Оросын Алс Дорнод, Белоруст Цацрагийн идэвхи илэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Оросын Алс Дорнод, Белоруст Цацрагийн идэвхи илэрчээ

АЦС цунамийн өмнө ба дараа нь

“Фүкүшима-1”  атомын цахилгаан станц орчмын далайн усны цацраг идэвхт йодын хуримтлал лхагва гаригийн шөнө хэвийн хэмжээнээс бараг 4,3 мянга дахин их болов. Радиацийн бохирдол  бусад орнуудаар тархаж эхэлсэн байна. Цацраг идэвхт бодисын тархалтын аюултай бүсэд Оросын Алс Дорнод, Хятад, Солонгос, АНУ, Исланд зэрэг орнууд багтлаа. АЦС-ын гэмтсэн блокуудаас цацраг идэвхт бодисын хаягдал гаргахгүйн тулд тусгай даавуугаар бүтээхээр болж байна. Японы 54 цөмийн тогоо өндөр давалгааны дайралтад бэлтгэгдээгүй байсныг онцолж байна.

Цунамид дайрагдсан “Фүкү­шима-1”  атомын цахилгаан станцын дэргэдэх далайн усны цацраг идэвхт йодын хурамтлал хэвийн хэмжээнээс бараг 4,3 мянга дахин их болов.  Хоёр хоногийн өмнө усны цацраг туяаны хэмжээ хоёр дахин бага байсан юм.

Өдгөө бохирдлын ул мөр Хятад, Солон­гос, АНУ, Исланд зэрэг орнуудад илрээд байна. Радиаци Оросын Алс Дорнод ба Белорусиас шинээр илэрчээ. Одоохондоо цацраг идэвхт бичил хэсгүүд агаар мандалд байгаа, хэзээ нэгэн цагт гадаргад бууна гэдгийг мэргэжилтнүүд са­нуулж байна. Британийн Эрүүлийг хам­гаалах агентлаг цацраг туяа­ны бохирдлын эх сурвалж нь “Фүкү­шима-1”  атомын цахилгаан станц гэж мэдэгдэв. Цацраг идэвхт йод-131 АНУ-ын зарим муж, Канад, Европын орнуудад илэрчээ. Өмнө нь цацраг идэвхт плутоний  таван цэгт илэрсэн байлаа.

“Терсо”-гийн захирал зугатаагүй гэв

TEPCO  компанийн тэргүүн Ма­са­­таки Шимизу алга болсон гэдгийг компани үгүйсгэв. Тэрбээр гуравдугаар сарын 16-наас эхлэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Түүний даралт ихсэн, толгой нь эргэх болсон гэв. Тэрбээр гуравдугаар сарын 13-наас хойш олны өмнө  үзэгдээгүй билээ. Японы Засгийн газар АЦС-ын гэмтсэн блокуудаас цацраг идэвхт бодисын хаягдал гаргахгүйн тулд тусгай даавуугаар бүтээж, хуримт­лагдсан цацраг идэвхт усыг том танкер онгоцонд шавхан хадгалахаар шийдвэрлээд байна. Үүнд улс төрийн шийд­вэр хэрэгтэй гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгджээ.

Японы Asahi сонинд тодруулснаар даавуун бүтээлэг нь тусгай “асар” маягийн байх гэнэ. Түүгээр нэг, гурав, дөрөвдүгээр тогоог бүтээх бөгөөд устөрөгчийн хуримтлал гар­гах­гүйн тулд шүүлтүүртэй салхив­чийн төхөөрөмжтэйгээр хийх ажээ. Бүтээлгээ тавихаас өмнө блокуудыг тусгай будгаар будна. Тэр нь цацраг идэвхт бодисын хөөрлийг хязгаарлах учиртай ажээ.

Далайд цутгасан бохирдолтой ус болон блокуудад хуримтлагдсан бохир усыг тусгай танкер онгоцонд хадгалан цэвэрлэх болно гэж Tokyo Electric Power Co (TEPCO) ком­пани мэдэгдээд байна. Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яам бүх атомын станцуудад цунамийн эсрэг аюулгүйн арга хэмжээ авах төлөв­лөгөөг боловсруулан танил­цуулах үүрэг өгсөн байна. Нөөцийн дизель станц нь ажиллагаанаас гар­сан ч хөргөгчийн системийг ца­хил­гаа­наар хангах өөр эх сурвалжтай байх үүргийг АЦС-уудад өгсөн байна.
Сүүлийн мэдээгээр 30 мянга ор­чим хүн гамшгийн улмаас үрэгдэж, сураггүй болоод байна. Сүүлийн өдрүүдэд тэнд бараг өдөр бүр 5,0 магнитудтай хориод газар хөдлөлт бүртгэгдэж байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж