Нийслэлийн хүүхдүүд спортоор өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хүүхдүүд спортоор өрсөлдөнө

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа Монголын хүүхдийн спортын IV их наадмыг нийслэлд зохион байгуулах нэгдсэн зааврыг баталжээ. Дашрамд дурдахад, Монгол Улсын “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийн 16.1 дэх заалтын дагуу Хүүхдийн спортын наадмыг дөрвөн жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ жил Хүүхдийн спортын IV их наадмыг спортын 25 төрлөөр зохион явуулж байгаа билээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн Хүүхдийн спортын наадам энэ оны зургадугаар сарын 18-ныг дуустал орон даяар үргэлжлэх юм. Хүүхдийн спортын IV их наадмыг үндсэн 10 төрөл, мөн сонгон оролцох 15 төрлөөр зохиож буй.
Зааврыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН IY ИХ НААДМЫГ НИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН ЗААВАР

Нэг. Зорилго:

Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Засгийн газрын 2010 оны 210 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамтач хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулан  Монголын Хүүхдийн спортын IY их наадамд сонгон шалгаруулах, Өсвөр үеийнхний Зуны Олимпийн II их наадамд оролцох тамирчдыг нээн илрүүлэхэд оршино.

Хоёр. Их наадмыг зохион байгуулах байгууллага:

Нийслэлд зохион байгуулах Хүүхдийн спортын IY их наадмыг нийслэл, дүүргээс томилогдсон Зохион байгуулах хороо, ЕБС-ийн хэмжээнд Зохион байгуулах ажлын хэсэг /захирал, хичээлийн эрхлэгч, биеийн тамирын багш нар/-үүд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод, спортын холбоодтой хамтран зохион байгуулах үүрэг хүлээнэ. Нийслэлийн Хүүхдийн спортын IY их наадмын тэмцээний Ерөнхий шүүгчийн бүрэлдэхүүнийг спортын холбооны саналыг үндэслэн Нийслэлийн Биеийн тамир, спортын газар томилно.

Гурав.  Их наадмын явагдах хугацаа, үе шат, оролцогчид:

Их наадмыг 2011 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 06 дугаар сарын
18-ныг дуустал нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Дөрөв. Их наадам явагдах спортын төрөл, ангилал:

1. Их наадмын спортын төрлүүдийн ангилал:

а/ Их наадмын үндсэн төрөл:  
          
1.    Бокс                    
2.    Волейбол
3.     Жүдо бөх
4.     Сагсан бөмбөг
5.    Тэшүүр
6.     Хөнгөн атлетик
7.     Цана
8.     Чөлөөт бөх
9.     Шатар
10.    Ширээний теннис

б/ Сонгон оролцох төрөл

1.    Хөл бөмбөг
2.    Дугуй
3.   Аэробик
4.   Таеквондо
5.   Даам
6.   Аялал
7.   Самбо бөх
8.   Спорт бүжиг

Тав. Техникийн зөвлөгөөн, мэдүүлэг хүлээн авах журам, хугацаа:

Их наадамд оролцох спортын төрлийн техникийн зөвлөгөөнийг тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө явуулж, мэдүүлэг авсан байна. Мэдүүлгийг гарын үсэг, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байх ба, эрүүл мэндийн тодорхойлолттой байна. Тамирчдын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, ЭМД-ын дэвтэрийг үндэслэж тэмцээнд оролцуулна.  

Зургаа. Наадмын зохион байгуулалт, үе шат:

Их наадам 2011 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг дуустал нийслэлийн хэмжээнд 3 үе шаттай зохион явагдана.

Нэгдүгээр үе шат: Анхан шатны нэгж сургуулиудын дунд

Хоёрдугаар үе шат: Дүүргийн хэмжээнд

Гуравдугаар үе шат: Нийслэлийн хэмжээнд хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, спорт бүжгийн спортын төрлүүдээр явагдана.

Нийслэлийн хэмжээнд зохиогдох спортын төрлүүд:

№    Спортын төрөл    Хугацаа    Жин, зай, нас    Хаана      

1.    Сагсан бөмбөг    IV/15-17    Хөв-12, охин-12  дас-1    Спортын төв ордон       
2.    Шатар    III/10-11    Охид, хөв. 11-14, 15-17нас    Шатрын клуб       
3.    Ширээний теннис    III/24-26    14 нас хүртэлх, 15-17 нас: Баг /эр, эм/  ганцаарчилсан /эр, эм/    “ОЧ” клуб       
4.    Волейбол    IV/04-10    15-17 нас: эр- 12 , эм-12,
1 дасгалжуулагч/    Спортын төв ордон       
5.    Хөл бөмбөг    IV/28-Y/01    Хөвгүүд -/15-17 нас/: 20 тамирчин,
1 дасгалжуулагч    Төв цэнгэлдэх хүрээлэн       
6.    Спорт бүжиг    IV/10-11    Хүүхэд – 1 Е, Хүүхэд – 2 D, Өсвөр – 1 D, Өсвөр – 2 С насны ангилалаар    Спортын төв ордон    

Долоо. Төсөв, санхүүжилт:

Тухайн дүүрэгт зохион байгуулагдах тэмцээний бүх зардлыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон Зохион байгуулах хороо, Биеийн тамир, спортын хороо хариуцна. Шигшээ тэмцээнд шалгаран оролцох баг, тамирчдын байр, хоол, унааны болон бусад зардлыг тамирчдаа оролцуулж байгаа үндсэн байгууллага нь хариуцна.

Найм. Дүгнэх журам, шагнал:

Нийслэлийн Хүүхдийн спортын IY их наадмаас Шигшээ тэмцээнд оролцох баг тамирчдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас батлагдан гаргасан зааврын дагуу шалгаруулна.Байгууллагын дүнг дүүрэг, нийслэл, улсын шигшээ тэмцээнүүдэд эзэлсэн байраар нь бага онооны нийлбэрээр гаргаж дүгнэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж