
1973 онд Монгол Улс, Кипр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 1984 онд хоёр улсын хооронд Соёлын хэлэлцээр байгуулжээ. Үүнээс хойш 17 жилийн дараа ийнхүү Засгийн газар хоорондын хэлэлцээр болон харилцан ойлголцлын хоёр санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсэн чухал алхам болжээ.
“Мэдрэл судлал, удам зүй, биоанагаах ухааны салбарт үйлчилгээ үзүүлэх, судалгаа, сургалт явуулах асуудлаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Кипр улсын Мэдрэл судлал, удам зүйн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурахад бэлэн болоод байгаа бөгөөд “Соёлын өвийг хамгаалах асуудлаар хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээр”, “Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах чиглэлээр талууд ажиллаж байгаа аж.
Кипр улс нь 2004 онд Европын холбоонд элссэн ба 2012 оны зургадугаар сараас Европын Холбоог даргалах аж. Монгол Улсын 60 гаруй иргэн Кипр улсад сурч, ажиллаж, амьдарч байна.