“Увертюра” хамтлагийнхан VIP тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

“Увертюра” хамтлагийнхан VIP тоглолт хийнэ

Хаа сайгүй вип үйлчилгээ нэвтэрсэн энэ цагт хамтлаг дуучид өөрсдийнхөө чансааг танилцуулах зорилгоор вип арга хэмжээг ч мөн зохион байгуулах болжээ. Хөгжим бүжгийн коллежид байхаас хамтлаг болон уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлаг ч мөн ийм арга хэмжээг аравдугаар сарын 6-нд зохион байгуулахаар бэлтгэж байгаа бололтой. Анхныхаа цомгийг хэвлэлтэд явуулчихсан залуус цомгийн баяр болон хамтлаг байгуулагдсаны гурван жилийн ойн баяр гээд хэд хэдэн баяруудыг давхардуулан тэмдэглэж хэвлэл мэдээллийнхэн болон өөрсдийн найз нөхдийн хүрээнд тоглолтоо хүргэхээр завгүй ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаадад хийх айлчлалын урлаг соёлын багт улаан, ногоон гэрлээр хаалтгүй явдаг гэх тус хамтлагийнхан амьдаар дуулдаг, классик гэдгээрээ бусдаас эрс ялгарсаар өдийг хүрсэн. Бусад хамтлаг дуучдын адил төдийлөн хов жив, хэл амны бай болоод байдаггүйн нууц нь монголын урлаг соёлын олон алдартнуудтай нягт ажиллаж заавар зөвлөгөө авч, алхам тутамдаа суралцаж байдагтай холбоотой хэмээн хамтлагийн ахлагч нь дурссан удаа бий. Ямартай ч төрийн наадмын нээлтийг хийж, анхны дуугаа хориглуулж, төрөл бүрээр уран бүтээл туурвиж олз омогтой адтай, одтой яваа залуус анхны гэсэн тоглолтоо “вип” хэмжээнд хийх нь тодорхой болжээ. Дашрамд дуулгахад өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд анх тус хамтлаг нэгэн гишүүнийхээ төрсөн өдрийн баяраар үүсэн байгуулагдаж байсан гэнэ лээ. Монгол гадаадын дуу хуулбарлах биш, Монголын гэсэн поп операг түгээн дэлгэрүүлэхээр санаачилсан залуусын тоглолтод амжилт хүсье.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж