Жижиг арлын том асуудал

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Жижиг арлын том асуудал

Хятадын нэршлээр Диаоюү, японы нэршлээр Сенкаку гэж нэрийдсэн ердөө долоохон хавтгай дөрвөлжин километр энэ газар нутаг Хятад-Японы хооронд энхийн хэлэлцээр тогтоосны 40 жилийн ойтой давхцаж маш том газар нутгийн маргааныг үүсгээд байна. Яг энэ асуудлаас болж Японы агаарын тээврийн компани Хятад руу нисэх нислэгүүдийг цуцалсан бөгөөд Хятад улсад Японы брендүүдийг зарахыг хориглож, жагсаал цуглаан ч ихээр гарч байгаа юм. Мөн газар нутгийн маргаан өрнөж байгаа бүс нутагт Хятад, Японы тэнгисийн цэргийн хүчин аль хэдийнэ байрлалаа эзлээд байна.

Японы дэгдээсэн маргаан

1895 оны наймдугаар сард Японы төв засгийн газар Кога Тацухуро нэртэй үйлдвэрийн 200 гаруй ажилчдыг Сенкаку арал руу илгээх тушаал гаргажээ. 1940 онд энэ тушаал цуцлагдсан ч 1970 оноос дахин сэргээж Сайтама үйлдвэрийн газрынхан дахин очиж ажилласан байна.

1945 оноос АНУ-ын засгийн газар мэдэлдээ авч байсан бөгөөд цэрэг болон худалдааны түшиц газраа болгон ашиглаж байсан баримт бий. Харин 1971 онд Окинавагийн эвийн гэрээ хэрэгжиж эхэлснээр АНУ 1972 онд Япон улсад эргүүлэн шилжүүлжээ.

2000-2012 оны хооронд Япон улсын дотоод хэргийн яам Минами Кожима, Кита Кожима, Уоцури нэртэй гурван хэсэг арлыг Курихарагийн гэр бүлд жилийн 25 сая иенээр хөлслүүлэх шийдвэр гаргасан нь Хятадын талын дургүйцлийг төрүүлээд байсан юм. Харин өнгөрөгч есдүгээр сарын 11-ний өдөр Уоцури буюу Хятад нэршлээр Диаоюү Дао арлыг Курихарагийн гэр бүлд 2,5 тэрбум иен буюу 26,2 сая доллараар худалдах шийдвэрийг Японы засгийн газраас гаргасан нь Хятад улсын дургүйцлийг хүргэж “газар нутгийг хүчээр булааж авах” гэсэн оролдлого хэмээн үзэж Япон улсын эсрэг арга хэмжээг авахаар болсон юм.

Эртний түүх судруудыг судалж үзэхэд энэ арлыг Япон ч бай, Хятад ч бай манай газар нутгийн нэг хэсэг гэж тэмдэглэсэн байдаг нь сонин. Эртнээс нааш энэ арлын талаар хоёр улс маргалдаж, тэмцэлдэж байсан гэдэг нь түүхийн олон судар бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.  Хятад улсад л гэхэд 1403 оны судар бичигт Диаоюү арлын тухай тэмдэглэсэн байдаг бөгөөд “”Рюкюгийн эзэнт улсад зорчсон тэмдэглэл” номонд ч энэ арлын тухай тэмдэглэсэн байдаг аж. Харин Япон улсад энэ арлын тухай эртнээс мэддэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Арлын тухай нэгд нэгэнгүй тэмдэглэсэн нэгэн судар 1796 онд гарчээ. Харин 1832 оноос Англи, Францад энэхүү судрыг хэвлэн эзэн хааны номын санд бэлэглэж байсан гэдэг.

Хятадын эгдүүцэл

Наймдугаар сарын сүүлээр газар нутгийн маргааны эхний мэдээлэл цацагдаж эхэлж байх үед Хятад улсад Японы эсрэг хөдөлгөөнүүд хүчээ авч эхэлсэн билээ. Шензэн, Шенян, Ханжоу, Харбин, Шиндао, Гуанжоу мужуудад эсэргүүцэгчдийн тэмцэл хүчээ аваад байсан юм. Одоо ч эдгээр хотуудад япончуудын эсрэг хөдөлгөөн хүчтэй хэвээрээ л байна. “Японы ард иргэд, Хууль сахиулагчид ер нь бүх хүмүүс нэг л зүйлд итгэлтэй байгаа. Сенкаку бол эргэлзээ байхгүй манай нутаг” гэж Токиогийн хурлын гишүүн Эйжи Кусака ярьжээ. Зүүн Хятадын тэнгист маргааны гол бай болсон жижиг арлын тал хэсэг нь оршдог аж. Үлдсэн хэсэг нь Окинава арлын ойролцоо нутаг дэвсгэрт хамаарагддаг юм. Хамгийн гол нь энэ аралд эрдэс баялаг, газрын тос, загасчлалын аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой ажээ.

“Японы засгийн газраас гаргасан энэ шийдвэр үнэхээр хууль бус. Яагаад заавал ингэх ёстой байсан юм. Диаоюү арал бол түүхийн талаасаа ч, ач холбогдолын талаасаа ч Хятад улстай асар их холбоотой газар нутаг” гэж Шанхай хотын Фүдан их сургуулийн профессор Шен Динли ярьж байна.

Япон улсын эсрэг хөдөлгөөнүүд Япон улсын төрийн далбааг элдэв ханзаар дарж, эс бөгөөс хөл доороо дэвсэх, Элчин сайдын яам руу нь ч халдах тохиолдол анзаарагдаж байгаа юм. “Энэ үйлдэл бол Хятад улсыг ямар түрэмгий улс вэ гэдгийг харуулж байна. Заавал ийм үйлдэл гарч ард иргэдийг дайн самуунд уриалан дуудах хэрэг байхгүй” гэж Шинтаро Ишихаро өөрийн тэмдэглэлдээ дурьджээ.

Хятад улсад яг одоогийн байдлаар Япон улсын брендүүдийг худалдаах, зарж борлуулахыг хориглож байгаа бөгөөд Япон зорогийн газруудыг ээлж дараалан хаасаар байна. Харин Япон улсын агаарын тээврийн компани Хятад руу нисэх нислэгүүдээ цуцлах арга хэмжээ авсан юм.

Япон vs Хятад

Түүхийн ихэнх хэсэгт нь Японы эзэн хаадуудын мэдэлд явсан энэ арал тогтоол, шийдвэргүйгээр Хятадын талд байсан гэдгийг баталдаг. Гэсэн хэдий ч ихэнх баримтууд Японы талд бий. Гэхдээ 1970 онд Япон-Хятадын хооронд энхийн хэлэлцээр тогтоосноор энэ арлыг хоёр хуваан эзэмшихээр тохиролцсон билээ. Энэ хэлэлцээрээр жижиг арлын хувь заяаг нааштайгаар шийдэж чадсангүй. 2010 онд загас агнуурын зорилгоор зорчиж байсан Хятадын хэсэг хүмүүсийг Япон улсын эргийн хамгаалалтын газрынхан илрүүлж тухайн үедээ маргаан дэгдээж байсан юм. Үүнийг Хятадын талаас ноцтой эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлж байснаас хойш Япон-Хятадын харилцаанд дахин сэв суусан билээ.

Японы засгийн газар өнгөрөгч лхагва гаригт шуурхай хуралдаан зарлан маргаантай байгаа газар нутгийн талаар хэлэлцсэн бөгөөд Хятадын засгийн газартай нэн даруй хэлэлцээрийн ширээний ард суух талаар ч мөн ярьсан байна. Япон улсад үүнээс гадна бас нэг асуудал гарч ирсэн нь Солонгос-Японы хилийн зурвас нутагт оршдог Такешима арлын талаар Солонгос улс дахин асуулт илгээсэн нь байдалыг улам хурцдуулж байгаа юм. Япон улс мөн уг арлыг 1945 оны дайны дараа өөрийн мэдэлд авсан ч Солонгос улс арлын талаарх маргаан, геологийн байрлалын талаар дахин баримт сэлтийг цуглуулж эхэлсэн нь 2009 оноос хүчээ авсан билээ.

Япон улсад газар нутгийн маргаан шил, шилээ даран үргэлжилж байх хооронд Хятад, Японы тэнгисийн цэргийн хүчин зэвсэглэсэн хөлөг онгоцуудыг байрлуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хэрвээ хоёр улс ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй бол байдал хүндэрнэ гэдгийг олон улсын геополитикийн мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Энэ асуудал хүндэрвэл ямар байдалд хүрэхийг үнэхээр таахын аргагүй. Хятад-Вьетнамтай газар нутгийн маргаантай байгаа, Япон улс Орос,Солонгос улсуудтай газар нутгийн маргаантай байгаа. Дээрээс нь АНУ Диаоюү /Сенкаку/ арал дээр цэргийн баазаа байрлуулж байсан зэргийг харвал зөвхөн энэ хоёр улсын асуудал биш гэдгийг харж болно.

“Энэ бол улс төрийг маш аюултай нөхцөл байдал. Газар нутгийн байрлал, хуулийн нөхцөл байдал зэргийг харвал маш амархан шийдэгдэн гэсэн ямар ч баталгаа алга” гэж CNN агентлагын сурвалжлагч Жефф Кингстон твиттер хуудсандаа бичжээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж