”Баар, клубт дуулах бол дуучны туулах л замнал”

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

”Баар, клубт дуулах бол дуучны туулах л замнал”

Дуучин Р.Лхамаатай ярилцлаа. Сүүлийн жилүүдэд ихэвчлэн гадаад оронд амьдарч байгаад саяхнаас эх орондоо суурин ажиллаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүнээс асууж тодруулах зүйл нэлээд байсан юм.


-Сайхан намаржиж байна уу. Сүүлийн үед таны сураг алдарсан гэвэл гомдох уу, та?

-Сайхан. Та сайхан намаржиж байна уу. Би энэ асуултад яагаад гомдох гэж. Алга болсон минь үнэн юм чинь.

-Хаана ямар ажил амжуулав аа. Америкт нэлээд хэдэн жил болсон гэж ойлгосон…

-Би ерөөсөө Америк яваагүй шүү дээ.

-Тийм үү. Тэгж ярьж, бичээд байсан л даа…

-Би ч гэсэн уншдаг. Гэхдээ тэр бүх мэдээллийг залруулах аргагүй болохоор зүгээр уншаад, сонсоод өнгөрдөг байлаа. Харин Дундад Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудаар ирэн, очин хэдэн жил болсон. АНЭУ-ын Дубай хотод ажиллах боломж гарч, тэнд хэсэг хугацааг өнгөрөөсөн. Дубайд байхдаа Үндэсний томоохон барилгын компанийн санхүүгийн хэлтэст ажилласан. Үндсэндээ багахан барилгачин болсон гэхэд хилсдэхгүй байх. Барилгын төслийн менежмент гэж юу байдаг, энэ нь яаж хэрэгждэг, давуу тал нь юу вэ гэдгийг олон улсын туршлагажсан өндөр зэрэглэлийн инженерүүдтэй хамт ажиллаж, үерхэж нөхөр­лөсний үр дүнд мэдэж авсан. Уран бүтээл хийх боломжгүй байсан гэх үү дээ. Гэхдээ өөрийгөө дахин дуулахад бэлтгэж байсан. Жишээ нь хоолойн дасгал унших гэх мэтээр өөртэйгөө ажиллаж байлаа.

-Нутагтаа хэзээ ирээ вэ?

-Ирээд бас тодорхой хугацаа өнгөрчихлөө.

-Үнэнийг хэлэхэд таныг гоё дуулдаг сайхан уран бүтээлч гэдгийг одоогийн залуус мэдэхээ байх нь байна шүү дээ. Та хурдан дуулахгүй юм уу?

-Дуулж харагдахгүй бол мартагдах л байх. Гэхдээ би бусад хүн намайг битгий мартаасай гэсэндээ  дуулдаггүй. Өөрт минь үнэхээр сайхан байдаг болоод л дуулдаг юм. Тийм учраас цаашид ч дуулаад л явах байх даа.

-Бас үнэн эсэх нь мэдэхгүй, таныг бааранд дуулж байна гээд биччихсэн байсан. Баар гэхээр тааруухан сонсогдож байж болох юм. Клуб байх л даа. Энэ талаар дэлгэрүүлж ярих уу, та?

-Клуб, бааранд дуулж байгаа. Жишээ нь “Их Монгол”, “Victory Centre” гэх мэт газарт. Ажлаа тараад орой дуртай юмаа хийнэ гэдэг сайхан. Дээрээс нь “амьд” хөгжимтэй дуулах нь надад маш их дадлага, сургууль  болдог. Ингэж дуулах нь байнгын формтой байхад их ач холбогдолтой. Дээрээс нь их сайн хөгжимчидтэй тоглож байгаа минь олзуурхууштай. Эд нар маань хамтран ажиллах санал  тавихад би зөвшөөрсөн. Учир нь “амьд”-аар “амьд” хөгжимтөй дуулах юмсан гэсэн бодолтой Монголдоо ирсэн. Тийм учраас баар, клубт дуулах нь зохисгүй гэж огт бодохгүй байгаа шүү. Зарим хүн бааранд дууллаа гэж шүүмжилж л байх юм. “Амьд” хөгжимтэй олон нийтийн газар л тоглож, дуулахаас өөр хаагуур тоглох вэ дээ. Ер нь ч тэгээд баар, клубт “амьд” хөгжимтэй дуулж байгаагүй дуучин хаа байх вэ. Жинхэнэ дуучны замнал шүү дээ. Мөн бид нарт хамтран ажиллах саналууд,  тоглолтуудын урилга ирэх нь өдрөөс өдөрт ихэсч байгаад урам орж байна. Шинийг хийх хүслийг хүчтэй төрүүлж байна. Би тоглолт дуусаад орой гэртээ ирэхдээ хамгийн аз жаргалтай хүн орж ирдэг.  “Амьд” хөгжимтэй  тоглож  эхэлснээс  хойшхи бараг долоо хоногийн зургаан өдөр нь шүү.

-Монголдоо ирсэн юм чинь уран бүтээлээрээ дагнах уу, эсвэл үндсэн ажлынхаа хажуугаар дуулах уу?

-Ажлын хажуугаар амжуулна. Би өөрөө үнэхээр энэ хообийдоо хайртай болохоор амжуулах л болно.

-Таныг эдийн засагч мэргэжилтэй гэж ойлгодог. Ташаарч байна уу?

-Би одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1994 онд банкны мэргэжлээр төгссөн. Ардын банк болон янз бүрийн гадны төслүүдэд ажиллаж байсан.

-Та хэсэг уран бүтээлчтэй хамтарч нэг сайхан дуу төрүүлэх гэж байгаа гэж дууллаа. Хэний зохиол ямар дуу юм бол. Хэзээ үзэгч, сонсогчдын хүртээл болох вэ?

-Хамгийн сүүлийн шинэ уран бүтээл болох хоёр дуу  маань дөнгөж төрөөд хоолой бичүүлэхэд бэлэн болсон. Нэг нь блюз дуу , нөгөө нь ритмтэй поп  дуу. Хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин Х. Энхбаярын хөгжим, яруу найрагч Ган- Очирын үгээр бүтсэн. Нэг их удаахгүй үзэгч, сонсогчдодоо хүргэнэ ээ.   

-“Мөнгөн харандаа” хамт­лагийнхантайгаа уулзаж байгаа биз дээ. Та нар хотын залуусыг хуйлруулж байсан үеэ дурсч хөөрөлддөг байх. Тэр үеийнхээ тухай одоогийн залууст ярьж өгвөл сонин байх болов уу?

-Хамтлагийнхаа зарим ах нартай таардаг. Гэхдээ тэр болгон юм яриад удаан суух боломжгүй байх юм. Хамтлагийн даралтат хөгжимчин байсан Ариунаатай хааяа хамтарч тоглолтод ордог оо.

-Гадаадад олон жил болсон монголчууд эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар их бодол, хүсэл, бодит ажил болох төсөл тээж ирдэг. Таны хувьд энэ талаар ямар санаа оноо байна вэ?

-Санаа оноо, шинэлэг зүйлүүд байна аа. Жишээ нь манайд барилгын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гээдл янз бүрийн санаа оноо яриад л байна. Гэхдээ судалгаа дутуу хийгээд байдаг юм уу гэж харагддаг. Хамгийн хэрэгтэй зүйлийг олж харахгүй байна. Өндөр хөгжсөн орнуудад, ер нь Орос Монгол хоёроос бусад, дэлхийд гэж ярья л даа, барилга барихдаа бие даасан хөндлөнгийн  барилгын төслийн менежментийн групп буюу компани авч ажиллуулдаг. Монголд энэ тал дээр  эрх зүйн орчин нь бүрдээгүй, хувийн хэвшил байтугай холбогдох албаны хүмүүс нь ямар ч ойлголттгүй юм. Хүлээж авах дургүй татгалзах янзтай. Ийм дүр зураг байна. Монголд барилгын төслийн менежментийн ком­пани, гүйцэтгэгч хоёр нь захиалагчтайгаа нэг компани байх нь түгээмэл учир энд бодит мониторинг контрол гэж алга. Тийм учраас хариуцлага гэдэг зүйлийг яриад илүүц болов уу. Ийм ч учир өнөөгийн байшин барилгууд баталгаагүй байгаа. Зөвхөн энэ сард хэчнээн хүн барилга  угсралтын буруу үйл ажиллагаанаас болж нас барав. Энд яригдаж байгаа зүйлийг ойлгосон хүнд нэг зүйл тодорхой болно. Юу гэхээр БТМ буюу барилгын төслийн менежмент (PMC) сонгодог утгаар нь нэвтрүүлснээр төр, засгийн оролцоо багасах, тухайлбал хээл хахууль гэх мэт зүйл үгүй болох маш олон талын давуу талтай. БТМ-ийн тухай яриад байвал их л юм байна даа. Гэхдээ уран бүтээлээ яримаар байна, одоо.

-Тэр нь дээр гэж үү?

-Яах вэ, олон түмний эрх ашгийн үүднээс ярьж, хэлж л байх болов уу. Зүгээр хараад суугаад байж чадахгүйгээс хойш. Харин сонсч, хүлээж авах нь хэр байдаг юм бол доо.

-Одоо ямар уран бүтээл, тоглолт хийх гэж байгаа вэ?

-Энэ сарын 29-нд миний нэгэн жааз тоглолт “River Sounds” клубт болох гэж байгаа юм. Үүнийг JCI, тэр дундаа “UB Central”-тай хамтран зохион байгуулж байна. Тоглолтын орлогыг саажилттай Номуундалай охины эмчил­гээнд зориулах юм. Их бага гэлтгүй хүн болгон бие биедээ тус болж байвал амьдрал  илүү утга учиртай, бид илүү аз жаргалтай амьдарна. Тоглолтоо “амьд” хөгжмийн хамтлаг, цөөхүүл хөгжим, “Мотive” хамтлагтай хийнэ. Дэлхийд хит болсон англи, орос дуунууд,  түүнчлэн миний өөрийн урын санд байдаг, хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг хүргэнэ. Мөн зарим хит болсон монгол дуунуудыг ч гэсэн дуулна. Ер нь цаашид ч хөгжмөөрөө дамжуулан энэ төрлийн  aжлууд хийж байх болно.
-Танаас эрч хүч, дайчин чанар мэдрэгдэж байна, амжилт хүсье.
-Баярлалаа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж