
Хөгжмийн зохиолч Римский-Корсаковын “Щехеразада” балет, Э.Чойдогын “Шарилжин дундах цэцэг” балетыг энэ сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дахин тоглох гэж байна. Дээрх хоёр балет нь гучин минут үргэлжилдэг богино балет учир нэг өдөр ийнхүү хоёр балетыг тоглох юм. Римский-Корсаковын “Щехеразада” балет нь эхлэх төгсгөл, гурван үзэгдэлтэй юм. Анх манай тайзнаа 1963 оны гуравдугаар сарын 7-нд тоглож байжээ. Ирэх ням гаригт “Щехеразада” балетын гол дүрд буюу Гьюлнара гүнж Г.Батчимэг, Синдбад далайчин Х.Мөнгөнхөлөг, Хотын захирагч Щех Н.Баяраа, Цэргийн тэргүүн О.Ганцоож нар тоглоно. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах аж.
“Щехеразада” балетын дараа Э.Чойдогын “Шарилжин дундах цэцэг” балетыг тоглоно. Нэг бүлэг гурван үзэгдэлт энэ балетыг анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд тоглож, 1983 онд сэргээн тавьсан байна. Балетын гол дүрд Урангоо үзэсгэлэнт бүсгүйд Г.Цолмон, Галт О.Ганцоож, Ширүүнгарьд Х.Мөнгөнхөлөг, Зэвт А.Эрдэнэболд нар тоглох юм.
М.Урин