Ардчиллын ах нар тэтгэвэртээ суу

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ардчиллын ах нар тэтгэвэртээ суу

Ардчилсан нам. Эрийн цээнд хүрсэн улс төрийн хүчин. Тэртээ 20 жилийн өмнө олж авсан эрх чөлөөгөө хамгаалах эрхтэй, үүрэгтэй улс төрийн хүчин. Харсаар байтал хаашаа ч юм зорилго нь замхран алга болж буй энэ намын “оршуулга”-д хаягласан олон шүүмжлэл та бидний дунд байдаг. Улс төр нь улстөржихөөс үндэстэй гэдгийг нотлох мэт тус намын удирлагуудын хаанчлал эдүгээ цагаар дуусах ёстой баймаар. Нэг л өдөр анхдагч нь байсан гэдгээрээ бүхэл бүтэн 20 жилийг ардаа үдэж буй тэдний үйл хэргээс шинэчлэл олж харах гэж хичээх ч хэрэг үгүй. “Ардчилал хаа байна” гэсэн асуултад “Ардчилал энд байна” хэмээн хариулах дуртай тус намын лидерүүд амьдрал дээр аль хэдийн өвөө, эмээ болсон. Үр хойчийнхоо төлөө санаа тавьж, тэднийхээ сайн сайн сайхны төлөө нийгмийн луйварт гаршсан тэд улс тө­рийн шинэчлэлд санаа тавьж байгаа ганц сэдэл ч алга.
Улс төрд зөвхөн би, чи, бид оролцох ёстой гэсэн жалгын сэтгэхүй нь өдгөө Ардчилсан намыг аль хэдийн үгүй хийжээ. Үүнийг тус намын ротацийн сонгуулийн маргаан та бидэнд бэлхнээ мэдээлээд өгнө. Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг төдийгүй орон нутагт асуудал нь хурцдаж байна. Бүхэл бүтэн ганц дүүрэгт хоёр намын байртай, хоёр удирлагатай Ардчилсан нам байгаа нь үнэндээ ичгэвтэр.
Чингэлтэй дүүргийн нийт 1700 орчим гишүүний оролцсон дотоод сонгуулийн дүн ч эцэслэгдэх боломж алга. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нь ядаж л дүүргийнхээ намын хороог авч үлдэхээр сурсан зангаараа хор найруулж. Түүний өмнөөс мөчөөгүй өгөхгүй хэмээн Т.Бат-Эрдэнэ нь уухайн тас “ноцолдож” байна. Баянзүрх дүүрэгт намын шинэ даргаар сонгогдсон С.Зоригтбаатар нь хэрэндээ л “Ардчилсан нам залуу хүнийг сонголоо” гэсэн төлбөртэй сурталчилгаа захиалж, тамга тэмдгээ гардсан нь Д.Пүрэвдаваа нь эсэргүүцэл илэрхийлээд бөөн гомдол. Мөн Дархан-Уул аймагт ч ялгаагүй. Хоёр тусдаа бичил сонгууль зохион байгуулсан гэх инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг мэдээлэл бий. Баян-Өлгийн казакууд ч өөр өөрийн гал голомтыг түшсэн Ардчилсан намтай байхын тулд өлсгөлөн зарлаж хүртэл үзэж байна. Гэвч энэ дунд нь залуу хүн гэх юм алга. Нөгөө л 1990-ээд онд “Би Сүхбаатарын талбайд өлсч байлаа. Би цуглаанд оролцож байлаа” гэсэн улиг болсон үлгэр домгоо ярьсан настангууд.
Гэтэл залуу үе нь гэхээр үнэндээ хошин шогийн үзэгдэл мэт этгээд өнгө төрхүүд л байгаа. Японы сумо бөхийн ертөнцийг монголчуудын өмнө нээсэн гэж омгорхох Д.Күкшюүзан Батбаяр, Ж.Батзандан, О.Магнай, Г.Баярсайхан…цаашилбал Б.Батбаатар, С.Зоригтбаатар мэтхэн. “Өөрийнхөө улс төрийн карьерийг хүний нутагт хөлс хүчээ урсгаж байж олж авсан” хэмээн сүүлийн үед эхнэрийнхээ бизнесийг сурталчилахаас өөрийг ярихаа больсон, ер нь бол ярьж ч байгаагүй сумоч энэ намын улс төрийн карьерийг өргөлөө өргөлөө гээд юу шалих вэ дээ. Дараа нь, иргэний хөдөлгөөний загалмайлагчид гэдгээрээ хөөрцөглөх Ж.Батзандан, О.Магнай нар. Тэдний улс төрийн увайгүйтэл нь хэрмэл цыганы түүхээс лав дээрдэхгүй. Хаана нуувч байна тэнд орогнож, улс төрийн хийрхэлээр гол зогоох хүсэлтэй “тэнэмлүүд”.

Үнэндээ Ардчилсан намын шинэчлэл гэхээр энэ хэдээс өөр шинэ дүр төрх харагдаж байгаа юм алга. Ингэж бүхэл бүтэн намын шинэ үегүй, шинэ зориггүйгээр нэг хэв загварт хутгасан Ардчилсан намын өнөө цагийн лидерүүдийн удирдах хэв маяг нь улс төрийн “аллага” болон үргэлжилж байна.
“Аллагагүй нийгмийн үнэн түүх” гэсэн ном уншиж байсан бол энэ тухай бодит төсөөллийг танд өгнө. Нийгмийг шинэчлэх ёстой, ардчилсан ёстой улс төрийн хүчин нь ийн шинэ цагийн залгамжлагчдадаа “дайн” зарлаж буй нь харамсмаар. “Ардчилсан хүчний холбоо” гэх намын эрх мэдлийг авах гэсэн хоёрдугаар ээлжийнхний тэмцэл ч ялгарах зүйл үгүй. Нөгөө л З.Энхболд, С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтнүүд нь “Би намын дарга байх ёстой юм” хэмээн хуульчлахаар зүтгэж буй. “Алтангадас” ассоциаци нь байр сууриа тавьж өглөө гээд, “Ардчилсан хүчний холбоо” эрх мэдэлд хүрлээ гээд нийлбэрийн байрыг солихоор нэмэгдэхүүний өөрчлөгдөхгүй гэдгийг та бидэнд нотолно.
Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга саяхан “Ардчилсан нам нэгэн үед миний үнэт зүйл болж явсан нь үнэн” хэмээн ярилцлага өгсөн байна билээ. Түүний хувьд “Одоогийн Ардчилсан намд ардчиллын үнэт зүйл байхгүй болсон” хэмээсэн нь ч үнэн. Мэдээж Г.Уянга л хэлж байгаа болохоос бус яах аргагүй үнэн. Ингэж бусдын улс төрийн нэр хүндээ өсгөх нэг хоол болж буй нь одоогийн Ардчилсан намын хамгийн том эмгэлэн. Та бид Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, З.Энхболд, Да.Ганболд, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл гээд хэнээс нь ч юу ч хүсээд нэмэргүй болчихжээ. Улс төрд өнгөрүүлсэн 20 жилийн түүх нь залуусаа элэглэн гадуурхаж, өөрөө өөрсдөдөө хүч хуримтлуулахын төлөөх тэмцэл төдийхнөөр хязгаарлагдаж байна. Энэ үед хоёр дахь хувьсгал хийнэ гээд ч нэмэр үгүй. Энэ үед ард олон Сүхбаатарын талбайд өлсч хэвтээд ч юу ч өөрчлөгдөхгзй нь. Учир нь, ардчилалд шинэчлэл гэж алга. Ардчилал дунд алдагдсан үнэт зүйл нь та бидний мөрөөдөл төдийхөн болжээ. Мэдээж үл бүтэх мөрөөдөл. Үүнийг ардчиллын “аллага” хэмээн нэрийдээд эрүүл саруул залуу оюун ухааныг л дэмжихгүй бол юу ч өөрчлөгдөхгүй бололтой.
Иймээс л өдгөө “Ардчилал таалагдахгүй байна”, “Ардчилсан парламент бус Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй байна”, “Хөрөнгөтнүүдийн баялгийг нийгэмшүүлье” гэх мэт алдах юмгүй большвекуудын тэмцлийг уриалан дуудах эрх чөлөөг анархистуудад өгч буй нь лавтай. Анархистуудад боломж олгож буй энэ нийгэмд Ардчилсан нам тэгээд юу хийж байна вэ. Мэдээж юу ч хийгээгүй. Өөр өөрийн бяцхан эрх ашгийн төлөөх гал тогооны тэмцэлд уриалж байна. Үүнийг анхааруулах, үүнд анхаарлаа хандуулах цаг хэдийнэ болжээ, залуусаа. Нийгэмд өөр өөрийнхөө үнэт зүйлсийг хамгаалцгая. Ардчилалд ардчилсан үзэлтнүүд юу юунаас ч илүү хэрэгтэй болохоос бус алдагдсан үнэт зүйлээр хаа хол гишгэх вэ дээ, бид.

Г. Отгонжаргал.

Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж