Сэтгүүлчид тулгамдсан асуудлаа ярилцав

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид тулгамдсан асуудлаа ярилцав

Сэтгүүлчид сайн муу хэлүүлэн байж өрөөлийн төлөө гүйхээс биш өөрсдийн төлөө дуугарсан нь цөөн. Тэгж гүйх заваар ч маруухан. Амралт, баяр ёслолоор ч ажил үүргээ гүйцэтгэж явдаг тэд сүүлийн үед харин өөрсдийн асуудлаар хааяа дуугардаг болсон.

Түүний нэг жишээ гэвэл Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 21 дэх жи­лийн­хээ нүүрийг үзэж, парламен­тын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид Төрийн ордноос мэдээ дамжуулж эхэлсээр мөн төдий хуга­цааг үдсэний дараа анх удаа өөрсдийнхөө тулгамдсан асуудлаар хийсэн бага хурал юм. Төрийн ордонд болсон “Парламентын сэтгүүлчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт бага хуралд УИХ-ын дэд дарга Н.Энхболд,  Г.Батхүү, эрхэм гишүүн Р.Амаржаргал, П.Алтангэрэл, З.Ал­тай, Н.Ганбямба, Су.Батболд, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, УИХ-ын Тамгын газрын дэд дар­га С.Магнайсүрэн, Судалгаа шин­жил­гээний төвийн захирал Ц.Норовдондог, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Ерөнхий сай­дын ахлах зөвлөх Б.Долгор, Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа Г.Лхагвасүрэн , сонин, радио, телевизийн удирдлагууд, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхи­мийн багш нар, Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, сэтгүүлчид оролцсон юм.

Парламентын сэтгүүлчдийн хол­бооны тэргүүн, МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч  Ж.Ал­тан­гэрэл парламентын сэтгүүлч­дийн ажиллах орчин, мэдээлэл авах боломжийн талаар илтгэж бага хурлын салхийг хагалав. Олон жил Төрийн ордны кори­дорт толгой хоргодож ажлаа хийж ирсэн сэтгүүлчид хоёр жи­лийн өмнөөс суух өрөөтэй, мэдээ, сурвалжлагаа дамжуулах интернэтийн сүлжээтэй болсон нь нэн ялангуяа сонин, радио, цахим хэвлэлийн сэтгүүлчдэд мэ­дээл­лийн шуурхай байдлыг хан­гаж ажиллахад таатай боломж олгос­ныг тэрбээр тэмдэглэсэн юм. Парламентын сэтгүүлчдийн хол­боо гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр багагүй ажил хийсний нэг нь энэ оны эхээр УИХ-ын Дэгийн тухай хуулиар байнгын хороодын хуралдааныг хаалттай бол­гоод байсныг зогсоолгож, эр­хэм гишүүд хуульд өөрчлөлт оруулснаар иргэдийн мэдээлэл чөлөөтэй олж авах  боломжийг хангасан билээ. Бага хурлын үеэр “Парламентын сэтгүүлч гэж  хэн бэ. Үйл явдлын тухай үнэн бодит мэдээ, мэдээллээр уншигч, сонсогч, үзэгчдэд чин шударгаар үйлчлэгч үү, иргэдийн санаа бодлыг илэрхийлэгч юм уу, ард түмнийг соён гэгээрүүлэгч үү. Аль эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалагч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөгч эздийнхээ төлөө бусдын нэр төр, алдар хүндийг гутаан дарамтлагч уу, оюуны бизнесийг чухалчилсан аш­гийн төлөөх хөлсний этгээд үү” гэсэн асуулт гарч ирж байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганбямба л гэхэд “Хууль хэлэлцэж байхад телевизийн олон камер тал талд ажилладаг нь бидэнд дарамт учруулдаг” хэмээн гомдоллосон юм. Бас хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг ардаа тодорхой улстөр, бизнесийн эрх ашгийг хам­гаалагч эзэнтэй, бүгд хаалттай, захиалгаар бичдэг хэмээн гөрдөж байв. “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбат үүнийг эсэргүүцэн сонины редакциуд сэтгүүлчдээ дарамталж захиалж бичүүлдэг зүйл байхгүй, бүх хэвлэл нээлттэй гэдгийг хэлж эрхэм гишүүнийг буруу төсөө­лөлтэй явж байна хэмээлээ. Харин парламентын сэтгүүлч гэж хэн болох талаар УИХ-ын даргын зөвлөх, судлаач Д.Батмөнх хариу хэлсэн юм. Тэрбээр парламентын сэтгүүлчийг “нийгэм-улс төр, эрх зүйгээр мэргэшсэн сурвалжлагч, тоймч, баримтат  уран бүтээлч мөн” гэж томъёоллоо.

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд парламентын сурвалж­лагчаар ажиллагсдын багагүй ху­вийг философич, түүхч, эрх зүйч, эдийн засагчийн үндсэн мэргэжилтэй сэтгүүлчид, мөн улс төрөөр дагнан бичдэг мэргэшсэн сэтгүүлчид эзэлж байжээ. 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр тогтмол хэвлэлүүд “Парламентын тогоонд”, “Тодруулга”, “Хэн юу хэлэв”, “Төрийн хүний үг”, “Хууль, амьдралын шүтэлцээ”, “Ам дамжаагүй яриа”, “Тоймчийн зурвас”, “Цөөнхийн байр суурь” зэрэг тогтмол булан ажиллуулдаг байсан бол өдгөө бараг устаж үгүй болсныг судлаач анхааруулсан юм. Түүний орон зайд хуулийн агуулга бус, түүнийг хэлэлцэж буй өнгөн процессыг илүүтэй тусгах аяс, бичлэгийн хэлбэрүүд аажим боловч түрэн орж ирсээр байгааг анзаарчээ. “Уран зохиолд нэг үгээс хэчнээн ч утга  цацарч болно. Харин хуулийн нэг үгээс адил төстэй “ихэр” утга гарах учиргүй. Тиймээс илүү, дутуу үг хэрэглэх бүү хэл ацаг шүд, цэг таслалыг алдах эрх парламентын  сэтгүүлчид байхгүй” гэдгийг судлаач хүний хувьд захиж байлаа. УИХ-ын Тамгын газрын судалгааны тө­вийн захирал Ц.Норовдондог олон орны туршлагад тулгуурлан парламентын сэтгүүл зүйг судал­сан сонирхолтой илтгэл тавьсан юм.

Туршлагаас  үзэхэд парламен­тыг сурвалжилж буй аль ч орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  ихэвчлэн  хоёр намын хоорондын болон Засгийн газар, цөөнхийн хоорондох маргаантай асуудлыг улс төрийн тэмцлийн үүднээс харуу­лах сонирхолтой байдаг аж. Иймээс гадаад орнуудад парла­ментын Тамгын газар нь байнгын хороод, чуулганы ху­ралдааныг шууд дамжуулах, улс орон, сонгогчдын эрх ашгийг хөндсөн асуудлаар гишүүд, на­мын бүлгийн байр суурийг илэр­хийлэх, зохион байгуулах гол үүргийг өөртөө авдаг байна. Пар­ламентын мэдээллийг олон ний­тэд ил тод нээлттэй байлгах нь ямар ач холбогдолтой болохыг уг илтгэлд тусгажээ. Парламентын сурвалжлагын ач холбогдол нь  нь иргэд өөрийн сонгосон гишүүд, тэдний хууль батлах процесст итгэлтэй байх, баталж гаргасан хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөр­дөхөд ихээхэн нөлөөтэй байдаг гэнэ. Нөгөө талаас парламентаас алдаатай бодлого, шийдвэр гарах хандлагатай тохиолдолд олон ний­тийн зүгээс санал, шүүмжлэл өрнүүлж урьдчилан сэргийлэх, хяналтаа хэрэгжүүлэхэд нөлөөлдөг болохыг хатагтай Ц.Норовдондог онцоллоо. 

Бага хуралд УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн, “Өнөөдөр” сонины албаны дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Ренчинханд, “Ардын эрх” сонин, News агент­лагийн албаны дарга А.Алтантуяа, 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул нарын олон хүн парламентын сэтгүүлчдийн асууд­лаар илтгэл хэлэлцүүлэв. Тө­рийн ордны хамгаалалтын албаны дарга хурандаа Г.Лхагвасүрэн сэтгүүлчдийн гаргасан алдаа зөрч­лийг он, сар, өдөр, цаг хугацаатай танилцуулсан нь ор­дон ямар нарийн дэг журам, бүртгэлтэй байдгийг харуулсан юм. Сэтгүүлчдийн гаргасан зөрч­лийн дийлэнхийг УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг гарахдаа ордны ха­руулд хүлээлгэж өгөлгүй авч явсан зөрчил эзэлжээ. Бага хурлаас зөв­лөмж гаргахаар болж төслийг танилцуулсан ч илүү боловсронгуй болгох шаардлагын үүднээс ажлын хэсэг дахин ажиллахаар болсноор үйл ажиллагаа өндөрлөлөө.

                                                                                      Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж