21 дүгээр сургуулийн 1300 хүүхэд эрсдэхэд ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

21 дүгээр сургуулийн 1300 хүүхэд эрсдэхэд ойрхон байна

Нийслэлийн төвийн сургуулиуд газраа алдаад дуусах нь. Өнгөрсөн долоо хоногт бид 31 дүгээр сургууль сурагчдынхаа биеийн тамирын талбайг алдсан талаар мэдээлж байсан. Харин энэ удаа 21 дүгээр сургуулийн газрыг булааж авсан асуудлыг хөндөж байна. Хотын төвд байрлалтай болохоор барилгын компаниуд газрын албаныхантай хуйвалдаад сургуулийн газрыг авчихдаг бололтой. 21 дүгээр сургуулийн зүүн талд нь “Хүслийн өргөө” компани барилга бариад эхэлсэн байна. Энд барилга хоорондын зай ч гэж алга. Хоёр хүн зэрэгцээд явах нь битгий хэл, махлаг нэгэн явж багтахааргүй зай үлдээгээд, сургуулийн барилгад шахаад орон сууц барьж байх юм. Нимгэн төмрөөр хамгаалалт хийсэн нь хүчтэй салхи гарвал хийсээд унахаар харагдаж байв. Хашааны хажуугаар хүүхдүүд гүйлдэх бөгөөд бэртэж гэмтэхгүй гэх баталгаа алга.  Мөн баруун талд нь үлдсэн жаахан газрыг нь ухаад дулааны шугамаа татаж эхэлжээ. Баруун тал нь тэр чигээрээ овгор товгор шороо, хог новшинд дарагджээ. “Хүслийн өргөө”-гийн татаж байгаа дулааны шугам баруун талынх нь жаахан газрыг эзэгнээд зогсохгүй урт талбайг тэр чигт нь сэндийлжээ. Гэтэл хажууханд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан орон сууцны 11 давхар барилга барьж байна. Төрийн байгууллага нь хүртэл хүүхдийн сурч боловсрох эрхэд халдаж аюул учруулж байхад, Монголд хэн хууль зөрчихгүй байх юм бол.

21 дүгээр сургуулийн хүүхдүүд өдөр бүр айдастай хичээлдээ ирдэг болжээ. Тус сургуулийн 9А ангийн сурагч Г.Бат-Оргил “Хичээл хийхэд саад болдог. Байнга л юм нүдээд хэцүү байдаг. Хичээлдээ ирэх, явахад хүртэл хүндрэлтэй, хаашаа л харна овоолсон шороо байдаг. Бид  уг нь урд талынхаа талбайд хөл бөмбөг тоглодог байсан юм. Тэгсэн дээрээс тоосго унах гээд хэцүү болсон. Анх барилга барьж байхдаа хамгаалалтын тор ч татаагүй байсан. Саяхнаас л манай багш нар хэлж байж ногоон тор татсан. Манай сургуулийн орчин ч муухай байна. Бөөн тоос босоод л. Манай ангийнхан багш нарт хэлсэн. Тэгсэн “Арга хэмжээ авах талаар ярьж байгаа” гэсэн. Ер нь их айдастай хичээлдээ явж байна” хэмээсэн юм. Олон хүүхэд түүнтэй адил зүйл хэлж байсан. Охидын хувьд бүр хэцүү байдаг гэнэ. Барилга барьж байгаа ажилчид нь тэднийг зүгээр явуулахгүй хашгирч дуудаад л, дээрээс нь чулуу шиддэг гэнэ. Энэ тухай 8Б ангийн сурагч Г.Бизьяа “Сургууль руугаа ирэх хэцүү болсон. Орой үдэш явахаар дээрээс юм чулууддаг. Хэд хоногийн өмнө би хичээлээ тараад хоёр найзтайгаа явж байхад дээрээс юм унагаасан. Харин азаар тэр нь оноогүй. Хоёр талд барилга барьж байгаа болохоор бүр ч хэцүү. Багш нар болгоомжтой яваарай гэж захидаг” хэмээсэн. Үнэхээр тус сургуульд сурдаг 1300 хүүхдийн хувьд аюулгүй сурах орчин алга. Хаашаа л харна төмөр нүдээд, тоос шороо босоод сурахаас ч залхмаар байгаа бололтой.

Ядаж байхад нь траншейныхан хүртэл сурагчдыг дээрэлхэж, дээрэмддэг гэнэ. Сургуулийнх нь баруун талд тэнэмэл хүмүүс орогночихсон байна билээ. Хаягдал хог, яс гээд тэнд бохир зүйл дэндүү их. Тэд ор засчихсан, овгор шороонуудаар халхавч хийчихсэн байсан. Траншейныхныг хөөгөөд ч нэмэргүй аж. Хөөж, загнавал сургуулийн цонхыг хагална, согтуу хөлчүү нэг нь бархирч хүүхдүүдийг айлгаж ичээх нь ч энүүхэнд гэнэ. Тус сургуулийнхан хотын захиргаа, дүүргийнхэнтэйгээ хамтраад гудамжныхантай тэмцээд үр дүнд хүрээгүй юм байна. Монголын ирээдүй хойч үе болох хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг боогдуулаад өөрсдөө л мөнгө олж байвал хамаагүй хэмээн улайрч байгаа луйварчдад хүүхэд огтхон ч хамаагүй бололтой.

Тус сургуулийн барилгыг нурааж шинээр барих тушаал гаргаад, төсөв мөнгийг нь шийдвэрлэсэн аж. Гэтэл сур­гуулийн газраас хумслагч­дын гайгаар хүүхдүүд хэзээ мөдгүй нурж мэдэх барилга дотроо хичээллэсээр сууна. Сургуулийнхаа барилгыг барьж эхэлье гэхээр “Хүсл­ийн өргөө”-гийнхөн  урд талбайг сэн­дийлчихээд дулааны шу­гам татна гээд гацаачихаад байгаа гэнэ. Сургуулийнх нь удирдлагууд тэмцэж, барилгын компанийханд хандсан ч ямар ч хариу өгөхгүй, барилгын ажлаа үргэлжлүүлсээр бай­гаа аж. Энэ талаар тус сур­гуулийн сургалтын менежер Ж.Ган­туяатай уулзаж тодруулахад, “Хүүхдүүд хаана л явна гүйж, дэрвэж байдаг. Тэдэнд аюулгүй сурч боловсрох орчин хэрэгтэй. Бид холбогдох хүмүүст “Хүүх­дүүдийн дээрээс төмөр унавал яах вэ, эрсдэлтэй байна” гэсэн албан бичиг хүргүүлсэн.  Ямар ч хариу өгөхгүй юм. Нартай өдөр цонхоо онгойлгоод жаахан суух гэхээр утаа тортог, тоос шороо босоод бэрх. Чих дөжрөм дуу чимээнд тайван суух арга байдаггүй. Эцэг эхчүүд ч гомдол гаргадаг. Манай сур­гуулийн ногоон бүс байхгүй болсон. Цэцэг тарьдаг талбай дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэн барилга барьчихлаа” гэж байлаа. Түүнчлэн тэрбээр “Багш нарт хүүхдүүдээ эрт тараагаад эцэг эхэд нь хүлээлгэж өг гэж хэлсэн. Хүүхдүүдээ ихэвчлэн хойд хаалгаар гаргаж байгаа. Маш хэцүү байна. Газрын албаныхан сургуулийн газрыг дур мэдэн өгөөд барилга бариулчихдаг юм байна. Хэлээд бидний үг хүрэхгүй юм. Хүүхдийн орчинг аюулгүй болгож өгөх хэрэгтэй байна” хэмээсэн.

“Хүслийн өргөө”, Шүүхийн шийдвэрийн эдгээр барилга зөвшөөрөлтэй эсэхийг тодруу­лахаар нийслэлийн Газрын алба­ныхантай уулзахаар оч­лоо. Баасан гаригийн 15:30 цагийн үед очиход бараг хүн байсангүй. Газрын албаны дарга Ж.Батсайхан нь ч алга. Дэд дарга Э.Ариунгэрэлтэй уулзаад “Сургуулийн газрын зөвшөөрлийн асуудлаар лавла­маар байна” гэхэд “Би юу ч ярих­гүй Энхбаатараас ав” хэмээн бие бие рүүгээ чихээд сууж байх юм. Энхбаатартай нь уулзахаар орлоо. Учир шалтгаанаа хэлсэн ч “Би өгмөөргүй байна. Өгөх боломжгүй” хэмээн хөөх нь холгүй байсан. Хууль бусаар газар олгочихоод, түүнийгээ хэрхэн цайруулахаа мэдэхгүй, булзааруулж суугаа хүмүүст хүүхдийн аюулгүй сурч боловсрох эсэх нь хамаагүй бололтой.

Б.АЗЗАЯА

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж