
МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл эрх барьж байсан 1996-2000 оны парламент хэрхэн ажиллаж байсныг санаж байгаа хүн байвал хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон шалтгааныг төвөггүй ойлгоно. Хэдийгээр тухайн үед эвслийн нөхдүүд хоорондоо хөлөө жийлцэн гурван ч Засгийн газраа огцруулж, дөрвөн Засгийн газрын нүүр үзсэн хэмээн шүүмжлүүлдэг ч үнэн хэрэгтээ Монгол Улс парламентат ёсонд шилжсэнээс хойших 22 жилийн хугацаан дахь хамгийн том өөрчлөлтүүд 1996-2000 оны парламентын үед л хийгдсэн билээ. М.Энхсайханы Засгийн газар суурь үнийг чөлөөлж, Ц.Элбэгдоржийн Засгийн газар банкуудыг хувьчилсан гэх мэтчилэн. Одоо манайд бий болоод байгаа чөлөөт эдийн засгийн суурь, хөдөлгүүр, зүтгүүрүүд тэр үед бий болсон юм. Хот суурин газрын иргэд орон сууцаа, малчид малаа хувьчилж авсан.
Социализмын үед сарын цалингаасаа өөр ард, урдаа барих зүйлгүй байсан “хөдөлмөрчин анги” орон сууцныхаа ордерийг барьцаанд тавиад хойшоо урагшаа наймаанд явж, шатах нь шатаж, сэхэх нь сэхэж, одоогийн манай үндэсний хөрөнгөтнүүдийн эхлэлийг тавьсан. Хот дүүрэн хоньтой ч шөлний ганц төлөгний мэдэлгүй байсан малчид одоо “мянгат” болж, малын тоо толгой 40 сая давсан. Хэдийгээр тухайн үед сөрөг хүчин байсан МАХН-ын нөхдүүд “малыг хувьд өгчихвөл малчид нэг өвөл алж идээд дуусна шүү” хэмээн эсэргүүцэж байсан ч гэсэн. Газрыг хувьчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал ч мөн л тэр үеэс эхлэн яригдаж, “Хятадуудад зарчихна, тэрбум хятад орж ирээд суучихна” хэмээн сөрөг хүчин нь хашгираар байгаад 2002 онтой золгуулсан билээ. Хууль нь хэдийн гарсан ч газар өмчлөлийн асуудал одоо дөнгөж 0,7 хувьтай яваа.
1996-2000 оны парламентад хийсэн зүйл их бий ч хийж чадаагүй зүйл түүнээс их. Тэр нь парламент дахь хүчтэй сөрөг хүчин болох МАХН-ын нэг талын гавьяа, нөгөө талаас гай. Тухайн үеийн хуулиар парламент дээр асуудал дийлэнх олонхи буюу нийт гишүүдийн 2/3-ын саналаар шийдэгддэг байсан тул 50 суудалтай ардчилсан хүчний бодлого УИХ дахь цорын ганц бие даагч болох О.Дашбалбар агсан аль талд кноп дарснаас шалтгаалан унаж, босдог байлаа /76-гийн 39 буюу харьцангүй олонхийн саналаар шийдвэр гаргадаг байх тухай хуулийг бүр сүүлд баталсан юм/.
УИХ-д суудалтай намын бүлэг хугацаагүй завсарлага авч болдог хууль ч гэсэн мөн л тэр үеэс уламжилж ирсэн зүйл. 25 суудалтай МАХН-ын бүлэг “Манайх завсарлага авлаа” гээд хурал хаяад гарахад Ардчилсан холбоо эвслээс оруулж ирсэн аль ч сайн бодлого унадаг, жил, хоёр жил, бүр бүтэн дөрвөн жилээр тухайн асуудлыг хэлэлцэлгүй хаяж болдог байв. Шилжилтийн үеийн эдийн засгийг аварч болох өч төчнөөн арга зам, бодлого шийдвэрүүд хэлэлцэгдэлгүй хаягдаж ирсний гол шалтгаан энэ.
Харин 2000-2004 онд парламентад сөрөг хүчин гэх зүйл угаасаа байгаагүй тул хууль хуучнаараа үлдсэн. 2004-2008 онд хоёр нам тэнцүү суудал авч эвслийн Засгийн газар байгуулсан тул энэ сэдэв дахиад л анхаарлын гадна үлдсэн билээ. Харин 2008-2012 онд хэдийгээр хоёр нам хамтарч засаг байгуулсан ч гэсэн тус тусдаа бүлэгтэй, бодлоготой байсан тул парламент дахь олонхи, цөөнхийн асуудал байнга босч ирдэг, хэн хэнийхээ бодлогыг бойкотлож, бас дэмжиж болдог байлаа.
Тэр үед УИХ дахь МАН-ын бүлэг санаачлан Ардчилсан намын зарим гишүүд дэмжиж “Завсарлагааг хугацаатай болгож хуульд өөрчлөлт оруулах” тухай асуудал яригдаж эхэлсэн юм. Асуудлын гол нь хуулиар олгогдсон завсарлага авах эрхийг асуудал шийдэх бус гацаах хэрэгсэл болгож болохгүй юм байна гэдэгт байлаа. Тухайн намын бүлэг аль нэг асуудлаар завсарлага авч байна гэдэг нь завсарлагааны хугацаанд уг асуудлаа судлах, бусад намуудтай зөвшилцөлд орж, нэгдсэн шийдэлд хүрэхэд зориулсан хугацаа болохоос биш олонхийнхоо гаргаж байгаа бодлогыг улдан эсэргүүцээд ямар ч аргаар хамаагүй гацаа гэсэн үг биш. Парламентын түвшинд аливаа асуудал цэвэр мэтгэлцээний журмаар, гишүүдийн саналын эрхээр шийдэгдэж байх ёстой.
Тиймээс өнгөрөгч УИХ-ын үед Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хугацаагүй завсарлагыг хугацаатай болгон журамлах асуудал мэтгэлцээний бас нэг гол сэдэв болсон билээ. Завсарлагааны хугацааг дээд тал нь долоо хоногоор тогтоохоор ярилцаж байсан. Мэдээж УИХ-д олонхи байсан МАН-ын хувьд бодлогоо эсэргүүцэл багатай явуулахын тулд завсарлагааны хугацааг долоо хоног болгохыг дэмжиж байсан. Харин Ардчилсан намын бүлгийн хувьд хэдийгээр шууд сөрөг хүчний байр суурь дээр оччихоогүй ч гэсэн хамтарсан засагт багтаж байгаа гэдэг утгаараа өөрсдийн бодлогоо МАН-д хариу тулгахын тулд завсарлагааны хугацаа аль болох урт байх нь ашигтай байлаа. Харин Э.Бат-Үүл нарын цөөхөн гишүүд “Улс төрийн нам парламентад олонхи болсон л юм бол бодлогоо хэрэгжүүлж чаддаг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэг ч байх ёстой” гэсэн байр суурин дээрээс уг хуулийн төслийг дэмжин намын бүлэг дотроо ажилласан ч амжилт олоогүй юм.
Харин өнөөдөр тухайн үеийн МАН-ын зовлон одоо Ардчилсан нам дээр ирчихээд байна. Яг үнэндээ бол АН, МАН-ын гэхээсээ илүү эрх барьж байгаа бүх намын зовлон. Тиймээс Ардчилсан намын бүлэг өмнөх УИХ-аас гээгдэж хоцорсон уг асуудлыг нэг мөр болгож, завсарлага авах хугацааг хязгаартай болгохоор Засгийн газраа байгуулсны маргаашнаас эхлэн ажилласан. Эдийн засагт нь хямрал нүүрлээд, төсөв нь улайчихсан төрийг хүлээж авсан тус намын хувьд сонгуулийн өмнө амласан том өөрчлөлтүүдээ явуулахын тулд хашгирсан болгон руу налж унаад, гуйвж дайваад байхааргүй чанга хатуу бодлого хэрэгтэй. Харамсалтай нь МАН өнөө маргаашийн явцуу эрх ашгаа хараад, дахиад засгийн эрхэнд гарахгүй юм шиг, энэ хууль эргээд өөрсдөд нь арандаг болохгүй юм шиг аашилж байна. Ардчилсан намыг ажлыг нь хийлгэхгүй байх тусмаа сайн, тэгвэл ирэх сонгуулиар тэднийг унагаж чадна, үүний төлөө чөтгөртэй ч нийлсэн яах вэ гэж. Сануулахад 1996-2000 оны парламентын үед ч гэсэн энэ нам /хуучнаар МАХН/ яг л ийм барилаар ажиллаж байсан. Яг үнэндээ тухайн үеийн Засгийн газруудыг унагах операци МАХН-ын санаачилгаар, МАХН-ын дэмжлэгтэйгээр явдаг байлаа. Өөрсдийгөө сайд болно, “энэ чадаж байхад би яагаад чаддаггүй юм” гэж итгэсэн ардчилсан хүчний зарим нэг нөхдүүд ч түүнд нь хөнгөхөөн ашиглагдаж, нэмэр хандиваа өргөсөн хэрэг.
Гэвч энэ бүхнийг орхиод өнөөдөр л заавал завсарлагыг журамлах ёстой болсныг нотлох өөр олон үйл явдал парламент дээр ч, орон нутгийн түвшинд ч үргэлжилсээр байна. Түүний нэг нь НИТХ дээр болж буй үйл явц.
Өнгөрөгч зургадугаар сард болсон НИТХ-ын сонгуулиар нийслэлд Ардчилсан нам олонхи болж, МАН15 суудалтай үлдсэн билээ. 45-аас 15-тай. Гэвч НИТХ- дахь МАН-ын бүлэг “зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын ажлыг зогсоох” тухай хотын захирагчийн захирамжийг эсэргүүцэн 14 хоногийн хугацаатай завсарлага аваад байгаа. Анх Саппорогийн зам дээр кран унаж, 12 настай охины аминд хүрсний дараа хотын захирагч дээрх захирамжийг гаргасан ч НИТХ-ын хурал завсарласнаас хойш долоо хоногийн дотор дахиад арав гаруй хүн бэртэж, амиа алдчихаад байна. Хотын захирагч иргэдийн аминд хүрч байгаа барилгын компаниудыг журамлахаар нийслэлийн харьяа төрийн байгууллагуудтай “байлдаж” байхад НИТХ-ын МАН-ын гишүүд “Эхлээд мөрийн хөтөлбөрөө танилцуулчих аа” хэмээн гэдийж суугаа. Сураг сонсохнээ нөхдүүд гаднаа л “зарчмын” шинжтэй шаардлага яриад байгаа болохоос биш дотроо бол “Нураах гэж байгаа барилгууд чинь дандаа МАН-ын хүмүүсийнх байна аа, намаар нь ялгалаа” хэмээн барьцаж байгаа юм гэсэн. Өмнө нь төрийн алба нэг намынх боллоо гэдэг байсан бол өнөөдөр барилга байшин хүртэл намын харьяалалтай болсон юм байна.
