Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Хувилбар гурав

                                               ХУВИЛБАР ГУРАВ

                                 /Сонгуулийн хуулийг унагах төлөвлөгөө/

“Хэн нэгнийг буруутгаж шүүмжлэлтэй хандах гэж байгаа бол эхлээд түүний оронд өөрийгөө тавиад үз” гэх ахмадын үг бий. Энэ нь асуудлыг олон талаас харахыг сургах гэсэн санаа. “Сонгуулийн хуулийг яагаад одоо хүртэл баталж чадахгүй байна. Юуны учир гацаад байна” гэх асуулт, үүний араас шүүмжлэх бодол олон хүнд байгаа. Хууль тогтоогчид, тэр тусмаа эрх баригч бүлэглэлүүдийн удирдагчдын оронд өөрийгөө тавиад үзвэл юу бодогдох бол. 
 
Ирэх сонгууль дөхсөөр байна. Бид /гишүүд/ хэрхэх вэ?

Хувилбар нэг. Сонгуулийн хуулийг дахин өөрсдийгөө УИХ-д гарч дахин ирэх бололцоог дэмжсэн байхаар батлуулах. 

Хувилбар хоёр. Нэгдүгээр хувилбар бүтэлгүйтэх тийшээ хэлбийвэл 26/50 дээр гацаа үүсгэж Сонгуулийн хуульд гар хүрч болохгүй болох зургаан сарын хязгаар хүртэл уях. Энэ тохиолдолд өмнөх сонгуулиудад олж авсан туршлага давуу байдал үүсгэхэд тусална.

Хувилбар гурав.  Сонгуулийн хуулийг бүрмөсөн унагаж оронд нь хоёр танхимтай парламентын тогтолцоог оруулж ирэх. Ингэж чадвал 76 хан суудал булаацалдахгүй болж суудал авах боломжтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Олон нийтийн ойлголтгүй байдал энэ үед тус болно. Орон нутгаас суудал авах тоо нэмэгдэнэ.

Хувилбар дөрөв. Хоёр парламентын тогтолцоо буюу хувилбар гурвыг зүтгүүлээд бүтэлгүйтсэн тохиолдолд энэ нь хувилбар нэгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болно. Өөрөөр хэлбэл энэ нь анхаарал сарниулах үүргийг давхар гүйцэтгэнэ. Энэ тохиолдолд сонгогчид хоёр танхимтай парламент л биш бол алдаа мадагтай ч байсан яах вэ гэж бодно. Тэдний сэтгэл яг биднийхтэй адил хангалуун үлдэнэ.

Эдгээр хувилбаруудыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Хувилбар нэг, хоёр нь биднээс л шалтгаална. Хүчтэй сөрөг хүчин гэж байхгүй тул олон нийтийн дургүйцлийг эс тооцвол гаднаас ирэх эсэргүүцэл бага. Харин хувилбар гурвыг хэрэгжүүлэхэд бага зэрэг төлөвлөгөө хэрэгтэй болж болох юм. Үүнд, Нэгдүгээр шат: Өнгөрсөн хугацаанд үүссэн болж бүтэхгүй бүхнийг сонгуулийн тогтолцоотой холбох, хяналтгүй, хариуцлагын тогтолцоо дутагдсан гэх тайлбарууд гаргах. Улс төрийн хямралыг нэг танхимтай парламентаас үүдэлтэй гэж итгүүлэх. “Мянга давтаж үнэн болгох” аргыг энэ удаад ашиглах боломжтой. Намын гишүүд уулзсан бүхэндээ энэ үгийг хэлээд л гүйцээ. Сонин хэвлэл, телевиз, радиогоор “өөрчлөхгүй л бол болохгүй” гэх үгс ар араасаа хөвөрнө. Хоёрдугаар шат: Хүсч буй зүйлээ сонгогчдоор, ард нийтээр өөрсдөөр нь хэлүүлэх. Тухайлбал  Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэгдүгээрт тавьж үүндээ Сонгуулийн хуультай холбогдсон өөрчлөлтийг шургуулчихаж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн саналд тэр нь багтсан бол “нэгэнт том бүтцээр өөрчлөгдөх зүйлийг хэлэлцэж цаг үрэх шаардлагагүй” хэмээгээд уг хуулийн хэлэлцүүлэгт завсарлага авчихаж болно. Хуулийн төсөл УИХ-ын даргын баталсан хэлэлцэх асуудлын дарааллын дөрөвдүгээрт байгаа нь чухал биш. Тэгээд ч энэ жагсаалт нь хуулийн төслийг УИХ-ын хаалгаар оруулах тухай болохоос биш хаалгаар заавал гаргасан байх тухай биш учраас.  

Одоо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг ард нийтээс авснаа цэгцэлж байгаа гэх мэдээлэл тарж байгаа. Эдгээр саналууд дотор мэдээж “хоёр парламенттай болцгооё” гэх санал зонхилно. Хамгийн гол нь ард түмнээс ирсэн тэр саналыг л товойлгох чухал. Саяхан болоод өнгөрсөн “Парламентын шинэчлэлд улс төрийн намуудын үүрэг, оролцоо” зөвлөгөөн дээр энэхүү саналыг дурдаад орхисон. “Овоог босгочихсон” юм чинь “шаазгайнуудын” хийх ажил үлдсэн. Ард түмний хүссэн зүйлийг ингээд жинхэнэ удирдагч санаачилж байгаа юм даа. Эцэст нь ардын баатрын нэр манайд үлдэнэ.

Юунаас болгоомжлох ёстой бол?

Цаг үе өөрчлөгдөж байна. Иргэд мэдээлэлтэй болж, зарим зүйлийг нуухын аргагүй болж байна. “26/50 дээрээ тулчихаад одоо буцахгүй биз дээ”, “өөрчилье гэвэл ирэх парламентад үйлчлэхээр  л  хийлгэ” гэх зэрэг шаардлагууд хүчтэй гарч ирвэл хувилбаруудыг хэрэгжүүлэхэд бэрхшээл үүснэ. Уг нь Итали зэрэг оронд парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар болбол тухайн парламент нь бус шинээр сонгогдсон дараагийн парламентад  уг нэмэлт өөрчлөлт үйлчлэхээр хэлэлцэж баталдаг хуультай байдаг гэнэ. Энэ нь “өөрчлөх” ямар нэгэн ашиг сонирхолтой бидэнтэй адил хүмүүсийн гаргах шийдвэрт нөлөөлөх санаатай юм. Өөрөөр хэлбэл өөртөө биш дараагийн парламентад үйлчлэх хууль учир гишүүд арай шударга хандана гэсэн санаа. Уг нь эрх ашгийг минь хөндөхөөргүй байсан бол дэмжмээр л санаа аж.

Б.ЭНХМАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж