
Энэ жил Нийслэлийн төсвөөс дүүрэг бүрт нэг тэрбум төгрөг зарцуулах эрхийг өгчээ. Хот нийтийн аж ахуйн хэлтсийн ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батсүх хэлэхдээ “Хотын ногоон байгууламжид дүүрэг бүр хийх ажлаа Хотын даргад танилцуулж батлуулсан. Тохижилтын ажлыг стандартын дагуу цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх удирдамж гаргаж хүргүүлсэн. Энэ сарын 20-н гэхэд бүх тохижилтын ажил албан ёсоор эхэлнэ. Одоо урьдчилсан төлөвлөгөөт ажил буюу цэвэрлэх, арчлах ажил эхэлсэн байгаа. Мод сөөгийг засч хэлбэржүүлэх, огтлох ажлыг ирэх сарын 10-ны дотор хийж гүйцэтгэхээр болсон” гэв. Мөн мод шохойдох ажлыг ирэх сард багтаан хийх, бусад арчилгааг /бордох, хог ургамлыг цэвэрлэх, хортон шавьжтай тэмцэх гэх мэт/ долдугаар сарын 20 хүртэл хийхээр төлөвлөжээ.
Хотын есөн дүүрэгт нийт 122 мянга 54 метр квадрат явган хүний зам, усан оргилуур 30, бичил цэцэрлэг 20, спорт болон хүүхдийн тоглоомын талбай 47, шинээр тарих мод, сөөгний тоо 67 мянга 390 ширхэгийг хийхээр төлөвлөжээ. Мөн 124 мянга 491 метр квадрат талбайг зүлэгжүүлж 9792 метр кватрат талбайг зүлэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт найман усан оргилуур, есөн хүүхдийн болон спортын талбай шинээр барих гэнэ.
Хот ба цэцэрлэг
Улаанбаатар хот нэг сая долоон зуун хүнтэй том хот болсон. Харин том хотын амин сүнс нь зөвхөн ногоон байгууламж гэж мэргэжилтнүүд үздэг. Гэтэл ногоон ургамал нь нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Энэ нь яндангийн утаа униарыг шүүж, мод ургамал өвлийн улиралдаа навч шилмүүсгүй бол-сон үедээ ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж дуу чимээг ихээхэн бууруулдаг байна. Ялангуяа навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьж, хэт халалт болон хөрөлтийг хоёроос гурван хэмээр бууруулан хот, суурин газарт бичил уур амьсгал бий болгодог юм байна.
Мод ургамал тарьж суулгаж цэвэршүүлснээр орчин тойрны чийг тунадасны 75 хувь нь хөрсөнд шин¬гэж агаарын чийгшилтийг дөрвөөс долоон хувь ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцоолжээ. Энэ байдлаас үзэхэд ногоон байгууламжийн ач холбогдол хот суурин газарт асар их бөгөөд зөв¬хөн үүнийг төлөвлөж хэрэгжүү¬лэх учиртай. Үүний тулд ногоон байгууламж, цэцэрлэгжилт гэдэг ойлголт хот суурин газарт илүү хамаатай бөгөөд үүний ач холбогдлын тухай цөөхөн үг хэлэх гэсэн юм. Учир нь хотын ногоон байгуу¬ламж гэдэг хотын агаарыг цэвэршүүлж, агаарыг чийгшүүлд¬гээс гадна хүмүүсийн ажиллаж амьдрах тохьтой нөхцөлийг бүр¬дүүлж, хотын экосистемийг зохи¬цуулж өгдөг. Хот суурин газрыг барьж байгуулахдаа ногоон мод ургамал тарьж суулган тохижуулдаг нь хот байгуулалтын жишиг. Улаанбаатар хотод нэг хүнд 6,3 км цэцэрлэгжсэн талбай ногдож байгаа нь Олон улсын хотуудын жишгээр авч үзвэл хоёроос гурав дахин доогуур үзүүлэлт юм.