“Бэрх-Уул” жоншны 2.1 сая тонн нөөц тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

“Бэрх-Уул” жоншны 2.1 сая тонн нөөц тогтоов

Монголын жонш, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Бэрх-Уул” хувьцаат компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших жоншны ордынхоо нөөцийг батлуулжээ. Ашигт малтмалын газар тус ордын ашигтай нөөцийг 50,52 хувийн агуулгатай 2.13 сая тонн гэж баталсныг тус компани албан ёсоор мэдээлсэн байна. Монголын жоншны хүдрийн нөөцийн дундаж агуулга нь 30 хувьтай байдаг бөгөөд “Бэрх-Уул” компанийн ордын агуулга өндөр хувьтай аж.

 “Бэрх-Уул” компанийн ордын нөөцийн хэмжээг Micromine компани 2011 оны өрөмдлөгийн ажлын үр дүнд үндэслэн боловсруулжээ. Монгол улс нь жоншны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог ч нөөцийн хэмжээг нарийвчлан тогтоох ажил орхигдоод байгаа юм. Одоогийн байдлаар Монголд 16 сая тонн жоншны нөөц тогтоогдоод буй гэсэн тойм судалгаа бий. Гэхдээ нөөцийн үзүүлэлт 60 сая тоннд ч хүрэх боломж бийг салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм.

Монголын жоншны салбарт Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр гээд хэд хэдэн компани идэвхтэй ажилладаг. Жоншны үнэ сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд ихээр нэмэгдэж буй учир энэ салбарт хүч үзэх сонирхолтой компаниудын тоо ч нэмэгдэж байна. Үүний нэг илрэл нь “Бэрх-Уул” хувьцаат компани юм.

“Бэрх-Уул” ХК нь 1954 онд байгуулагдсан бөгөөд 2002 онд Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж байжээ. Компанийг бүхэлд нь гадны хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна. К.Khanate Resource Holdings 33 хувь, F.Firebird Mongolia Fund 19 хувь, F.Firebird Global Master Fund 7 хувь, F.Firebird Global Master Fund II 31 хувь, B.Beu Holdings S.A.R.L 10 хувийг нь тус тус эзэмшдэг байна.

Нийт 19 сая ширхэг хувьцаатай бөгөөд өчигдрийн арилжаагаар нэгж хувьцаа нь 2870 төгрөгөөр хаагджээ.

С.Болд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж