Тэрбумтнууд “хатгаа” авч эхэлсэн үү

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Тэрбумтнууд “хатгаа” авч эхэлсэн үү

Дэлхий дээр хадгаламжинд мөнгө хийх битгий хэл хадгаламжийн дэвтэр барьж ч үзээгүй, олсон мөнгө нь өдрийн идэх хоол, үмх талханд нь арай чүү хүрдэг сая сая иргэн бий. Мөнгөгүйн улмаас өлсөж үхэж буй мянга мянган хүүхэд бий. Мөн дансанд нь секунд тутамд хэдэн тэрбум төгрөг орж, тоолохоос ч залхмаар ашиг орлого цаг тутамд түрийвчийг нь түнтийлгэж байдаг олон зуун саятан бидэнтэй зэрэгцэн амьдарч байна. Нэг компани бүү хэл орох оронгүй, өөрийн гэсэн ширхэг ч өмчгүй нэгэн байхад  тоог нь алдаж, заримыг нь мартахаа дөхсөн олон компани, пүүс эзэмшиж байгаа хүн ч байна. Тэгвэл дэлхийн тэрбумтнуудыг судлан зарладаг “X-Wealth” компанийн 2011-2012 оны тайлан гарчээ. Тэд дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн хэмжээг  гаргахын тулд  2011 оны долдугаар сарын 31-нээс энэ оны долдугаар сарын 31 хүртэлх хугацаанд судалгаа явуулсан байна.

Өдгөө дэлхий дээр тэрбум ам.доллараас илүү хөрөнгөтэй 2160 хүн амьдарч байна. Өнгөрсөн онд тэд 203 тэрбумтнаар бүл нэмж, тэрбумтнуудын нийт хөрөнгө 6.2 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 14 хувиар өссөн үзүүлэлт аж. Тайланд тэмдэглэснээр, жилийн дотор тэрбумтнууд мэргэжлийн менежерүүдийг  ашиглан Европын өрийн хямралыг тойруулан  бизнес хийж, хөрөнгөө өсгөн нэмэгдүүлж чаджээ.

Өнгөрсөн он бол тэрбумаас бага хөрөнгөтэй иргэдийн алдагдлын жил байсан гэнэ. Учир нь 200-999 сая ам.доллартай хүмүүс  өнгөрсөн онд хамгийн их хохирол амссан гэнэ. Тэдний хөрөнгө 11.4 хувиар бууснаас гадна, тоо нь 9.9 хувиар багасчээ. Түүнчлэн 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 187 мянган хүний хөрөнгө 1.8 хувиар буюу 25.8 их наяд ам.доллар хүртэл буурчээ. Энэ нь европоос гаралтай эдийн засгийн хямрал дундчуудын ханиадыг хатгаа болгож буйн илрэл хэмээн судлаачид дүгнэжээ. Хямралд хамгийн ихээр өртсөн хохирогчид нь Азийн орны саятнууд аж. Тэдний нийт хөрөнгө 6.25 их наяд ам.доллар болж буурсан байна. Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгааг хятадын үйлдвэрлэлийн зогсолт, экспортын бууралтаас харж болно.

Түүнчлэн Азиас гадна Европ, Ойрхи Дорнод, Латин Америкийн тэрбумтнууд, саятнууд хөрөнгийн хатгаагаа эмчлэх бүх аргыг хэрэглэж байгаа ч нийтээрээ дархлаагүй болсон учраас үр дүнд хүрэхгүй байгааг судлаачид онцолж байна. Уг тайлангаар 30 сая ам.доллараас илүү хөрөнгөтэй 60 гаруй мянган хүн  Хойд Америкт амьдарч байна. Дараа нь Европт 53 мянга орчим, Азид 42.8 мянган саятан байгаа ажээ. Харин Африкт ийм хөрөнгөтэй 2.5 мянган хүн байгаа ба тэдний хөрөнгө нийлээд 325 тэрбум ам.долларт хүрчээ.

Тэрбумтны тоогоор эхний аравт багтаж байгаа улсуудыг харууллаа.

Х.БӨРТЭ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж