Япончуудын элэнц хуланц Сибирийн буриадууд

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Япончуудын элэнц хуланц Сибирийн буриадууд

Японы NHK саяхан нэг судалгаа явуулсан нь “Япончуудын эртний аялал” гэсэн телевизийн хөтөлбөрийн сэдэв нь болжээ. Судалгаагаар япон, буриад, монголчууд нэгэн элэнц хуланцаас гаралтай гэж үзжээ. Бидний нийлэг өвөг дээдэс арслан зааны анчдаас гаралтай ажээ.
Бээжингийн орчим ба Ява арлаас олдсон балар эртний хүний үлдэгдэл нь 1,5 сая жилийн настай байдаг. Хүний хөгжлийн төв нь ойролцоогоор таван сая жилийн өмнө хүний элэнц хуланц гарч ирсэн Африкаас Азид шилжсэн.  Хоёр зуугаад мянган жилийн дараа Африкт үүссэн homo sapiens барагцаалбал 100 мянган жилийн өмнө Үхлийн тэнгис ба өнөөгийн Суэцийн сувгийн орчмоос бөөнөөр нүүдэллэж эхэлжээ. Цаашлаад Европ, Азийн амьдрах орчин сайтай нутгуудаар тархсан байна.

Азийнхны өвөг дээдэс, тэр дундаа япончууд Ази тивд хоёр замаар нэвтэрсэн. “Хойд зам” гэгдэх Сибирийн хүйтэн нутгаар нэг хэсэг нь нөгөө хэсэг нь баруун ба өмнөд Ази, индонезиар дамжсан “өмнөд замаар” Азид орж иржээ.

Япончуудын үүссэн түүхийг таван үе болгон хувааж болох гэнэ. Үүнд:
-Хойд Азийн хүйтэн тивийг туулсан;
-Өмнөдийн тэнгисийг гатласан;
-Зёмоны үеийн хүмүүс Японы ольтригт ойролцоогоор суурьшсан 13 мянгаас 23 мянган жилийн үе;
-Газар тариалан эрхлэн цагаан будаа тарьж эхэлсэн үе;
-Хангалтай судлагдсан Яёй эрин. Энэ нь Японы улс үүсэхийн өмнө үед хамаарна. Химико ч, Сётоку Тайси ч, бусад  эрдэмтэд ч өнгөрсөн зуунуудын тайзнаа гарч ирсэн “нэргүй ард түмний тухай” хангалттай бичсэн байгаа.
Зёмоны үеийн хүнийг Японы эрдэмтэн Сага Синода Кэньити идэвхтэй судалсан юм. Тэрээр шүдний үлдэгдлийн дотор хэсгээс авсан ДНК-ийн материалыг авч Зёмон хүний шинж тэмдгийг тогтоосон байлаа. Тэрээр нийтдээ 54 үлдэгдлийн материалыг судалжээ. Үүнээс гаргаж авсан баталгаагаа 130 орны таван сая гаруй ДНК-ийн мэдээлэлтэй Улсын генетикийн институтын мэдээллийн сантай харьцуулан судалжээ.
Зёмон хүний ДНК-г Азийн янз бүрийн бүсийн ард түмний ДНК-тай харьцуулсан үзүүлэлт нь Зёмоны үеийн 29 хүний нэгийнх нь ДНК солонгос хүнийхтэй, өөр нэг нь Тайванийн хятад, тайланд хүнийхтэй тус тус таарч байна.  Харин 17 зёмоны ДНК Сибирийн буриадуудынхтай таарчээ. Гэхдээ япон хүн Азидаа зөвхөн буриадтай ч адилхан биш Сибирийн уугуул иргэд якут, долган, ульч нартай бас төстэй ажээ.

Буриад өвгөдийн зэмсэг

Эрхүү мужийн Мальта тосгон. Сибирийн төмөр замаар өнгөрөх галт тэрэгний дуу чимээ сонсогдоно. Тосгоны зарим байр байшин Цагаан голын эргийн дагуу үргэлжилнэ. Оршин суугчид нь голын цооногоос усаа авдаг. Голын эсрэг талын эгц эрэгт 23 мянган жилийн өмнө амьдарч байсан сибирийнхний палеолитик байжээ. Малтлагаар 7-10 эртний сууцны буурь илэрсэн юм.

Саппорогийн их сургуулийн профессор Кимура Хидэаки профессор Медведевтай харьцаа холбоотой явж иржээ. Тэрээр Зөвлөлтийн үед, гадаадынхныг нутагтаа оруулах дургүй байсан цагт Мальта тосгоны малтлагад оролцжээ. Тэрбээр Сибирийн археологчдын дунд ажилласан анхны гадаад хүн байсан юм. Сибирийн чулуун зэвсгийн талаарх бүтээлээ Кимура хэвлүүлсэн байлаа. Тэнд 1-2 см-ийн урттай, хэдхэн мм-ийн өргөнтэй чулуун эдлэлүүдийг бичсэн байв. Тийм чулуун зэвсэг нь Сибирийн мөсөн галвын үед хамаардаг. Эдгээр эдлэл Сибириэс гадна Японоос олдсон юм. Тэгэхээр хүмүүс Сибириэс Японы ольтригт зэвсэгтэйгээ ирсэн гэсэн үг болж байна.
Мальтаас гадна Сибирээс хүй нэгдлийн үеийн 200 орчим буурь буудал олджээ. Тэдгээр судалгаа нь Сибирьт орж ирсэн хүмүүс 30-40 мянган жилийн өмнө Японы Зёмоны үеэр тархан суурьшсаныг харуулж байна. Зёмоны үеэс эхлэн хүмүүс тасралтгүйгээр Японы арлуудад орж ирсэн гэж Кимура үзжээ.

Арслан зааны анчид

Сибирьт хүн ирсэн нь арслан зааны аг­нуур­тай холбоотой болов уу. Мөсөн галвын үед арслан заан бүх Сибирь, европ хүртэл орон зайд ноёрхсон байжээ. Мальтагийн малтлагаар арслан зааны ихээхэн яс, сүг зураг олдсон юм.
Одоо Японд “Арслан зааныг сэргээх” хөтөл­бөр хэрэгжиж, Сибирийн мөнхийн цэвдгээс  гар­ган авсан арслан зааны генетикийн материалыг Африкийн заануудад суулган арслан заан гаргаж авах гэж байгаа юм. Мөсөн галавын Сибирь маш өтгөн өвс ургамалтай байсан ба тэнд арслан зааны үеийн үст хирс, агуйн арслан, баавгай, бизон үхэр, хүдэрт бух, асар том буганууд амьдарч байлаа. Гэхдээ л тэнд арслан заан ноёрхож байжээ.

Хүй нэгдлийн үеийнхэн эхлээд анчин байгаагүй нь лавтай. Нэг сая жилийн өмнө амьдарч байсан пикентропууд алх, хутга маягийн чулуун зэвсэгтэй байв. Тэдний гол хоол хүнс нь ургамал байлаа. Сибирьт анхны хүмүүс барагцаалбал 50 мянган жилийн өмнө орж иржээ. Төв Азиас Сибирь хүрсэн тэдний замд палеолитикийн зогсоол, бууц их байдаг. Тэндээс ангийн зэвсэг ба арслан зааны яс ихээр олддог. Дөнгөж 21 мянган жилийн өмнө Сибирийн ан агнуурт хурц нарийхан чулуун зэвсэг үүсчээ. Тийм маягийн зэвсгийг бизоны далны ясанд зоогдсон байдалтайгаар олж байв. Хурц үзүүр нь гүнзгий нэвтэрсэн байгаа нь тэдний сайн анчид болохыг харуулж байна.

Тэр үе бол хамтарч том амьтдыг намнасан шинэ хүмүүсийн эрин байжээ. Хорин мянгаад жилийн өмнө арслан заан Японы нутагт орж ирсэн байв. Хоккайдогийн их сургуулийн профессор Фукуда Масэки арслан заанууд дулаарлыг даган өмнө зүгт хөдөлсөн гэж үзэв. Тэдний нэг хэсэг Хоккайдо аралд орж ирсэн байв. Эдгээр амьтдыг дагалдаад Сибирийн хүмүүс чулуун зэвсэгтэйгээ Японд орж иржээ. Хоккайдо аралд тэд Сахалинаар дамжин орж ирсэн аж. Тэр үед далайн төвшин 100 метрээр бага байсан учир Сахалин эх газар ба Хокайдотай холбоотой байсан гэнэ. Ингээд япончуудын элэнц хуланц арслан зааныг дагаад Японд орж ирэн суурьшсан байна. Дараа нь тэд мөсөн дээгүүр Хонсю аралд нэвтэрчээ. Их нүүдэл 30 мянгаад жилийн өмнөөс эхэлсэн ч байж болно. Гэхдээ 20 мянган жилийн өмнө эртний буйр буудлын тоо Японд эрс ихэссэн байлаа. Токиогийн Синзюку районд хорин мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн буйр олджээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж