Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилтаар тэргүүлж буй озэки Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр баруун жигүүрийн сэкиваки Гоэйдотой учраа тааран барилдаж, цүкитаоши мэхээр давснаар 12 даваатай боллоо. Одоо тэрбээр дахин нэг даваа авбал ёкозуна цол хүртэх боломжтой юм. Учир нь долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа хуралдсан Ёкозунагийн зөвлөлийн хурлаар озэки Харумафүжигийн нагоя башёд үзүүлсэн амжилтыг үнэлж, аки башёд түрүүлэхгүй ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөөнтэй барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр шийдвэрлэсэн юм. Энэ дагуу озэки Харумафүжи одоо дахин нэг даваа авсан тохиолдолд Ёкозунагийн зөвлөлийн болзлыг биелүүлэх учиртай. Түүний хувьд маргааш озэки Кисэносатотой учраа тааран барилдана.
Аки башёд макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй Монголын бусад сумочдын хувьд их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр сэкиваки Мёогирюүг цүкитаоши мэхээр ялснаар 11 дэх даваагаа авсан бол озэки Какурюү М.Ананд мөн өөрийн учраа болох Точиозанг ялж, 10 даваатай болжээ. Түүнчлэн Асасэкирюү Б.Дашням Масүноямаг давж, 6-6, Шотэнро Д.Нямсүрэн Китатайкиг давж, 5-7 амжилттай болсон бол Токитэнкү А.Хүчитбаатар, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын манай бусад сумочид өнөөдрийн барилдаанд өрсөлдөгчдөө өвдөг шорооджээ.
С.ЦЭЛМЭГ