Ц.Энхжаргал: Би гомдолтой байгаа

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал: Би гомдолтой байгаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Энхжаргал өнөөдөр хэвлэл, мэдээллийнхэнд хандлаа. Тэрбээр есдүгээр сарын 27-29-нд Канад улсад болох эмэгтэйчүүдийн ДАШТ-д өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байсан ч түүний жинд /48 кг/ ОУХМ Б.Даваасүрэнг явуулах шийдвэрийг Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт гаргасан аж. Энэ шийдвэрт тэрбээр сэтгэл дундуур байна гээд Дэлхийн аваргын өмнө сорил явуулалгүй, өөрийг нь хассанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Гавьяат тамирчин Ц.Энхжаргалаас дараах асуултад хариулт авлаа.

-Та холбоондоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн үү. Яагаад сорил явуулаагүй юм бэ?

-Хандсан. Удирдах зөвлөлийн зарим нэг хүмүүстэй уулзсан. Үнэнийг хэлэхэд, би энэ жилийн дэлхийн аваргад өөрийнхөө бүх нөөц бололцоог зориулж бэлдсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Чөлөөт бөхийн холбоо 48 кг-ын жинд өөр тамирчин явуулахаар болсныг бидэнд зарласан. Олон нийтэд ч мэдээлсэн байна лээ. Холбооны зүгээс залуу тамирчдыг дэмжих гэдэг утгаараа намайг хассан юм байна гэж би ойлгож байгаа. Мэдээж хэрэг ямар ч спортод шинэ залуу үе гарч ирдэг. Өмнөх тамирчид нь тэдэнд халаагаа өгдөг ёс бий. Би үүнийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ тохиолдолд бол би асуудлыг арай л шударга бусаар шийдчихэв үү гэж бодсон. Яагаад сорил явуулж болоогүйг, яагаад анхнаас нь нэг жинд хоёр тамирчнаас сонгож авч явах байсан мөртлөө шалгаруулалтын нарийн журам бариагүйг би асуумаар байгаа юм.

-Та явна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Итгэлтэй байсан. Ойрын хугацаанд би гадагшаа олон тэмцээнд яваагүй ч энэ жилийн хувьд монголдоо оролцсон тэмцээн бүртээ өрсөлдөгчөөсөө илүү байсан. Үнэнийг хэлэхэд, энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг би өөрийнхөө сүүлийн боломж гэж харж байсан. Заавал медаль авна гэж зорилго тавиад бэлтгэлээ хийсэн. Надад амралтын өдөр гэж байгаагүй. Ер нь бол тамирчдын тухайн жилд оролцох тэмцээнийх нь сонгон шалгаруулалтыг хийхдээ дэлхийн аваргад өрсөлдүүлэх шалгуурыг нь тодорхой зааж, сорил явуулахдаа хуваарь, төлөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй байх. Тэр шалгаруулалтын дагуу сорил, сонгон шалгаруулалт, жилийн турш гаргасан амжилтаараа хэн илүү байна тэр тамирчин нь болзлынхоо дагуу том тэмцээндээ өрсөлддөг байх энэ зарчмыг өнөөдөр мөрдөх хэрэгтэй л байх.  Аль ч спортод гадагшаа тэмцээнд явахын өмнөх сорил, сонгон шалгаруулалт хийдэг. Гэтэл Чи дэлхийн аваргад оролцоно шүү гээд бэлтгэж байснаа 10-хан хоногийн  өмнө “Чи явахгүй ээ” гээд үлдээх нь тамирчин хүний бэлтгэл, сэтгэлзүйд ямар их дарамт үзүүлдгийг спортынхон бүгд мэднэ.

Тиймээс би гол нь үнэн зөвөөр шалгаруулалтаа хийгээч ээ, тамирчдыг битгий хохироогооч ээ, тамирчдаар битгий тоглооч ээ гэдэг зүйлсийг л хэлэхийг хүсч байна. Өнөөдөр над шиг ийм асуудалтай тулгарч байгаа тамирчин маш олон байгаа. Гол нь ийм асуудал аль ч спортод, ямар ч тамирчинд битгий тулгараасай, спортод шударга өрсөлдөөн байгаасай гэсэн дээ би өнөөдөр зориг гаргаж, нийт тамирчдынхаа өмнөөс дугаръя гэж бодсон юм. Тамирчид олон зүйлээс шалтгаалаад энэ бүхнийг нээж гаргадаггүй, хэлж ярьдаггүй болохоос биш бүх шигшээ багт, олон тамирчдад ийм бэрхшээл адилхан тохиолдож байдаг. Хүнийг ид үе нь өнгөрсөн гээд түлхэж болохгүй байлгүй дээ. Эцсээ хүртэл үзнэ ээ л гэж бид боддог.

Би спортынхоо буянаар өнөөдөр өдий зэрэгтэй амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрнө. Тамирчин болсныхоо үүрэг зорилгыг тодорхой хэмжээнд биелүүлсэн гэж боддог. 2005 онд би эмэгтэй чөлөөт бөхийн анхны медалийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байсан. Улсын аваргад би энэ жил 11 дэхээ түрүүлсэн. Хүний насыг тоолж болно. Гэхдээ л энэ тэмцээнийг би удаан хүлээсэн болохоор сэтгэлзүйн хувьд маш хүнд хүлээж авсан. Тийм ч болохоор бусад холбоодууд, спортын удирдлагууд нэгийг бодоосой гэсэндээ өнөөдөр энэ мэдээллийг хийж байгаа юм. Надад хэн нэгэн рүү чиглэж, бусдыг буруушаах бодол байхгүй ээ гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоно биз ээ.

Д.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж