Лин ”Рокэтс”-т анхны бэлтгэлээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Лин ”Рокэтс”-т анхны бэлтгэлээ хийлээ

NBA-гийн өнгөрсөн улиралд гайхалтай нэг сарыг Нью Йорк Никст тоглож, дэлхийн шинэ оддын нэг болсон Жэрэми Лин өчигдөр шинэ баг Рокэтстоо бэлтгэл хийжээ. Линсанити дуусах болоогүйг итгэсэн мэт хэвлэл мэдээллийхэн Тоёота Центрт олноороо цугласан байсан ба энэ зуныг завгүй аялж өнгөрөөсөн Лин шинэ улиралд бэлэн гэнэ.

"Би энэ багийн нүүр царай нь хараахан болоогүй байх, бид маш залуу баг, бүгдээрээ л хичээх болно, зорьсон зорилгодоо хүрэхийг тулд нэг тоглогч биднийг үүрэхгүй, бүгдээрээ л багаа үүрэх хэрэгтэй" гэж Жэрэми хэвлэлийнхэнд хэлжээ. Өнгөрсөн оны 12-р сард Хьюстон Рокэтс "чимээгүй байсан" Линийг багаасаа хасч, улмаар Нью Йорк Никс түүнд боломжийг олгосон юм. Никст хэр удаан байхаа мэдэхгүй байсан Лин 2-р сарын 4-нд Нэтсийн эсрэг цоорсон тоглолтынхоо өмнө багийн хамгаалагч Лэндри Фийлдсийнд хоног төөрүүлж байсныг бид сайн мэднэ.

Рокэтст энэ жил ирэхдээ ч Линий түүх өөрчлөгдсөнгүй, шинэ тавилга иртэл багийн анд Чандлэр Парсонсын буйдан дээр унтаж байя гэж хүссэн текст мессежийг Парсонс твиттэр дээрээ саяхан тавьсан билээ. Гурван жилийн $25 сая ам.долларын гэрээг үзэглэсэн Линийг анх Нью Йорк Никс ямар ч үнээр байсан хамаагүй багтаа үлдээнэ гэж байсан боловч цалингийн цэсийн асуудлаас болж Рокэтсийн тавьсан саналтай тэнцэхээс татгалзсан юм.

Жэрэми Линий эмээ нь Хятад, эцэг эх нь Тайван бөгөөд Рокэтсийн Ази дахь зах зээлд Яао Мингээр дамжуулж эзэлсэн байр суурийг үргэлжлүүлэхэд хэрэгтэй гэж үзсэн нь ойлгомжтой. Төлөвлөгөөний дагуу Лин энэ зун Бээжин хотод очиж 4 хоногийн сагсан бөмбөгийн зуслан ажлуулж, мөн Тайванд анх удаа зочилсон юм.

"Сагсан бөмбөг тоглож ажил амьдралаа залгуулна гэдэг миний хувьд итгэмээргүй санагддаг, NBA, Хьюстон Рокэтс гэлгүй зүгээр сагс тоглож ажил хийж байгаа шүү дээ гэж би өөртөө өдөр бүр л хэлдэг" гэж 24 настай залуу хэлжээ.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж