Цаг уурын өөрчлөлт амьдралаа өөрчлөх шалтгаан

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Цаг уурын өөрчлөлт амьдралаа өөрчлөх шалтгаан

Дэлхийн дулаарал, озоны цоорхой, хүлэмжийн хий, хөрсний эвдрэл… Бараг хүн бүрийн амнаас гарах болсон “цаг уурын өөрчлөлт” хэмээх ойлголт бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй олон хүний хувьд цаг уурын өөрчлөлт амьдралын хэв маягаа орвонгоор нь өөрчлөх шалтгаан  болсоор байна.

Абакар мэргэжлээ сольсон нь

Абакар Махамат өмнө нь загасчин байсан. “Намайг залуу байхад энд уснаас их юм байгаагүй. Бороо их ордог, гурван хоног үргэлжилсэн борооны дараа газар дэлхий нов ногоон болдог байлаа” хэмээн Чад улсын иргэн ярьж байна. 1960 онд Африкт томоороо дөрөвдүгээрт ордог байсан Чад нуураараа тэр бүх л насаараа бахархаж амьдарсан. Гэтэл өдгөө нуурын хэмжээ  20 дахин багассаны буруутан нь цаг уурын өөрчлөлт. Хэдэн зууны турш нуур бараадан, загас барьж амьдарсан омгийнхон өдгөө газар тариалан, жижиг үйлдвэрлэл эрхэлж амьдралаа залгуулж байна. Абакар Махамат ногоо тарьж, түүний хөрш бэлэг дурсгалын зүйл хийж, найз нь жижигхэн мухлаг нээжээ.

2008 онд Убанги голын усыг нуур руу татах төсөл хэрэгжүүлэхээр Чадын эрх баригчид олон улсад хандсан юм. Гэсэн ч нуур ширгэсээр, багассаар байгааг сансраас авсан гэрэл зургаас харж болох бөгөөд Абакар тэргүүтэй хэдэн мянган хүн загасчны амьдралаа бүрмөсөн орхиход хүрээд байна.

Далай ээж тэжээхээ болилоо

Далайн усны температур нэмэгдэж буйгаас хүчтэй хар салхи дэгдэх нь нэмэгдсээр байна. Хар салхи далайн эргийг эвдэж, элс ихэссэнийг экологчид ярьж байна. Энэ нь далайн ургамалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй нялцгай биет, дун түүн амьдардаг олон хүнийг хоолгүй үлдээхэд хүргэжээ. Тайландын Самутракамын оршин суугчид хэдэн зууны турш далайн хясаа, дун, нялцгай биет түүж амьдарсан. Ваний Майнуам хэмээх эмэгтэй “далайн ус бүлээссээр байна. Хясаа, сам хорхой улам л ховордлоо. Энэ байдал үргэлжилсээр байвал эндээс явахаас өөр аргагүйд хүрнэ. Гэвч хаашаа? Бидний ихэнх нь боловсрол эзэмшээгүй, бүр бичиг үсэггүй” хэмээн ярьж байна. Хясааг далайн фермд үржүүлэх ажил Тайландад  цэцэглэн хөгжиж буй ч энэ нь эргийн бүтэц эвдрэх, ус бохирдох, улмаар далайн ургамал, амьтан мөхөх гол шалтгаан болж байгаа аж.
 

Илүү ус байхгүй

Элсэн цөлийн дунд орших Лас-Вегасынханд усны гачигдал үргэлж байсан. Колорадогийн Мид голоос хоолойгоор ус татаж, хотоо ундаалдаг. Гэсэн ч сүүлийн жилүүдэд голын ус татарч эхэлсэн нь байдлыг улам хэцүүдүүлж буй. Гольфийн талбайн эзэн Скотт Саттон “Бид өөрчлөгдөх ёстой. Өөр сонголт үгүй. Хэрэв энэ янзаар байгаль руугаа дайрсаар байвал эргүүлж буцаахын аргагүй гамшиг нүүрлэнэ. Гол ширгэх цаг хот, казино, жуулчид, гольфын талбай ч үгүй болно” хэмээн ярьж байна. Дусал усыг ч гамнах, ургамал тарих зэрэг арга хэмжээг авахгүй бол казиногийн хот тун удахгүй “хатах” нь.


Дулааны цохилт

Европ, Америк, Ази, Африк гээд хаа сайгүй олон жилийн дунджаас илүү халах хэвийн үзэгдэл болоод байна. Хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь “чичрүүлж” буй их халуун амьтан, хүнд ч үхэл авчирсаар буй. “Сүүлийн 15 жилд байгаагүйгээр халж, хүмүүс ч үүнд дасаж эхэлжээ. Гэхдээ ургамал бол ургамал, тэд ч бас халуунд “шаналж”, хатаж байна. Гэтэл газар тариалан бол бидний хувьд зөвхөн хоолоо олж идэх арга бус, амьдралын минь хэв маяг шүү дээ” хэмээн Испанийн Валенсия мужийн иргэн Мигель Камп өгүүлжээ. 2009 оны хэт халууны үеэр Мигелийн чинжүүний талбай сүйдэж, их хэмжээний алдагдал орсон байна.

Цэвдэг хайлж байна

Сибирийн газар нутаг дахь мөнх цэвдэг хайлж эхэлжээ. 6000 мянган жилийн өмнө одоогийнхоос дулаан байсан ч цэвдэг хайлаагүй тэсэж үлдсэн гэдэг. Жилийн дундаж температур 0 °С-ээс дээшлэхэд мөнх цэвдэг хайлна хэмээн мэргэжилтнүүд тооцолджээ. Гэтэл Якутскт жилийн дундаж температур -9 °С болоод байна. Якутскийн оршин суугч Луиза Конушевагийн ярьснаар, тэндхийн орон сууцнууд чийгэнд идэгдэж, цуурах нь энгийн үзэгдэл болсон гэнэ. Мөнх цэвдэг хайлснаар хэдэн сая хүн толгой хоргдох газаргүй болох нь.


Үерт туугдагсад

Гималайн нурууны өндөрлөг дэх Ладакхт 2010 онд наймдугаар сард урьд өмнө байгаагүй их бороо оржээ. Ууланд жилдээ буудаг хур тунадас ганцхан цагийн дотор унахад Инд гол эргээ халин суурингуудыг урсгасан байна. Тэр үед 193 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон аж. Их үерээр орон гэргүй болсон фермер Ринчен Вагайл, гэргий, ой хүрч байсан хүүгийнхээ хамт толгой хоргодох газаргүй болсон. “Манай удмынхан хэдэн үеэрээ амьдарсан байшинг үер ганцхан хормын дотор л газрын хөрснөөс арчсан. Гэхдээ эрүүл, элэг бүтэн үлдсэн бид азтай улс. Дахиад тийм гамшиг бүү нүүрлээсэй гэж л хүсэж байна. Их халж, уулын мөнх цас хайлбал эндхийхэн бүгд сүйднэ” гэж байна.

Их өлсгөлөн

Перу улсад Эль-Ниньо хэмээх үзэгдэл өлсгөлөн дагуулж болзошгүй нь. 3-7 жилийн их хүйтний дараа хэдэн сараар дулаарч, хур буухыг Эль-Ниньо гэдэг. Агаарын огцом өөрчлөлт, халууны хүйтний солбилцол Андын нуруунд үер буух, хөрс гулгах, бэлчээр, тариалангийн талбай сүйдэхэд хүргэдэг. Түүнчлэн температурын хэлбэлзлээс болж мөнх цас хайлснаар тариалангийн талбай хатаж, ундны усгүй үлдэхэд хүргэх нь. Лам гөрөөс үржүүлдэг Юлиана Пакко “Энд өмнө нь цас их ордог. Сүрэл их, бэлчээр ч сайхан байлаа. Одоо бол лам гөрөөс бэлчих газар ч үгүй болж, элдэв өвчинд нэрвэгдэх нь ихэссэн” хэмээн ярьжээ.
 

Х.ОДОНЧИМЭГ

Эх сурвалж: www.toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж