Гэрээ үзэглэхээс өмнө амжиж хэлэхэд

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Гэрээ үзэглэхээс өмнө амжиж хэлэхэд

Лондонгийн хөрөнгийн бирж Монголын Төрийн өмчийн хороотой “Стратегийн түншлэлийн гэрээ”-г оны өмнөхөн байгуулсан. Арванхоёрдугаар сарын 30-нд он солигдох мөч ойртож, гацуур модны өнгө өнгийн чимэглэл гялалзах тэр агшинд энэ гэрээг хоёр тал факсаар байгуулж байв. Төрийн өмчийн хорооноос зарласан Олон улсын хэмжээний тендерт хамгийн муу санал ирүүлсэн Лондонгийн биржтэй шууд хэлэлцээ хийж стратегийн түншээ болгосон нь тухайн үед анхаарал татаж байсан юм. Санамж бичигт Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Лондонгийн биржээс томилогдоно гэдгийг тохирч, бусад ажлыг “Master service agreement” гэрээнд тусгахаар болсон гэдэг. Харин одоо тэр чухал гэрээг үзэглэх цаг ойртож, хоёр талын тохиролцсон 2011 оны дөрөвдүгээр сарын 20 болоход багахан хугацаа үлджээ.

Энэ гэрээг байгуулахын өмнө Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн биржийнхэн зөв сонголт хийсэн үү гэдгээ эргэж нэг хараасай. Социалист орнуудын хөрөнгийн биржээр барууны зальтнууд ирж тоглочихоод золигт үлдээн явсан туршлага нэлээд буй. Монгол хөрөнгийн зах нь ахин өндийхгүй, дэлхийн тавцанд гарч ирж чадахааргүй унах тэр азгүй улсуудын нэг болох вий. Англичууд Монголын хөрөнгийн бирж рүү яагаад ингэтлээ улайраад байгаагаа “Ирээдүйд Азиас гарах өсөлтөд Монголын хөрөнгийн биржээр дамжин хүрэх зорилготой” хэмээн сэтгүүлчдэд хариулж байсан удаатай. Ашигт малтмал арвинтай улс болохоор гэж үү. Лондонгийн хөрөнгийн бирж өнөөдрийн өндөрлөгт хүртлээ хөгжихөд нь Их Британийн хөрсөн доорх ашигт малтмал ач тусаа өгсөн гэж үү.
Өнөө сонсохнээ Засгийн газрын сонгосон стратегийн түншлэгч маань “Master service agreement” гэрээгээ байгуулахаас өмнө төлбөрийн асуудлыг тавьсан бололтой дог. Харин манай Засгийн газар УИХ-аас баталсан үрэлгэн төсөвтөө энэ тухай суулгаж сэхээрээгүй болохоор арилжааны банкуудаас энэ хөрөнгийг зээлэх бололтой. Хөрөнгийн захыг хөгжүүлэхээр Лондонгийн биржийн менежментийн багийг, технологитой нь авчрах ажилд зарцуулах 14.2 сая ам.долларыг дотоодынхоо арилжааны банкуудаас зээлж санхүүжүүлнэ. Энэ үйл явцыг харахад англичууд ёстой л баруун, зүүнээрээ наймаалцаж байна гэлтэй. Гэрээгээ байгуулж, заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлж байж төлбөрөө нэхэмжилж болоогүй юм байх даа, түншүүд маань.

Тэгвэл яаруу давчуу энэ тулгалтын цаана дэлхийд маш цөөхөн биржид хэрэглэгддэг арилжааны системээ борлуулах гэсэн башир арга биш байгаа даа гэсэн сануулгыг ч мөн хөндлөнгийн ажиглагчид өгч байна. Лондонгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржид “MIllenium IT” системийг суурилуулна гэсэн. Энэ системийн талаар манайхан төдийлөн ойлголтгүй төдийгүй дэлхийд шигшигдэж үлдсэн цөөхөн системийн нэг хэмээн андуурах нь ч байна. Лондонгийн бирж “MIllenium IT” системээ өөр дээрээ туршиж, өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний арилжаанд ашиглахад гацсан тухай мэдээлэл дэлхий нийтэд тархаад байгаа. Арилжааны найман цагийн дөрөвт нь гацаа үүсч, арилжаа хийгдээгүй юм билээ. Энэ гацаа Италийн Миланы биржид ч бас тохиолдсон гэх. Харин дэлхийд төдийлөн түгээгүй энэ технологийг Монголын Засгийн газар 15 сая ам.доллараар худалдан авч байна.

Б.БЯМБАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж