“CokenBeat” наадамд хип хоп хамтлаг ч орж болно

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“CokenBeat” наадамд хип хоп хамтлаг ч орж болно

“Coke’n Beat” шоу нь амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг хамгийн том баяр. Анх 2006 оноос “Asian Beat-Mongolia” нэртэйгээр зохиогдож байсан тус шоу 2007 оноос эхлэн “Coke’n Beat” болгон нэрээ өөрчлөн энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн "Coke`n`beat-2010" наадам нь өмнөх жилүүдийн наадмуудаас хэд, хэдэн ялгарах онцлогтой болж байгаа билээ. Наадам гурван үе шатаар шилдгүүдээ шалгаруулах бөгөөд эхний үе шат нь интернэт санал асуулгаар шалгаруулах юм байна. Оролцогчид www.cokenbeat.mn сайтад өөрийн бичлэгийг байршуулж үзэгч фэнүүдээсээ санал авах аж. Хоёрдугаар үе шат бол нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогчид "Concert show" хийх бөгөөд энэ үйл ажиллагаа нь телевизийн шоу маягаар хийгдэнэ. Төгсгөлийн шат нь долоодугаар сарын 13-нд болох шагнал гардуулах ажиллагаа юм. Наадамд арван наснаас дээш бүх насны хүмүүс хамрагдах бөгөөд үндсэн номинациас гадна төгөлдөр хуурч, хийлч, морин хуурч зэрэг номинациудыг нэмж, нийтдээ долоон номинациар шилдгүүдээ шалгаруулна. Шилдгүүд бүгд нэг хамтлаг болон "Asian beat" наадамд оролцох болсон нь наадмын бас нэгэн онцлог болжээ. Тус наадмыг зохион байгуулагч “Protece Group” компани, “Total music center”-ийн захирал С.Од-Эрдэнэтэй шоуны талаар уулзан ярилцлаа.

-Анх яагаад энэ шоуг хийх болсон бэ?
-Өнөөгийн залуучуудын рок, поп хамтлагийн хөгжил зогсонги болсон. Залуус нь Америк, Солонгос руу ажил хийх гэж их явж байна. Охид нь Хятад руу биеэ үнэлж байна. Тэдэнд эрч хүч, энерги, амьд хөгжим хэрэгтэй байсан учраас энэ уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Ганц нэг хамтлагтай хамтарч ажиллаад хөгжим өгөхөөр хэсэг уран бүтээл хийж байгаад тарчихдаг ч юм уу, өөр хамтлаг байгуулаад явцгүй байсан. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх тайз, өрсөлдөөн хэрэгтэй.

-Уралдааны зорилго нь юу вэ?

-Манайд шинэ залуу хамтлаг гарч ирэхэд бэрхшээлтэй асуудлууд их тулгардаг. Хамтлагт чинь хөгжим, бэлтгэлийн байр, бичлэг СD, видео клип хийлгэх, спонсор олох гээд хөгжүүлэх бүх зүйлс хангалтгүй байна. “Coke’n beat” уралдаант шоуны гол зорилго нь амьд хөгжим сонирхогч оюутан, залуусын оролцоог нэмэгдүүлж уран бүтээлийг нь дэмжин ажиллаж, олон нийтэд сурталчлан таниулах, рок попын ертөнцөд өөрийн байр суурийг олоход нь туслах юм. “Coke’n beat” уралдаант шоу нь нэлээд түлхэц болж чадна гэж бодож байгаа. Бас залуустаа амьд хөгжмөөр эрч хүч, урам зориг өгөх зорилготой.

-Шоуны нэрийг яагаад солих болсон юм бэ?

-Анх “Coca Cola” брэндийнхэнтэй уулзан залуусын дунд жил бүр амьд хөгжмийн шоу зохион байгуулдаг, “Coke” бол дэлхийн номер нэг брэнд, залуусын хэмнэл эрч хүчний илрэл. Энэ хэмнэлтэй хамтран ажиллая, залуусаа сэргээе гэдэг саналыг  “МСS Coca Cola“ компанид тавихад дэмжин, хамтарч ажиллаж эхэлсэн.

-“Coke’n Beat” гэхээр залуус амьд хөгжим рок урсгалыг сонирхдог залуусын шоу гэж ойлгодог, өөр урсгал чиглэлийн хамтлаг дуучид оролцож болох уу?

-Энэ уралдаант шоуны үүд хаалга  амьд хөгжим тоглодог, дуулдаг арваас дээш насны хүн бүрт нээлттэй. Амьд хөгжимд ангилал байхгүй. Өнгөрсөн жил “Coke’n Beat” шоунд “Flash” хамтлаг урилгаар оролцож дуулсан. Хип хоп хамтлагууд ч амьд хөгжимтэй тоглон орлцож болно. Дан ганц рок хамтлагууд шоунд оролцдог гэсэн ойлголтыг халах үүднээс энэ жил зууны манлай дуучин поп хатагтай Сарантуяаг оролцуулж байгаа. Өөртөө итгэлтэй байвал оролц, од болох урилга хүлээн авах боломж нээлттэй байна шүү, залуусаа.

-Энэ жилийн “Coke’n Beat”-ын онцлог нь юу вэ?
-Эхний хоёр жил шоунд оролцох хамтлагуудыг зараа цацаад долоо хоног бүртгээд л “Монгол шилтгээн”-ний гадаа талбайд хийчихдэг байсан. Энэ жилээс уралдаандаа мэргэжлийн хамтлагуудыг оролцуулахгүйгээр зөвхөн шинэ залуу хамтлагуудыг хамруулна. Гэхдээ мэргэжлийг хамтлагууд шоунд урилгаар уран бүтээлээ толилуулна. Шоунд бүртгүүлсэн хамтлагууд эхний шатанд манай www.cokenbeat.mn сайтад өөрсдийн видеог тавин санал асуулганд оролцоно. Эндээс шалгарсан оролцогчид тавдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгэн хүртэл “MN-25” телевизээр “Concert show”-нд орон өөрсдийгөө сурталчлан танилцуулна. Сүүлийн шатны шалгаруулалт зургадугаар сарын нэгнээс долдугаар сарын нэгэн хүртэл сайтын санал дээр шүүгчдийн санал нэмэгдэн шилдгүүдээ шалгаруулна. Долдугаар сарын 13-нд манай наадмын шагнал гардуулах ёслол болно. Жил бүр “ТОР” хамтлаг дуучдыг шалгаруулдаг. Энэ жил “Best of live Saraa” нэртэйгээр Монголын шилдэг хөгжимчид, поп хатагтай Сараатай хамтран амьд тоглолт хийнэ.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэн, хэн байгаа вэ?
-­Ерөнхий шүүгч хөгжмийн зохиолч Пүрэвдорж, зууны манлай дуучин поп хатагтай Сараа, гитарчин Өөжгий, гитарчин Вовка, “MCS Coca Cola” компанийн төлөөлөгч, “Protec Group”, “Total Music Center”-ийн захирал миний бие тус, тус шүүн явуулна.

-Яагаад мэргэжлийн бус, ивээн тэтгэгч шүүгч хийх болов оо?
-Уралдаанд “Үзэгчдийг байлдан дагуулах чадвар” гэдгийг нэн тэргүүнд авч үзнэ. Энэ тал дээр дутагдалтай санагддаг. Би мэргэжлийн хүмүүсээс өөр өнцгөөс үзэгчдийн зүгээс саналаа өгч шүүнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байгаа гитарчин Өөжгий 11 дүгээр сард Тайландад болох “Asian Beat” наадамд шалгарсан хамтлагийг бэлтгэн авч явна.

-Ялагчийг ямар шагнал хүлээж байгаа вэ?
-Гранпри шагнал нь “Asian Beat” олон улсын наадамд оролцох эрх болон нэг жилийн продюссерийн гэрээг авах болно. Төрөл бүр дээр нэг, хоёр, гуравдугаар болон тусгай байрын шагналтай. “Yamaha Show Room” дэлгүүрээр үйлчлүүлэх эрхийн бичиг, клип хийлгэх эрх мөн ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагналууд хүлээж байгаа. Цаашид энэ наадам зогсолтгүй үргэлжлэх болно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж