнц нэвтрээгүй, зарим дунд сургуулийн компьютерийн хүрэлцээ ч тааруу байгаа. Үүний жишээ нь, нэг компьютер дээр хоёр, гурван сурагч  хичээллэсээр буй. Дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын санаачилгаар Баянхонгор аймгийн бизнес форум болсон.  Энэ форумд хот, хөдөөгийн 300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Баянхонгорыг  жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөр батлагджээ. Уг хөтөлбөрийн нэг хэсэг нь “Цахим Баянхонгор” төсөл юм. УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилдаг тэрбум төгрөг ийнхүү сурагч бүргийг дэлхий ертөнцтэй холбох гүүр болж байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга 2012 оны тэрбум төгрөгөөрөө “Цахим Баянхонгор” төслийг санхүүжүүлжээ.

Эл төслийн нээлт есдүгээр сарын 20-нд аймгийн төвд орших Монгол Улсын гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит “Номгон” дунд сургууль дээр боллоо. Нээлтийн үеэр Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохицуулагч Б.Цэдэвсүрэн “Баянхонгорыг жишиг аймаг болгон хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон ажил санаачлан хийж байгаа. Тухайлбал, Баруун бүсийн худалдааны төв, барилгын материал, мах боловсруулах үйлдвэр, газар тариалан хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хөтөлбөрийн нэг чухал салбар боловсрол. Иймд “Цахим Баянхонгор” хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийж байна. Хөтөлбөрт аймаг, сумын бүх сургууль хамрагдаж, компьютерийн иж бүрэн танхимтай болж дотоод сүлжээ болон интернэтэд холбогдоно. Баянхонгор аймгийн бүх сурагч, багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээв. Мөн “Номгон” дунд сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэн “Манай сургуульд онлайн хичээлийн танхим байгуулж өгч байгаад баяртай байна. Энэ цахим танхим багш, сурагч та биднийг цаашид сайн сурах, ажиллах боломж олгосон оюуны том хөрөнгө оруулалт” гэлээ. Тэгээд  “Цахим Баянхонгор”  хөтөлбөрт гар бие оролцон ажиллаж буй “Номгон” дунд сургуулийн төгсөгч Б.Цэдэвсүрэн, Ш.Гомбодорж нарт сургуулийн дээд шагнал “Гэгээн шавийн алдар” алтан медалийг гардуулав.

“Цахим Баянхонгор” хөтөлбөрийн хүрээнд аймгийн 26 сургуульд  286 ширхэг иж бүрэн компьютер өглөө. Үүнд нийтдээ 995 сая төгрөг зарцуулсан байна. Ингээд тус аймгийн сурагч бүр нэг, нэг компьютер дээр сууж хичээллэх болж байгаа юм.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж