Би Дундговьд дэвшихгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Би Дундговьд дэвшихгүй

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй ярилцлаа.

-Саяхан Дундговь аймагт ажил­лаад ирсэн байсан, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлгээр. Яа­гаад заавал Дундговь явсан юм бэ?

-Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Засгийн газрын гишүүдийг ахиухан оролцуулаач ээ, хөтөлбөртэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцох, мэдээлэл авахад хэрэгтэй байна гэсний дагуу намын дарга аймаг болгонд дор хаяж хоёр сайд ажиллах ёстой гэсэн шаардлага тавьсан. Хэлэлцүүлгийг долоо хоног бүр явуулж байгаа учраас нэг сайд нэг өнжөөд нэг хэлэлцүүлэгт явах болж байгаа.

-Явахдаа бас зүгээр яваагүй, Дунд­говийн Ардчилсан намыг үй­мүүлж, шөнөөр хурал зохион бай­гуулан өөрийн хүнээ тавьсан, мөнгө тараасан гэсэн бас нэг хэл аманд орчихоод ирсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Хагас сайны өдөр очиж арга хэмжээнүүддээ оролцоод, орой нь амраад, бүтэн сайны өглөө хэлэлцүү­лэгтээ орчихоод л буцаад гарсан шүү дээ. Юун шөнөөр хурал зохион байгуулах, мөнгө төгрөг тараах. Тийм юм байхгүй. Дундговь аймгийн Ардчилсан намын асуудлаар би нэг ч хүнтэй уулзаагүй. Тиймээс энэ асууд­лын учир аяндаа олдоно. Биднийг ирсний дараа аймгийн намын хорооны хурал нь болсон гэсэн. Би намын хорооны гишүүдээс нь бичгээр нотолгоо гаргуулж авахаар хүсэлтээ тавьчихаад байгаа.

-Дундговь аймагтай та ямар холбоотой юм? Танай нутаг уу, тэгээд ирэх сонгуульд нэр дэвшиж болох тойрог гэж харж байгаа юм уу?

-Дундговьтой би холбоотой, би тэнд төрсөн. Дундговь айм­гаас нэр дэвших гээд аймгийн намын хороог бужигнуулж байна ч гэх шиг, бас л сайхан гөрдсөн байна лээ л дээ. Учир нь олдох байлгүй дээ. Би Дархан-Уул аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсон. Энэ аймагт би их холын төлөвлөгөөтэйгээр, олон ажил хийж байгаа. Тиймээс би 2012 оны сонгуульд Дархан-Уул аймгаас нэр дэвшинэ.

-Сонгууль пропорционалиар явах­­­гүй гэж бодож байгаа юм уу?
-Хэрвээ сонгуулийг шууд пропор­ционалиар явуулахгүй бол, ямар нэг байдлаар хүн нэр дэвшүүлэх бол би Дарханд л дэвшинэ. 100 хувь пропорциональ болбол мэдээж хүн нэр дэвшүүлэхгүй, нам дугуйлаад л явна шүү дээ. Холимог юм уу, одоогийн томсгосон 26 тойргоор явуулбал би Дарханд нэрээ дэвшүүлнэ. Жижиг 76-г бол манай нам угаасаа дэмжихгүй гэдэг дээр хатуу байртай байгаа.

-Намын дүрмийн шинэчлэлийн тухайд хэр мэдээлэлтэй байгаа вэ?
-Дэмжиж байгаа. Дүрмийн энэ өөрчлөлтийг ирэх сонгуулийн да­раа мөрдөж эхлэх юм. 2012 оны сон­гуулийн дараа манай намын удирдах байгууллага яаж бүрдэх юм, ямар эрх мэдэлтэй байх юм гэдгийг зохицуулсан дүрэм шүү дээ.

-А.Баатархуяг, Г.Уянга нартай хийсэн зарга юу болсон бэ? “Ирвэсийг өршөөсөн сайд сэтгүүлчийг өршөөж чадах уу?” гэж танаас сониноор дам­жуулж асуулгасан байна лээ шүү дээ?

-Би хамгийн анх ноднин гурав­дугаар сард “сая долларын хаус”-ны тухай мэдээлэл гарсны дараа л “Наад мэдээлэл чинь буруу, ор үндэсгүй байна аа. Та нар өөрсдөө залруулах уу, эсвэл залруулах уу, ярилцлага, тайлбар өгөх үү” гэж асуусан. Тэгэхэд “Бид залруулахгүй ээ, баримт нотолгоо нь байгаа. Та тэр явдаг газраараа яв” гэсэн шүү дээ. Тийм учраас л би цагдаад өгсөн. Цагдаад өгсөн шалтгаан нь би бас өөрийгөө шалгуулж байгаа юм. Үнэхээр надад тэр сая долларын байшин нь байна уу, хэн нэгнээс авлига авч уу гэж. Тэгээд шалгаад энэ мэдээлэл нь нотлогдохгүй болонгуут эргээд нөгөө хоёрыг “хаанаас, ямар нотлох баримт дээр үндэслэж ийм зүйл бичсэн бэ” гэдгийг асууна биз дээ. Хоёр үзүүртэй асуудал байхгүй юу. Нэг бол би авлига авсан онц хүнд гэмт хэрэгтэн болж, хариуцлагаа хүлээх ёстой. Үгүй бол тэд хүн гүтгэсэн болж байна.

Би бол эхнээсээ тийм зүйл байхгүй шүү гэдгийг хэлээд, “залруулга хийгээч ээ” гэсэн. А.Баатархуяг, Г. Уянга хоёр өөрсдөө “Үгүй” гэсэн учраас л хууль шүүхийн асуудал босч ирсэн шүү дээ. Түүнээс хойш жил тойрчихлоо. Гол нь өөрсдөө цагдаад очдоггүй, гэрт нь яваад очихоор нь “Л.Гансүх гэдэг нөхөр л хөхүүл хүүхэдтэй хүн шоронд явуулах гэж байна” гэж баахан улс төр хийгээд, орилж хашгираад унадаг. Л.Гансүх гэдэг дарангуйлагч хууль хяналтын байгууллагыг гартаа атгачихсан, хүс­сэнээрээ хүн шоронд хийдэг юм байна гэсэн месежийг л нийгэмд өгч, өөрсдөө хэргээс зугтах гээд байгаа шүү дээ.

Уг нь бол маш амархан, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Нэг бол хуулиараа яваад өөрийгөө цагаатгах ёстой, үгүй бол надаас уучлал гуй­гаад эвлэрэх хэрэгтэй. Ердөө л энэ шүү дээ, асуудлыг шийдэх арга зам бол аягүй амархан. Гэтэл “Чимээгүй суугаад гүтгүүлдэггүй жижиг гараас уучлал гуйхгүй шүү” гээд л загнаад байгаа биз дээ. Та нар тэр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгийг нь сонссон уу?

-Сонссоон.
-Надаас шалтгаалаад байгаа юм үнэндээ байхгүй. Би бол эхнээсээ л нээлттэй байсан.

-Тэгээд хэн нь хэнийгээ өршөөх болчихоод байгаа юм бэ? Эцэстээ нөгөө хоёр ч таныг өршөөхгүй гээд байгаа юм шиг…?

-Үгүй, харин тийм. Хууль хяналтын байгууллагад л хэвлэл мэдээллээр дам­жуулж нөлөөлөх гэсэн аргаа барсан арга. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг, улам л хэлсэн үгэндээ орооцолдоод яваа юм. Утгагүй байгаа байхгүй юу. Гэмээ хаацайлахын тулд дуртайгаараа ярьж, бичиж, хэвлэл мэдээллийнхнийг ч бужигнуулж болдог юм байна. Ийм увайгүй улсууд хэвлэл мэдээллийн, сэтгүүлчийн нэр бариад юу ч хийхэд бэлэн болсон байна шүү. Хэвлэл мэдээллийхний сэтгэлийг хөдөлгөж, хүсч байгаа сенсаацийг нь гаргаж өгөөд, түүгээрээ дамжуулаад хүнийг намнадаг ажил хийж байна. Төрийн албан хаагч бол адгийн шаар байх ёстой гэдэг хандлагыг нийгэмд бий болгож, түүгээр ч зогсохгүй үг дуугүй, хүссэнээр нь бөхөлзөж байх ёстой гэдэг шахалт үзүүлж байна шүү дээ.

-Гэвч яагаад заавал Л.Гансүх гэж. Гэтэл та Ардчилсан намын генсек байхдаа А.Баатархуягтай ч, Г.Уянгатай ч хоёулантай нь хамт ажиллаж байсан гэсэн? 

-Эцсийн эцэст тэд өөрсдийнхөө улс төрийг хийхийн тулд л намайг золиосолсон шүү дээ. “Гансүх яадаг юм, энэ муу жижиг гарын учрыг дараа нь олчихно” гэж л тооцсон юм шиг байна лээ. Ардчилсан нам ч, МАХН ч адилхан луйварчид шүү дээ гэдэг мессэжийг л ард түмэнд өгөх гэсэн байхгүй юу. Одоо ч гэсэн тэгээд л бужигнуулж байна шүү дээ. Монгол Улсын эдийн засаг хөгжих гээд байна, эд нар илүү идээд байна, би юу ч үгүй хоцрох гээд байна гэж хардаад шээс нь гоожсон хүмүүс олон байна шүү дээ, цаагуур чинь. Гэтэл үнэндээ бол идэж уугаагүй л байхгүй юу. Сая машинд явж байгаад инээмсэглэл Fm 99.3-аар нэг онекдот сонслоо. Ээж нь “Миний муу хүү юу ч идсэн сэтгэл нь цаддаггүй юм. Цуйванд дуртай юм чинь өнөөдөр хүүдээ тогоо дүүрэн цуйван хийгээд өгчихье, нэг сайн баярлаг”  гээд хийж өгч л дээ. Тэгсэн хүү “Надад ийм их хоол өгч байгаа юм чинь та нар яасан ихийг идсэн бол оо” гээд уйлдаг. Тийм л юм болоод байна шүү дээ.

-Та тэр А.Баатархуяг, Г.Уянга нарын тухай нэвтрүүлгийг яг хэдэн төгрөгөөр хийсэн бэ? Цацалттайгаа нийлээд бараг 10 сая төгрөг болж байна. Энэ мөнгийг ямар эх үүсвэрээс гаргав гэсэн бас нэг хариулт нэхээд байна лээ, тэд?

-Би улстөрд орохоосоо өмнө бизнес эрхэлж байсан. Надад өөрийгөө, гэр бүлээ аваад явчих хэмжээний санхүү­гийн чадавх бий. Бүх зүйлийг сайдын цалингаар хэмжээд байж болохгүй шүү дээ. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ би бүгдийг мэдүүлсэн байгаа. Гэхдээ тэр нэвтрүүлэгт тэгж сенсааци болоод байхаар их мөнгө, арван сая төгрөг жишээ нь ороогүй. Ганцхан телевизээр төлбөртэй нэвтрүүлсэн, найман зуун  мянган төгрөг төлсөн. Бичлэг хийх, баримт цуглуулах энэ тэрд нь 500 мянга орчим төгрөгийн зардал гарсан байх. Үндсэндээ сая гаран төгрөг л гарсан. 

-Саяхан та ХБНГУ-д болсон “ITB Берлин 2011” үзэсгэлэнд Монголыг багийг ахалж оролцсон. Монгол Улс энэ үзэсгэлэнд гуравдугаар байр эзэлсэн гэж сонсоод гайхаж л байлаа. Өмнө нь энд тэнд зохион байгуулсан өөрсдийнхөө үзэсгэлэн, Монголын павильоныг харсан манайхан үнэн­дээ “ичиж үхэхээ шахлаа” гэсээр л ирдэг байсан л даа?

-Ерөн оноос хойш аялал жуулч­лалын салбар цэвэр хувийн хэвшлийн нуруун дээр явж ирсэн. Гэтэл хувийн хэвшил маань өөрсдөө хөрөнгийн эх үүсвэр багатай, маш олон жижиг компаниудад тарчихсан байна. Зөвхөн оператор компани нь гэхэд 500 гаруй байна шүү дээ. Гадаадад очиж, гэрээ хийж жуулчдаа авчирдаг компани нь. 1000-аас дээш жуулчинтай гэрээ байгуулсан оператор компани арав хүрэхгүй байх жишээтэй. Тиймээс төр үүн дээр хууль эрх зүйн орчинг нь сайжруулж өгөх, гадаад сурталчилгаа болон дэд бүтцээр дэмжихээс өөр арга байхгүй. Өмнө нь бол хөрөнгө санхүүгийн бололцоо муу байсан учраас тийшээ хардаггүй, эхлээд эдийн засгийн гол салбаруудаа босгоё гэдэг, хөрөнгө оруулалт тийшээ л явдаг байлаа. Одоо бол Монгол Улсын эдийн засаг тэлж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг улс орны эдийн засгийг авч явах гол гол салбарууд руу хуваарилах ёстой. Юуны өмнө үйлдвэржилт, ажлын байр бий болгох, аялал жуулчлал, мал аж ахуй, түүхий эдийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийг дэмжих чиглэл рүү. Тэгж байж бид “баялгийн хараал” гэдэг юм руу явчихгүй, эдийн засгаа жигд өсгөөд явах боломжтой болно. Анх удаа 2010 онд Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, 300 гаруй сая төгрөгийн төсөв гаргаад Берлины Олон улсын аялал жуулчлалын үзэс­гэлэнд орсон. Үзэсгэлэнд 188 орон оролцсоноос Монгол Улс анх удаагаа “Соёлын түнш”-ээр орсон. Урьд нь “Соёлын түнш” гэдэг ийм категори байгаагүй, “Түнш орон” л гэж байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үндсэн түнш Польш улс байсан л даа. Үнд­сэндээ энэ үзэсгэлэнгийн үеэр Мон­голын бүх талын сурталчилгаа явсан, бараг л үндсэн түнш орон юм шигээр, тийм иж бүрэн сурталчилгаа явуулсан. Өргөн ч бүрэлдэхүүнтэй оролцсон. Зөвхөн үзэсгэлэнд оролцох биш, Бер­линд Монголыг сурталчилсан олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Урлагийн тоглолт, уулзалт зөвлөгөөнүүд гээд.

-Хэд хоног үргэлжилсэн юм?

-Тав хоног үргэлжилсэн. Гэхдээ бэлтгэл ажлыг нь бол найман сар гаруй хийсэн. Ази, Африк, далайн орнуудын номинациас Монгол Улс гуравдугаар байрт орсон.

-Үүний үр дүн тэгвэл юу байна?

-Жуулчдын тоо нэмэгдэх ёстой. Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд бид хоёр зүйл дээр анхаарах ёстой. Нэгдүгээрт, тээврийн асуудал. Онгоцны парк, МИАТ-ын чадавхийг сайжруулах, өөр бас бусад замыг нээж өгөх естой. Дотоодын нислэгүүдээ бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, үйлчилгээний чанарын асуудал. Компаниуд өөрсдөө жуулчид хүлээж авах чадавхиа сайжруулах ёстой. Тэгэхгүй чанаргүй үйлчилгээтэй, үнээ унагаж хоорондоо өрсөлдөөд явбал ирсэн жуулчид чинь буцаж очоод “Монгол хэрэггүй” гэдэг сурталчилгаа л хийнэ.

 Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж