Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 1

Энэ өдөр төржээ

Отто фон Бисмарк Германы эзэнт улсын анхны канцлер (1815.04.01-1898.07.30)

Отто фон Бисмарк 1815 оны дөрөв­дүгээр сарын 1-ний өдөр Германы Бранденбург мужид (Сак­сония-Ан­хальт) жижиг эдлэнтэй газрын эзний гэр бүлд төржээ. 1822 оноос тэр Берлиний Пла­мана сур­гуульд, дараа нь Фрид­рихштрасс дахь Агуу Фрид­ри­хийн нэрэм­жит гимназид, үргэлжлүүлээд “Саар­лын сүмийн дэргэд” хэмээх гим­назид суралцжээ. Мөн Геттинген дэх Георг Августын их сургуульд суралцаж, Берлиний Нийслэлийн шинэ их сургуульд улс төр, эдийн засаг, гүн ухаанаар цол хамгаалсан юм.

Отто нэлээд урт хугацаанд Аахен хотноо дипломат ажил хийж байгаад лам хүний охинтой гэрлэх гээд бүтэлгүйтсэн учир тэндээс явжээ. 1838 онд тэрээр егерийн гвардийн суманд алба хаагаад эхийгээ нас барсны дараа албаа орхин эдлэндээ эргэж иржээ.

1847 онд Пруссийн вант улсын Нэгдсэн ландтагийн депутатаар сонгогдож, хоёр жилийн дараа нь парламентын доод тан­химын гишүүн болжээ. Австритай “Эрфуртын” сөргөлдөөн гарсны да­раа Отто Бисмаркийг Франкфуртын Холбооны сеймд төлөөлөгчөөр томилжээ. Крымын дайны дараа 1857 онд Орост элчингээр сууж, орос хэлийг муугүй сурсан байлаа.

1862 онд Бисмаркийг Засгийн газрын тэргүүнээр томилон түүнд дээд сайд нарын үүргийг өгсний дараа “Бисмарк-канцлерийн” эрин эхэлжээ. 1867 оноос хойш тэрээр Хойд Германы холбооны Үндсэн хуулийг бүтээхээр оролдон Франц-Германы дайны үеэр II рейхийг байгуулж, I Вильгельмийг Германы эзэн хаанаар (кайзер) зарлан тунхагласан юм. Бисмарк 1872 онд Оросын Горчаковын хамт Берлинд Герман, Австри, Оросын  эзэн хаадын уулзалтыг зохион байгуулжээ. Гурван эзэн хааны уулзалтыг тэрээр 1881 онд дахин сэргээж үр дүнд нь Гурвалсан холбоо байгуулж, 1882 онд гэрээнд гарын үсэг зуруулсан байна. 1884 онд Герман улс Африкт асар уудам нутгийг авч чадав. 1888 оны эхээр I Вильгельм, удалгүй III Фрид­рих нас барлаа. “Социалистуудын эс­рэг хууль” гэдгээс гарсан зөрчилдөөний улмаас II Вильгельм 1890 оны гуравдугаар сарын 20-нд Бисмаркийг огцруулжээ. Отто фон Бисмарк үлдсэн амьдралаа Гамбургийн ойрол­цоох Фридрихсру эдлэндээ өнгө­рүүлж, 1998 оны долдугаар сарын 30-нд нас баржээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Жудитта Паста, Италийн дуучин (меццо-сопрано) (1797.10.28-1865.04.01)

Тэрээр XIX зууны эхний хагасын шилдэг итали дуучин эмэгтэй. Тухайн үеийнхэн түүний жүжиглэх ур чадварыг өндрөөр үнэлж байлаа. ХХ зуунд Пастатай зөвхөн Мария Калласыг эн зэрэгцүүлэн үзэж байв.

Жудитта Паста (Жудитта Негри) 1797 оны аравдугаар сарын 28-нд (эх сурвалжаар 1798 оны дөрөвдүгээр сарын 9-нд) Саронно хотноо төржээ. Миланд суралцаад 18 насандаа Брешиа хотод анх тайзнаа гарсан нь амжилт олсонгүй. Лондонд хоёр жилийн дараа бас л амжилтгүй тоглов. Дуучин 22 настайдаа Милан хотноо анхны амжилтад хүрчээ. Дараалаад Ром, Турин, Парист 1821-1822 онд амжилттай тоглосон юм.

Парист хамгийн гайхалтай тоглолт хийсний дараа тэрээр дэлхийд алдаршив. 1824 оноос хойш 13 жилийн турш  Лондон, Парис, Милан, Неапольд тогтмол тоглон Моцарт, Беллини, Доницетти, Россини зэрэг алдартнуудын дуурийг дуулж байлаа. Алдар цуутай Малибрантай ч өрсөлдөж байсан гэдэг. 1837-1839 онд тайзнаа огт гараагүй дуучин маань 1840–1841 онд аялан тоглолтоо дахин эхэлжээ. Алдарт дуучинг Вена, Берлин, Варшав, Петербург, Москва бишрэн хүлээн авч байжээ.

Амины «Сомнамбул» дуурийн Нормагийн дүрийг тэр 1831 онд анхлан бүтээсэн юм. Беллинийн «Беатриче ди Тенда» дуурийн гол дүрийг бас л анх тэрээр 1836 онд дуулжээ. Өөрийн гайхамшигт карьераа Паста Лондон хотноо 1850 онд албан ёсоор тогтоожээ. Дуучин 1865 оны дөрөвдүгээр сарын 1-нд (зарим эх сурвалжаар 1867) Блавиа хот дахь шилтгээндээ нас баржээ. Сароннагийн театр түүний нэрээр нэрлэгдсэн байгаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж