Америкийн дээд боловсролоос ангид байх уу?

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Америкийн дээд боловсролоос ангид байх уу?

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас 2012-2013 оны хичээлийн жилд нэг, зургаа, арваннэгдүгээр ангийнханд Кембрижийн сургалтын стандартын дагуу хичээл орж эхлэх болсон билээ. Чухамдаа ахлах ангийнханд энэ стандартын дагуу хичээлийг оруулж, дээд сургуульд суралцах иргэдийг түрүүлж бэлтгэж байна гэсэн үг л дээ. Ахлах ангийнханд иймэрхүү загвар стандартыг дэвшүүлээд, хэрэгжүүлэх гээд эхэлчихсэн байдаг. Гэтэл Монголын дээд боловсролд загвар  стандарт гэж ер алга. Социализмын үед Зөвлөлт холбоот улсын загвараар замнаж, тухайн үедээ ч энэ нь болж байлаа. Харин ардчилсан нийгэмд шилжээд хорь гаран жилийн нүүр үзчихээд байхад хуучнаараа замнасаар л…

Дэлхийд дээд боловсролоороо тэргүүлэгч гүрэн бол яах аргагүй Аме­рикийн нэгдсэн улс. Тэдний дээд боловсролын загварыг 1960 орноос хөгжиж буй орнууд хэрэгжүүлдэг болжээ. Азийн Япон, Солонгос, Сингапур зэрэг улсууд болон, өмнөд америкийн улсууд гээд тэдний загварыг дээд боловсролын тогтолцоондоо нэмэрлэсэн улсууд цөөнгүй. Одоо та бүхэнд Америкийн дээд боловролын тогтолцоог ямар байдгийг хүргэе.

АНУ-д нийтдээ таван төрлийн эрдмийн цол зэрэг олгодог дөрвөн мянга гаруй /4056/ их дээд сургуулиуд байдаг. Үүнд:
1.    Анхан шатны мэдлэг буюу /А.Р./ зэрэг олгодог хоёр жилийн коллеж
2.    Бакалаврын буюу /В.А., А.В./ зэрэг олгодог дөрөв жилийн коллеж
3.    Магистрын буюу /М.А./ зэрэг олгодог их сургууль
4.    Докторын буюу           /Ph.D./ зэрэг олгодог их сургууль болон дээд сургууль
5.    Бусад нарийн мэргэжлийн цол олгодог сургуулиудад нийтдээ 15-н сая гаруй оюутнууд суралцаж байгаа юм.

Эхний хоёр шат болон хоёр жилийн буюу дөрөв жилийн сургуулиудад оюутнууд хүссэн мэргэжлээ сонгон суралцаж болдгоороо онцлог. Чухамдаа энэ үеэс л эхлэн оюутнууд юунд дуртай вэ гэдгээ ойлгодог бөгөөд мэргэшихийг хүссэн хичээлээ түлхүү үздэг учиртай. Тиймдээ ч мэргэжлээ хоёроос илүү олон удаа сольсон байх явдал америк оюутнуудын дунд энгийн үзэгдэл. Үүгээрээ л монголын дээд боловсролын тогтолцооноос ялгагддаг.

Анхан шатны буюу А.Р. зэрэг олгодог хоёр жилийн коллежийг Community College гэж нэрлэдэг. Хоёр жилйн коллеж нь Америкийн бүх их, дээд сургуулиудын 43 хувийг эзлэх бөгөөд хоёр жилд суралцаж дуусгах программтай байдаг. Энэ коллеж тухайн дүүрэг эсвэл бүсийн /манайхаар орон нутгийн/ коллеж байдаг. Ийм төрлийн коллежид авууштай тал их бий.  Тухайлбал, хоёр жилийн коллежийн оюутны төлбөр хамгийн хямд байдаг. Гадаад оюутны нэг семестэрт төлөх төлбөр нь хоёр мянга 500 доллар байдаг. Хэрвээ олон улирал дарааллаад онц дүнтэй суралцах юм уу, ар, гэрт нь ямар нэгэн шалтгаан гарсан нөхцөлд сургалтын тодорхой хувиас хөнгөлдөг тогтолцоотой. Гэхдээ манайх шиг бага зэргийн туслалцаа биш 70-80 хувийн тэтгэлэг байдаг ажээ. Хоёр жилийн коллежийн сургалт нь тухайн шатныхаа улсын дөрвөн жилийн коллежийн эхний хоёр жилийн сурах программыг хангадаг бөгөөд тэр нь цаашид үргэлжлүүлж суралцахад маш их дөхөм болдог ажээ.
Америкчууд хоорондоо “Чи ямар коллеж төгссөн бэ” гэж ярилцахдаа ихэнх тохиолдолд тэд дөрвөн жилийн буюу бакалавр зэрэг олгодог коллежоо дурсдаг. Америкт 20-30 жилийн өмнө арван жилийн диплом авсан хүн давгүй амьдарч болж байсан бол өнөөдөр бакалавр зэргийг хувийн буюу улсын дөрвөн жилийн коллежоос авч болно. Өнөөдөр америк оюутнуудын 70 хувь нь бакалавр зэргийг хувийн коллежид горилж байгаа юм. Дөрвөн жилийн коллежид ороход хоёр жилийн коллежид орохыг бодвол хамаагүй их өрсөлдөөнтэй бөгөөд шалгуур ихтэй. Хэдийгээр ямар мэргэжлээр бакалавр зэрэг горилох нь чухал боловч дөрвөн жилийн коллежид суралцах явцад хүн өөрийгөө хэрхэн сайн боловсруулж чадсан мөн ямар төрлийн чадваруудыг, ямар төвшинд сурч хөгжүүлж чадсан зэрэг нь ажилд ороход илүү чухал байдаг.

Америкийн боловсролын системийн нэгэн онцлог давуу тал бол оюутнуудыг бүрэн өөрөө бие дааж сэтгэдэг чадвартай хүн болгон сургадагт оршино. Иймээс Америкийн коллеж төгссөн хүн аливаа нэгэн ээдрээтэй асуудалтай учирвал түүнийг шийдвэрлэх, хариултыг нь чөлөөтэй олж, шинийг санаачлах тал дээрээ илүү чадалтай байдаг. Дөрвөн жилийн коллеж нь суралцаж байх хугацаандаа оюутнууд өөрийн сонирхсон хичээлээр суралцаж болох ба мэргэжлээ бараг хэд л бол хэдэн удаа сольж болдог. Иймээс оюутнууд коллежид суралцах үедээ өөрийн сонирхол болон ямар мэргэжилд илүү авьяас, чадвартайгаа зөв тодруулж чадвал цаашид ажил, амьдралдаа амжилт гаргахад дэм болдог ажээ. Хүнд өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, өөрийгөө зөв ойлгуулах болон бусдын хэлснийг зөв ойлгож сурах нь хүний амьдралын туршид ямагт хэрэглэгдэх чухал чанар юм. Үүнийг ч коллеждоо заавал заадаг. Тиймээс монголын их сургуулийн хичээлийн нэг цагийг бодвол, АНУ-ын коллежийн нэг цаг хавьгүй их. Чухамдаа АНУ-ын дээд боловсролын системийн давуу тал энэ л юм. Магистраас дээш зэргийн эрдмийн цол, зэрэг олгох төвшнүүд нь илүү академик тал руугаа хандсан байдаг учир энэ удаад дурьдахаа азная.

Иймэрхүү сургалтыг сонгосон Азидаа хөгжилөөрөө тэргүүлж байгаа орны нэг Япон юм. Энэ улсад АНУ-ын дээд боловсролын загварыг нэвтрүүлэхийг хичээсэн бөгөөд Япон соёл гээч нэн чухал юмаа тэд мартсангүй. Хэдийгээр өөрийн мэргэжлээ Америк оюутан шиг хэд хэдэн удаа солихгүй ч, амьдрал дээр гараад тулгарч болох асуудлууд, гэр бүлийн орлого, зарлагын тооцоо, цалингийн хүрэлцээ зэрэг нэмэлт хичээлүүдийг давхар оруулдаг ажээ. Энэ хичээл нь ямар ч мэргэжлээр суралцдаг бай хамаагүй заавал орох ёстой хичээлийн хөтөлбөр юм. Япон улсыг анх дээд боловсролын иймэрхүү загвар стандартыг хэрэгжүүлэхэд тухайн үед нь японы ард иргэд итгэл муутай байлаа. Гэтэл хориодхон жилийн дараа л энэ улсад шан харамж нь ирсэн гэдэг. Одоо Японд бараг бүх их, дээд сургуульд орон, орны оюутнууд суралцаж байна.

Америк биднээс газар нутгаараа хол байж болох ч боловсролын тогтолцоо нь бидэнд ойрхон тогтолцоо юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж