Ц.Шинэбаяр Олон улсын байгууллагад хандана гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Олон улсын байгууллагад хандана гэв

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, өмгөөлөгч Ч.Энхээ, Л.Цог, О.Баасанхүү нар  МАХН-ын бүртгэлтэй холбоотой асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ц.Шинэбаяр “Улсын Дээд шүүх нь ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлэн Үндсэн хуулийн цэцээр асуудал шийдсэний дараа  МАХН нэрийг бүртгэх асуудлыг  хэлэлцэнэ гэсэн нь хууль зөрчсөн” гэж мэдэгдсэнээр хуралдаан эхэлсэн юм.

Тэрбээр мөн “Улс төрийн намын тухай хуулийн 10.2 заалтын дагуу Улсын Дээд шүүх нэгэнт нам бүртгэхээс татгалзах хугацаагаа хэтрүүлсэн учир бид МАХН-ыг бүртгэхээр  шийдсэн гэж үзэж байгаа” гэв. 

Ц.Шинэбаяр өмнө нь Улсын дээд шүүхийн Иргэний тэнхимийн тэргүүн шүүгч Ц.Амарсайхантай уулзахад “МАХН гэх нам одоогоор бүртгэлгүй. Бүртгэлтэй 17 намын нэр  дунд МАХН  гэх нэрээр нам бүртгэгдээгүй” гэх хариултыг өгсөн гэнэ.  Хурлын үеэр өмгөөлөгч Ч.Энхээ  “Хуулийг  төсөөтэй хэрэглэж, хугацааг сунгах боломжтой гэж үзэж байгаа бол иргэдийн эрх, эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрхийг дордуулахгүй шийдэх ёстой байсан. Хуулийг төсөөтэй хэрэглэнэ гэвэл төрийн бус байгууллагын тухай хуулийн 16-д зааснаар төрийн бус байгууллагын тухай хуулийг барьж бидний асуудлыг шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл уг хуульд заасан бүртгэх хугацаа дууссан тохиолдолд тухайн байгууллагыг бүртгэсэнд тооцох бөгөөд бүртгэлийн гэрчилгээгээ шаардан авах эрхтэй гэсэн үг. Үүний дагуу иргэд бидний хувьд уг хуулийг төсөөтэйгөөр авч үзэх боломжтой” гэсэн юм.

Энэхүү үндэслэлийн дагуу бусдын эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн гэж үзэн Олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж ил захидал илгээхээр болжээ. Хуульч Л.Цог “Үндсэн хуулийн цэц нэг шийдвэрлэсэн асуудлаар дахин шийдвэр гаргах ёсгүй  гэж заасан учир  Улс төрийн намын тухай хуулийн 15.6 заалтыг хүлээж авч шийдвэр гаргана гэж үзэхгүй байна” гэдгээ ч хэлэв. Ц.Шинэбаяр цааш нь “Улс төрийн намын тухай хуулийн 10.2, 8 дугаар зүйлийг үндэслэн нам албан ёсоор байгуулагдсан гэж үзээд цаашид үйл ажиллагаагаа идэвхтэй явуулна. Орон нутгуудад намын үүр байгуулж, намын дэргэд эмэгтэйчүүдийн, залуучуудын, оюутнуудын  ТББ-ыг байгуулж байгаа” хэмээн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ гэж мэдэгдэв.

Хуульч О.Баасанхүү “Үндсэн хуулийн цэцийг миний хувьд шүүх байгууллага гэж боддог. Ердийн шүүх байгууллагын хувьд нэг асуудлаар шийдвэрлэсэн шүүгч дахин уг асуудлаар шийдвэр гаргахаар оролцвол уг шүүгчээс татгалзах эрх иргэнд нээлттэй байдаг. Гэвч Үндсэн хуулийн дунд суудлын хуралдаанд оролцох шүүгчдээс татгалзаж болно гэсэн хуулийн заалт одоогоор алга. Тиймээс урьд өмнө иргэдийн өргөдөлд хариу өгөхөөр ажиллаж байсан цэцийн гишүүн Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл нар Улс төрийн намын тухай хуулийн 15.6 заалтаар иргэдэд байр сууриа илэрхийлэн шийдвэрээ өгч байсны хувьд  Дээд шүүхээс ирсэн хүсэлтийн дагуу  дунд суудлын хуралдаан болвол сайн дураараа оролцохгүй байх иргэний зориг гаргаач” гэх хүсэлтээр хуралдаанаа төгсгөлөө.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж